"Төрийн архивын удирдах ажилтан, улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн" болж байна

С.Гандэлгэр
2024/04/25

Монгол Улсын архивын салбарын ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлыг хэлэлцэн дүгнэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцдаг удирдах ажилтан, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр (2024.04.25) эхэллээ.

Зөвлөгөөнд аймаг, нийслэл, тусгай, төрөлжсөн төрийн 37 архивын удирдлага, улсын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, архив, албан хэрэг хөтлөлтийн зөрчил шалган шийдвэрлэдэг хяналтын улсын байцаагч нар хамрагдаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо зөвлөгөөнд оролцож, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан архивын салбарт хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд батлагдсанаас хойш 24 журам, зааврыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлуулж, мөрдүүлж байгаа бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр архивын салбарын эрх зүйн шинэчлэлтийн үр дүн, шинээр батлагдсан журмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

Мөн сүүлийн 4 жилд архивын салбарт хэрэгжүүлсэн ажил, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлох юм.

“Цахим үндэстэн” зорилтын хүрээнд албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем E-DOCUMENT.GOV.MN”, Архивын платформ “E-ARCHIVES.GOV.MN” системүүдийг нэвтрүүлж буй бөгөөд ингэснээр иргэд E-MONGOLIA системээс архивын 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг online-аар авах боломж бүрджээ. Үндэсний төв архив болон 21 аймгийн төрийн архив хооронд архивын лавлагаа, үйлчилгээг тоон гарын үсгээр баталгаажуулан солилцож байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.87
    2024/04/25

    2021 онд батлагдсан архивын үйлчилгээний хөлсөө шинэчлэн өөрчлөхгүй бол архив албан хэрэг хөтлөлтийг шинэ шатанд гаргаж цахимжуулах ажил маш удаашралтай явагдаж байгааг мэдэж байгаа болов уу, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, ажиллах нөхцөл, цалин,урамшууллын асуудлаа хэзээ сайжруулах вэ

    Хариулах