ПРОГНОЗ: МАН-ын "ТОЛГОЙ БАЯЧУУД"-ын эсрэг "ТЕСО" О.Цогтгэрэл "СӨРӨХ" II тойрог

С.Гандэлгэр
Өчигдөр 09 цаг 21 минут

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ.

                    УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН II ТОЙРОГ БУЮУ "БАРУУН БҮС"

II тойрогт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн аргаас эхлээд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний сайд, БОАЖ-ын сайд асан гэхчилэн төрийн өндөр албан тушаалтнууд болон албан тушаал хашиж байсан улс төрчид горилж байгаа. Товчхондоо, МАН-ын томчууд II тойрогт хүч сорино. 

Увс, Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн дөрвөн аймгаас бүрдсэн II тойргийн сонгууль хүч тэнцвэргүй болох магадлалтай. Учир нь улс төр талаасаа ч, хөрөнгө мөнгө талаасаа ч МАН-ын томчууд АН-ыхныгаа хол хаяж мэднэ. Ерөнхийдөө АН талаас нэр дэвшиж байгаа улс төрчид жулдаж байгаа хэрэг. 

Дөрвөн аймаг нийлсэн учраас хүн ам нягтарсан суурингуудаас хэн олон санал цуглуулсан нь цойлохоор байгаа юм.  Тэр ч утгаараа мөнгө тараалт явах магадлал өндөртэй. Чуулган дээр С.Одонтуяа гишүүний хэлж болгоомжлуулаад байсан бүс бол энэ тойрог. 

2012 онд л гэхэд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нэр дэвших үеэр нэр бүхий 13 хүн СЕХ-нд мөнгө тараасан хэмээн гомдол гаргаж, тэр нь нотлогдож байсан юм. Тухайн үед иргэдэд тараасан 100 мянган төгрөгийг нь арав дахин нэмэгдүүлэн олгох шийдвэр гарч байв. 

                                                                                  ГОВЬ-АЛТАЙ

Д.Амарбаясгалан 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Говь-Алтайчууд МАН-д итгэл хүлээлгэж Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг сонгосон. Харин Ш.Раднаасэд "Нүүрсний хэрэг"-т, Б.Энх-Амгалан "Хөгжлийн банкны хэрэг"-т холбогдсон учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээргүй болсон. 

Говь-Алтай аймгийн АН УИХ-д ялагдсан ч орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Тэр утгаараа О.Амгаланбаатар тэргүүтэй Говь-Алтай аймгийн АН хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. 

Тэгвэл МАН-ын ЕНБД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн квотоор баруун бүсэд нэр дэвшинэ. Энэ цаг үед МАН-ын голлох улстөрч учраас дэвших шийдвэр гаргасан л бол түүнд юу ч саад үгүй биз. Саяхан түүний босгосон гурил, тэжээлийн гаалийн татварын тэглэх асуудал ч баруун бүс рүү чиглэсэн улс төр байсан. Түүний хийсэн улс төр "бай"-гаа маш сайн онож баруун бүс дэх рейтингээ өсгөөд авсан. 

Ийнхүү МАН-ын гал тогоог удаан хугацаанд сэлгээгүй барьсан Д.Амарбаясгалан хөшигний араас ил гарч УИХ-ын сонгуульд хүч сорино.  

О.Амгаланбаатар

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын сонгуульд ялагдсан ч орон нутагт ялалт байгуулж, Засаг даргын сэнтийд заларсан. Түүний өмнө ч 2014 онд Засаг даргаар ажиллаж байв. Энэ удаагийн сонгуульд тэр даагаа нэхнэ. 

Ерөнхийдөө Говь-Алтайгаас Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар нар хамгийн олон санал авах магадлал тун өндөр. Учир нь аль ч талд нь хүчтэй нэр дэвшигч одоогоор алга. Гэвчиг тойрог томссон нь аймгийн Засаг дарга нарын боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл, бусад аймгаас чирч ирэх санал чухал болсон гэдгийг санах хэрэгтэй. 

                                                                                         ХОВД

С.Бямбацогт  

2008 оноос хойш УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж буй С.Бямбацогт энэ удаагийн сонгуульд ч дахин шандас сорих нь ээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, МАН-ын бүлгийн дарга, Хууль зүйн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг завсаргүй хашсан нэгэн. 

Сүүлд томилогдсон зам тээврийн сайдынхаа ажлыг ирэх сонгуульд зориулан баруун бүс рүү чиглүүлсэн нь улс төрийн дэмжлэг авах шалтгаан нь болох юм. Тодруулбал баруун бүсийн чиглэлд нислэгийн тоог нэмж, тийзний үнийг хоёр дахин хямдруулсан. Мөн бүсийнхээ зарим сумдыг хатуу хучилттай замаар холбох гэх мэтээр "пи-ар"-аа сайн хийсэн гэж хэлж болно. 

Түүнийг улс төрийн хүрээнд "тендерчин, концессчин" гэдгээр нь мэднэ. Хөгжлийн банкнаас зээл аваад баруун бүсийн цементийн зах зээлийг "баздаг" цементийн үйлдвэртэй болсон нь нэг жишээ.  Мөн төрөөс хөрөнгө оруулж байгаа "томоохон төсөл хөтөлбөр концессын гэрээгээр улсын төсвөөс 280 гаруй тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан" гэх асуудлаар ч нэр бүхий иргэн С.Бямбацогтыг шалгуулахаар АТГ-т өгч байсан юм.  

З.Мэндсайхан

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан баруун бүсэд нэр дэвшихээр горилж байна. Тэрбээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул. Сайд байхдаа ч Ховдод нэр дэвших сонирхлоо илэрхийлэн ихээхэн гүйдэлтэй байсан гэгддэг. Сайдын ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдож, энэ чиглэлээ ашиглан тойрогтоо ажилласаар яваа.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун бүсэд зүтгүүлж буй нэр дэвшигч бол З.Мэндсайхан юм. 

Тойргоо эртнээс тордож эхэлсэн З.Мэндсайхан өнгөрөгч өвлийн зуднаар "Өвлийг МЭНД САЙХАН давцгаая" гэх өөрийн нэртэй аяныг өрнүүлж, нутгийнхаа малчдыг тойглосоор явна. 

Э.Болормаа

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа. Түүнийг Ерөнхий сайд УИХ-д зүтгүүлж байгаа. Засаг даргаар ажиллахаасаа өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан юм. Түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараг хүчээр шахуу хэл ам дундуур туучиж байж Ховд аймгийн Засаг дарга болгосон билээ. 

Түүнийг эмэгтэй квотоор жагсаалтад бичигдэж магадгүй гэх яриа байгаа ч улс төр хэрхэхийг мэдэхгүй учраас баруун бүсэд ажиллуулсаар байгаа юм. 

АН-ын Б.Пүрэвдорж 

Ховд нутаг Ардчилсан намд элэгтэй. Тэр ч утгаараа 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-д хоёр суудал өгсөн. Тэр утгаараа Ховдын хоёр гишүүн МАН-тай хүчтэй өрсөлдөх биз. Б.Пүрэвдоржын хувьд УИХ-д хоёр сонгогдсон. Энэ удаагийн сонгууль Б.Пүрэвдоржид маш чухал. Ирэх сонгуулийн дүн хэрхэхээс хамаараад түүний улс төрийн зам дээшлэх эсэх нь шийдэгдэнэ. Ямартай ч II тойрогтоо хүчтэй өрсөлдөгч. 

Ш.Адьшаа

Ш.Адьшаа бол парламентын хамгийн хөдөлгөөнтэй гишүүн. Ховд нутгаа ч олон удаа тойрч, тойргоо сайн усалсан. С.Бямбацогттой хэрэндээ толхилцож, яггүй улс төрч гэдгээ батлаад авсан. Ховддоо рейтинг өндөртэй байсан ч харин томсгосон тойрогт хэрхэн өрсөлдөх нь анхаарал татаж буй.  

Д.Батцогт

Д.Батцогт 2008-2012 онд бие дааж нэр дэвшин УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Мөн тэрбээр С.Бямбацогттой нэг айлын хүргэн буюу базууд. Нэг удаа УИХ-д сонгогдож байсан ч хоёр ч дараалаад ялагдсан Д.Батцогт ирэх сонгуулиар ч хүчтэй өрсөлдөгч байж чадах эсэх нь эргэлзээтэй.

Түүнчлэн түүний хоёр охин Боловсролын зээлийн сангаас тус бүр 68 мянган ам.долларын зээл авсан хэл ам одоо дарагдаагүй. 

                                                                                              УВС

Ч.Хүрэлбаатар 

Ч.Хүрэлбаатар 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Одоогийн парламентад байгаа дөрвөн удаа сонгогдсон цөөхөн гишүүдийн нэг. Тэртээх 2007 онд Санхүү, Эдийн засгийн яамны ТНБД-аар томилогдсоноос эхлээд төрийн өндөр албан тушаалуудыг завсаргүй хашиж байгаа нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуулиар 22.562 хүний саналаар УИХ-д сонгогдсон түүний хувьд ялж сурсан тойрогтоо нэр дэвших нь ойлгомжтой биз.

Харин "Хөрөнгө оруулалтын тухай хууль" газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах гэх заалттай холбоотой улс төрийн акцад өртөж, цөөнгүй эсэргүүцэгчтэй болсон. Энэ нь сонгуулийн саналд нь нөлөөлөх магадлалтай. Түүнээс гадна "Ч.Хүрэлбаатар бол Хятад хүн" гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "шидсэн чулуу" түүний толгойг нэлээд хүчтэй оносон. Хариу тайлбар, баримт мэдээллээ гаргаж тавьснаар тэгсхийгээд мартагдсан.

Б.Чойжилсүрэн 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мөн л хэд хэдэн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан нэгэн. Улс төрөөс үүрд явна, дахин нэр дэвшихгүй хэмээн Эрчим хүчний сайдаар томилогдсон гэх яриа ч явдаг. Улс төр талаасаа Ч.Хүрэлбаатартай нэг нутаг атлаа хоршдоггүй тул Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байв. Үүнийг үйл явцууд ч баталж, Б.Заяабал нарын горилогчид нэр дэвшихээр тойргоо усалж эхэлсэн. Гэсэн хэдий ч Б.Чойжилсүрэн ирэх сонгуулиар Увс аймагтаа дэвшинэ гэдгээ илэрхийлсэн байна.

Увс аймгийн МАН-д нэг анхаарах зүйл бий. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын дундах ан цав. 2016 оноос эхлэлтэй тэдний хагарал 2020 оны УИХ-ын сонгуулиар ил цагаандаа гарч, завсаргүй улаан байсан Увс аймагт О.Цогтгэрэлийг оруулж ирж байв. Ерөнхийдөө Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо хагаралдсан нь АН-д боломж гаргасан гэсэн үг. 

Н.Цэрэнбат

Увс аймгийн гурав дахь квотоор II тойрогт дэвших улс төрчөөр Н.Цэрэнбат нэрлэгдэж байна. 2016 оны сонгуулиар гишүүнээр сонгогдож 2020 онд өвдөг шороодсон. Сонгуульд ялагдсан ч Н.Цэрэнбат хоосон хоцроогүй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар ажиллаж байсан тэрбээр оны өмнө сонгуульдаа бэлдэж, ажлаа өгсөн билээ. Энэ удаагийн сонгууль бол Н.Цэрэнбатын даагаа нэхэх боломж юм. 

АН О.Цогтгэрэл 

Хэзээнээсээ л МАН ялдаг Увс аймгийг ганц "цэнхэртүүлсэн" гишүүн бол О.Цогтгэрэл. 2020 оны УИХ-ын сонгуулиар тойрогтоо хамгийн өндөр санал авч нэгээр гарсан. Тиймдээ ч ирэх сонгуулиар дахин хүч сорих нь тодорхой. Ерөнхийдөө Ардчилсан намын УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо нэр дэвшиж, ялалтад хөтлөх даалгавартай байгаа. Түүнийгээ ч биелүүлэхээр ТЕСО О.Цогтгэрэл II тойргоо ахлан сонгуульдана. 

Баруун бүсийг ерөнхийд нь харвал МАН талаас намынхаа хамгийн мөнгөтэй, сонгуулийн зардлаа гаргах бүрэн чадамжтай улс төрчид байгаа. Харин АН-аас тэдэнтэй дүйх ганц хүн нь О.Цогтгэрэл байна. Тиймдээ ч О.Цогтгэрэл баруун бүсээ ялалтад хөтлөхийн тулд зардлаа өсгөх биз. 

О.Цогтгэрэлийг дагаад гурван хүний нэр яригдаж байна. НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Одонтунгалаг, Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нараас хоёр нь дэвших юм. 

                                                                                          ЗАВХАН

Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан

Завхан аймгаас сонгогдсон МАН-ын хоёр гишүүний хувьд өөрчлөлт байхгүй, тойрогтоо дэвшинэ. Гэхдээ Б.Баярсайхан эмэгтэй квот руу орж ирэх магадлалтай. Тэгвэл түүний оронд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр орж ирнэ гэх таамаг байна. Элдэв хэрэг төвөгт орооцолдоогүй, дөрвөн жил тойргоо усалсан учраас дээрх хоёр гишүүнд МАН итгэл хүлээлгэж 2024 оны УИХ-ын сонгуульд сойх нь тодорхой. 

З.Нарантуяа, Д.Батсайхан, Я.Санжмятав

2020 оны УИХ-ын сонгуулиар Завханы АН бүрэн ялагдсан. Орон нутагтаа ч ялагдсан. Энэ удаагийн сонгуулиар 1000 хүрэхгүй хүний саналаар ялагдсан З.Нарантуяа дахин хүч сорих нь ээ. 

Харин түүний ард бичигдсэн Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан мөн л дахин дахин нэр дэвших таамаг байна. 

2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Я.Санжмятавын сонгуулийн менежерээр, З.Нарантуяа нарын менежерээр ажиллаж байсан нэгэн юм. 

Мөн АН-ын хуучин бурхиудын нэг Я.Санжмятав дэвшиж магадгүй гэх яриа улс төрийн хүрээнд гараад байна. Тус тойрог дахь "шигтгээ" тул З.Нарантуяа дэвшиж, Д.Батсайхан, Я.Санжмятав нарын аль тохироогоо сайн хийсэн нь нэр дэвших мандатаа авах биз. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.145
    2024/04/26

    Бантан гэгч болох нь дээ.Энэ 2 намаас өөр хүчнээс гаргамаар байна.Их хуралд салхи оруулахгүй бол заазны хөгшин ухна шиг ямар ч ашиг шимгүй хэрнээ том эврээрээ сэжээд хорооны хоймор эзлээд болохгүй байна шүү.

    Хариулах
  • 122.201.31.30
    9 цагийн өмнө

    Монгол улсын иргэн Чойжилсүрэн Хүрэлбаатар хоёрыг баруун бүсийхэн энэ удаа өнжөө АН н гаруудаа гаргачих хэрэгтэй Цэрэнпунцаг Баярсайхан хоёрыг бас дагздаад явуулчихаа орон нутгийхаа кадруудыг гаргаарай наад Баярсайхан чинь эрээн хувцас өмсчихөөд хүн загнаад явдаг энэ авгай бид хоёрын улс төрч гэдэг бол үхсэн нохойн оцгор шүү Завханыхаан ухаалаг байгаарай битгий тэнэгтээд хулгайч сонгочихоорой түрүүчийхээ хулгайч нарыг яа гэжаахад дахиулав

    Хариулах
  • 202.126.92.170
    10 цагийн өмнө

    Hurelbaatar, Choijilsuren, Byambatsogt nar odoo bolix xeregtei dee

    Хариулах
  • 202.170.66.3
    23 цагийн өмнө

    boli boli

    Хариулах
  • 202.9.46.254
    Өчигдөр

    Амгаланбаатар Батсайхан Санжмятав гээд Говьалтай Завхан аймгийн хөгжлийг боомилогчид бүгд засаг дарга байсан аймгаа хөгжүүлж чадаагүй

    Хариулах
  • 103.161.242.189
    Өчигдөр

    Тэсо боль

    Хариулах