НОМЫН БАЯР: Жоохон хүүхэд шиг хөөрөөд номоо тэврээд л явж байна


Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар нээлтээ хийсэн юм.

Есдүгээр сарын 19-нийг дуустал Төв талбайд болох  номын баярт зохиолч, яруу найрагчид, хэвлэн нийтлэгчид, уншигчид нэгэн дор цугладаг билээ.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Номын баярт оролцож явсан иргэдийн сэтгэгдлийг хүргье

Т.Түмэнцэцэг: Жил болгон Үндэсний номын баярын өдрийг хүлээдэг. Хоёр жил хүлээж байгаад хямдралтай номоо авлаа, сэтгэгдэл маш өндөр байна. Жоохон хүүхэд шиг хөөрөөд л номоо тэврээд явж байна. Хоёр жилийн хугацаанд онлайнаар хичээллэсэн болохоор цаг заваараа ном унших илүү сонирхолтой болсон. Тиймээс номын баярыг тэсэн ядан хүлээдэг болсон. 

О.Дөлгөөн: Цар тахлын үед миний хувьд номын баяр зохиогдож байгаа нь маш гоё байна. Номын баяраар хичээлийн ном болон өөр бусад олон ном авах боломжтой байдаг. Өөр олон ном ч сонирхох боломжтой байгаадаа баяртай байна. Маш их оочирлож байж номоо авсан болохоор их нандигнаж унших байх. Ном уншаад авч байгаа мэдрэмж үнэхээр гоё байдаг. 

Номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч оролцдог.

Есдүгээр сарын 17-19-ны өдрүүдэд үргэлжлэх уг номын баярт иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан оролцохыг уриалж байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна