2024 он бол монголчуудын хувьд онцгой бөгөөд хариуцлага дагуулсан түүхэн жил байх болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Ингэхдээ 48 гишүүн жагсаалтаас сонгогдож, тойргоос сонгогдох 78 гишүүнийг 13 томсгосон тойрогт хуваан бүс бүсээр нь сонгох юм.
МАН хоёр сонгууль дараалан ялалт байгуулж, найман жилийн хугацаанд эрх барилаа. Энэ хугацаандаа хоёр удаа Үндсэн хуульд гар хүрсэн байна. 2019 онд дутуудуулсан тогтолцооны өөрчлөлтийг Л.Оюур-Эрдэнийн үед бага, багаар ахиулсаар өнгөрсөн онд гүйцээсэн н Монгол Улсын улс төр, эдийн засаг, засаглал гээд бүх салбарт өөрчлөлт болох нь тодорхой боллоо.
Нэгэн цаг МАН ч, Л.Оюун-Эрдэнэ ч чадахгүй гэцгээж байсан тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлийг намынхаа томчуудаас зөрөн байж хийсэн нь түүний улс төрд үлдээсэн том өв боллоо.
“Ардчилсан нам пропорциональ тогтолцоог дэмждэг, МАН жижиг мажоритариар сонгуульдах сонирхолтой байдаг” гэх тогтсон ойлголтыг тэрбээр тас цохилоо. Бид өмнө нь пропорциональ тогтолцоогоор нэг удаа сонгуульдсан. МАН, АН хамтарч засаг барьж байхдаа үүнийг хийсэн. УИХ-ын түвшинд ч хамтраад Үндсэн хуулиар баталгаажуулж болох байсан ч хийгээгүй. Энэ нь нэг талаар манай улс тэр үед, тэр үед гэлтгүй сая Үндсэн хуульд өөрчлөлт орох хүртэл засаглалын хэлбэрээ бүрэн сонгоогүй, өөрөөр хэлбэл, Парламент, олон намын тогтолцоог ирээдүй гэж бат нот итгэдэггүй байсныг харуулна. Хоёр хөршийн нөлөө ч байсныг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл, ямар ч улс нөлөөний бүсийнхээ улсуудын засаглалын хэлбэрийг өөрийнхтэйгөө ижил болгохыг боддог. Ялгарлыг нь бүдэгрүүлэхээс гадна харилцахад амар байхыг нь бодолцдог ч гэдэг.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ нам дотроо эсэргүүцэлтэй тулан байж /2022 онд Т.Доржханд гишүүн Давхар дээлийг сэргээх, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн пропорциональ хэлбэрийг оруулж ирэх агуулгатай хоёр өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахад эхнийхийг нь аваад сүүлийнхийг нь үлдээсэн бодит кэйс байгаа учир ингэж хэлж байгаа юм/ пропорциональ тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулснаараа ардчиллын талд тууштай зогсдог гэдгээ харуулсан. Энэ нь “Засаглалын хэлбэрийн хувьд ч, тогтолцооны хувьд ч ялгарлаа хадгална” гэсэн том дохиог хоёр хөршид өгсөн байх учиртай.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэн ч хийж чадаагүй аль ч эрх баригч зориглоогүй нь түүнийг өнгөрсөн хугацаанд тодорсон том гэгдэх удирдагчдаас ялгаж буй.
Л.Оюун-Эрдэнэ даргатай эрх баригчдын сайн нь ч, муу нь ч олон бий. Гэхдээ муу нь иргэдээс цацдаг, тухайн хүнийхээ боловсролын ялгаанаас их, бага эсэх нь шалтгаалдаг “угаадас” бол сайн нь цаашид хэн ч төрийг удирдсан ажилласаар байх, тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд юм. Ялангуяа төрийн ил тод байдлыг хангах, албан тушаалтнуудыг “хазаарлах” чиглэлээр хийсэн ажлуудад нь монголчууд одоо эс гэхэд хожим талархах нь гарцаагүй.
Гэхдээ эднээс онцлох нь яах аргагүй сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулсан нь юм.
Үндсэн хууль 2/3 хувийн босго гэсэн том дархлаатай. Пропорциональ хэлбэр орсон сонгуулийн тогтолцооны үед нэг нам үнэмлэхүй олонх болох боломж жижиг мажоритар тогтолцооны үеэс эрс багасдаг. Ингэснээр энэ тогтолцоогоороо олон жил тогтвортой явах боломж бүрдэж буй.
Тодруулбал 2023 оны ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмж, нэг гишүүнд төвлөрсөн эрх мэдлийг бууруулж, парламентын дархлааг бэхжүүллээ. Ингэснээр хууль тогтоох байгууллагын ажиллагаа илүү чамбайрч, 76 бус 126 гишүүн хуулийн төслийг эцэслэн батлах боломж бүрдэнэ гэсэн үг.
Мөн иргэдийн санал гээгддэг тогтолцоог халж, хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоог нэвтрүүлсэн нь маш том шинэчлэл байлаа. Орон нутгаас сонгогдсон гишүүд улсын төсөв, улс орны томоохон асуудлыг гацаах, оролцохгүй байх, тойргийнхоо жижиг бүтээн байгуулалтын асуудалд хэт их анхаардаг зэрэг асуудал хэвийн үзэгдэл болсон. Харин намын жагсаалтаар сонгогдсон гишүүд жалга довны бус улс орны томоохон бодлого шийдвэрт анхаарч, том тойргоос сонгогдсон гишүүд нь бүсийн хөгжил, бүсчилсэн бодлогод хүссэн ч, хүсээгүй ч анхаарахаас өөр аргагүй болсон нь сайн тал болж байна.
Жалганы улс төрөөс гаргах бүсчилсэн тойрог
Сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн ч тойргоо томсгоогүй бол жижиг тойргийн гишүүд нь том төслүүдээ гацааж, тойргийнхоо жижигхэн асуудалд улсын төсвийг тарамдсаар байвал үр дүн гарахгүй байлаа.
Харин эрх баригчид ирэх сонгуульд тойргийн 78 мандатын 54 мандатыг 21 аймаг долоон тойрогт хувааж, Улаанбаатар хотын 24 мандатыг зургаан тойрог байхаар тооцсон. 3-4 аймгийг нэг тойрог болох нь өөрөө бүсчилсэн хөгжлийн эхлэл болох юм.
Тойргийг томруулснаар улс орон бүсчлэн хөгжих боломж нээгдэж, улс төрийн намуудын төлөвшилд үлэмж тустай. Түүнчлэн тойрог усалдаг улс төр, боов боорцог тараадаг бус бодлогын улс төр зонхилдог болох сайн талтай.
Мэдээж энэ тоглоомын дүрэм МАН-д ашигтай. Ашиггүй байсан бол ийм өөрчлөлт хийхгүй байсан. Гэсэн хэдий ч цаашдаа холимог тогтолцоо, бүсчилсэн тойргоор сонгууль явагдах нь алсдаа улс оронд үлэмж хэрэгтэй том шинэчлэл болох юм.
Энэ нь ч зоригтой шинэчлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ болон түүгээр удирдуулсан эрх баригчдын өв болон үлдэх биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.42
Demjine
Хариулах66.181.189.166
залуу хүний зоримог удирдлага сайн байлаа
Хариулах