Үлэг гүрвэлийн чулуужсан өндөгний насыг маш нарийвчлалтай тогтоох шинэ арга нээлээ

Zuv.mn
1 цаг 56 минутын өмнө

Стелленбошын Их Сургуулийн Дэлхийн Шинжлэх Ухааны Тэнхимийн доктор Райан Такерын удирдсан геологич, палеонтологичдын хамтарсан олон улсын баг Үлэг гүрвэлийн чулуужсан өндөгний насыг маш нарийвчлалтай тогтоох шинэ аргачлалыг боловсруулжээ.  

Шинжлэх ухааны судалгаа нь сэтгүүлд нийтлэгдсэнээр баталгааждаг. Тэгвэл энэхүү маш чухал судалгааны үр дүнг “Communications Earth & Environment” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Чулуужсан олдворын насыг судлаачид баримжаагаар тогтоодог, алдааны хувь өндөр байдаг. Энэ нь дэлхий дээрх амьдралын хувьслыг ойлгох, үйл явдлын дарааллыг тогтоох зорилгыг хүндрүүлдэг байсан. Тэгвэл шинэ нээлт гарснаар энэ тал дээр маш том дэвшилт гарч байгааг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа аж.   

Доктор Р.Такерын удирдсан баг үлэг гүрвэлийн чулуужсан өндөгний насжилтыг тогтоохдоо хальсны кальцит дотор агуулагдах уран болон хар тугалганы  (U-Pb) ул мөрийг ашиглажээ. Эдгээр изотопууд нь байгалийн цаг шиг ажилладаг тул эрдэмтэд өндөгийг хэзээ булсныг нарийн  тодорхойлох боломжийг олгодог байна. Судалгаа, туршилтыг АНУ-ын Юта болон Монголын говиос олдсон чулуужсан өндөг дээр хийж баталгаажуулжээ. Эрдэмтдийн баг Монголын говийн чулуужсан өндөг, түүнийг агуулсан түүхэн газар нутгийн насыг 75 сая жил гэж тогтоосон байна.

"Өндөгний хальсны кальцит нь гайхалтай олон талын ач холбогдолтой. Учир нь, галт уулын давхарга байхгүй чулуужсан газруудын он сар өдрийг тогтоох шинэ аргыг олгож байгаа бөгөөд энэ нь хэдэн арван жилийн турш палеонтологийг хязгаарлаж байсан сорилт юм" хэмээн доктор Р.Такер өгүүлжээ.

Хойд Каролинагийн Байгалийн Шинжлэх Ухааны Музей, Хойд Каролинагийн Улсын Их Сургууль, Колорадогийн Уул уурхайн сургууль, Монголын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн Хүрээлэн, Холбооны де Оуро Претогийн Их Сургууль (Бразил)-ын хамтран ажиллагсад оролцсон. Монголд хийсэн хээрийн судалгааг Үлэг гүрвэлийн судалгааны Монголын холбоо (MADEx), Үндэсний Газарзүйн Нийгэмлэг болон Үндэсний Шинжлэх Ухааны Сан зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгээр энэхүү судалгааг амжилттай хийсэн байна.

Үлэг гүрвэлийн өндөгний хальс нь геологийн цаг хугацааны урсгалыг найдвартай бүртгэж чаддаг болохыг харуулснаар энэхүү судалгаа нь биологи болон Дэлхийн шинжлэх ухааныг шинэ аргаар холбож, судлаачдад дэлхий даяарх чулуужсан олдворын он сар өдрийг тогтоох маш том боломжийг олгож байгаа гэдгийг эх сурвалж онцолжээ.

"Чулуужсан олдворыг нарийн тогтоох нь палеонтологичдын мөрөөдөл. Энэхүү шинэ арга нээгдсэнээр бид үлэг гүрвэлийн хувьслын нууцыг тайлж чадна” гэж судалгааны хамтрагч,, Хойд Каролинагийн Улсын Их Сургуулийн дэд профессор, Хойд Каролинагийн Байгалийн Шинжлэх Ухааны Музейн палеонтологийн эрхлэгч Линдсей Занно хэлснийг эх сурвалжид онцолжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна