МАН-ын ИХ ХУРАЛ: Г.Занданшатар дарга болж, төр цэгцрэх сураг

Х.Батсайхан
3 цаг 34 минутын өмнө

МАН даргын суудлын төлөөх зодооноос үүдэж, төрд эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Бага хурлаас хойш ширүүссэн хоёр талын тэмцэл өнөөдөр ч үргэлжилж, Чуулганы хуралдаан үе, үе тасалдаж, төсвийн хэлэлцүүлэг халуухан өрнөж буй.

Энэ маргаан талцал ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд болох МАН-ын Их хурлаар нэг талдаа гарах ч Д.Амарбаясгалан ялбал Засаг хөдөлж, 2024 оны сонгуульд ялсан МАН бүрэн эрхийнхээ бараг талыг бужигнаж өнгөрөөх, улмаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүнд муутай очиж нэр дэвшигчээ ялагдуулах магадлал буй. 

Энэ эрсдлээс болгоомжилсондоо эрх баригчид Бага хурлаар өвдөг шороодсон Г.Занданшатарыг намын даргын сонгуулиас өнжөөж, “Ялсан тохиолдолд Ерөнхий сайд болохгүй” гэсэн амыг урьдчилж авсан хэн нэгнийг өрсөлдүүлэн ялуулах хувилбар хүртэл зурахад хүрсэн гэгдэж байгаа.

Тэгвэл сүүлд эх сурвалжаас авсан мэдээллээр, МАН-ын дотоод тэнцвэр ерөнхийдөө нэг талдаа гарч, Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хувилбар баталгаажжээ.

Хандлага өөрчлөгдөж, "Шинэ Ерөнхий сайдтай болж бужигнаснаас одоо ажиллаж байгаа Ерөнхий сайдаа дүрмийн зөрчилгүй болгож, бэхжүүлэх нь илүү" гэдэгтэй гишүүд санал нэгдэж байгаа  бололтой.

 Үүнд, дээр дурьдсанчлан 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцох эрх ашгаас гадна ҮХЦ-ийн шийдвэр нөлөөлсөн. Ингэхдээ, сонгуульд ялах эрх ашиг нь илүү давамгайлсан бөгөөд энэ нь талцал, бужигнал хоёр талын аль, алинд хортой тусаж байгаатай холбоотой. 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвших хүн маш хүчирхэг статустай байх ёстой. Монголчууд улс төрд тэнцвэрийг эрхэмлэдэг, нөгөө талаар ээлжлүүлэх дуртай. МАН-ын Ерөнхийлөгч зургаан жил болсон юм чинь одоо Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгосон дээр гээд бодчих магадлал асар өндөр. Тиймээс, аль фракц Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх вэ гэдэг өрсөлдөөний дараа “сонгогдсон нэгэн”-д эрх мэдэл төвлөрүүлж, статусыг нь хүчирхэг болгох ажиллагаа явах л байсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, Г.Занданшатар Ерөнхий сайд болсны нэг шалтгаан нь талуудын яриад байгаа шиг Парламентын засаглалыг бэхжүүлэх, “Нүүрсний хулгайчидтай тэмцэх”-ээс гадна 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн хүнээ өрсөлдүүлэх өрсөлдөөн байсан гэсэн үг.

Хэрвээ энэ тэмцэлд Ерөнхийлөгчийн тал дийлж гараад, Г.Занданшатарт эрх мэдэл төвлөрч, тэрбээр сайн ажиллаж чадвал хүссэн хүсээгүй нэр хүнд нь өсөж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өрсөлдөх гол нэр дэвшигч болох ч боломжтой юм.

Энэ бүхний хариу ес хоногийн дараа гарна. Г.Занданшатар дарга болбол МАН-ын дотоод тэмцэл ч аяндаа намжиж, ард түмнээс сонгогдсон, төсвөөс цалинждаг гэдгээ нэг хэсэг мартсан УИХ-ын гишүүд, төрийн алба хаагчид сэхээрэн, төрийн ажил ч цэгцрээд явчих юм.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.201
    12 минутын өмнө

    Зандан дарга болж чадахгүй ээ. Боллоо ч гэсэн хагарал улам гүнзгийрнэ. Тэрний оронд цоо шинэ хүн гаргаж ирэх хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.179.156
    10 минутын өмнө

    Их хурлын гишүүн биш хүн намын дарга байж огт болохгүй бас их хурлын гишүүн биш хүн засгийн газараа удирдаж бүр болохгүй

    Хариулах
    • 103.140.10.203
      55 минутын өмнө

      Занданшатар намын дарга болбол ман ирэх 2 удаагийн сонгуульд ёстой далаараа тавиулна арай хийж казиночин еөк өөс салж байхад дахиад нэг казиночин нэр дэвшвэл тэгээд бас их хурлын сонгуульд тойргоосоо гарч чадаагүй намын даргын сунгаанд унасан срөнхий сайд болохын төлөө үхэн хатан зүтгэж намаа 2хувааж шороотой хутгасан хүн яагаад ч бүтэхгүй ёстой алтаар бороо оруулбал яадаг юм гэхээс тэхээр шинэ хүн хэрэгтэй гэвч манд шанс тун бага байх болно