Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

С.Гандэлгэр
2 цаг 32 минутын өмнө

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо. Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах зардал, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй үлдээсэн нь нийгмийн бусад төлөөллөөс дорд үзсэн хандлага хэмээн бухимдаж байгаагаа жагсагчид илэрхийлсэн юм. Хэнийг ч ялгаварлах ёсгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэсэн байр суурийг баримтлахаа Улсын Их Хурлын гишүүд мэдэгдлээ.


Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг жижиг зүйл мэтээр ойлгож, бусад асуудлыг чухалчилж эрэмбэлэн төсөвлөдөг учраас өнөөдөр манай нийгэмд бүхэл бүтэн орхигдсон бүлэг үүсээд байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг дэмжиж, ажиллана гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, парламент хүнээ бодсон шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал маш хүнд байна. Тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн бусад асуудлыг ч хөндөж, төлөөллийн үүргээ гүйцэтгэх болно хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна