А.Амартүвшин: Боловсролын сайд салбарынхаа хөрөнгө оруулалтыг хамгаалмаар байна

Х.Есү
1 цаг 52 минутын өмнө

Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар дараах мэдээллийг өглөө. 

 Тэрбээр “Энэ жилийн улсын төсвийн төсөлд Улаанбаатар хотод хоёр сургууль барихаар тусгасан байна. Энэ бол шинээр баригдаж буй Ногоон нуур 1008 айлын орон сууцанд баригдах сургууль, цэцэрлэгийн ажил юм. Нийслэлд өөр сургуулийн бүтээн байгуулалт хийхээр төсвийн төсөлд тусгагдаагүй байна. Гэтэл ирэх оны төсөвт Архангай аймагт 13 сургууль, Хөвсгөл аймагт 18, Төв аймагт 9, Өвөрхангай аймагт 10 сургууль барихаар төсөв өргөн барьжээ.

Орон нутагт сургууль барихыг эсэргүүцээгүй ч 1.6 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хотод сургуулийн хүрэлцээ, багтаамж, анги дүүргэлт хэр байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Нийслэлд нэг анги дунджаар 50-60 хүүхэдтэй байна. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл бий болсон. Салбарын сайд үүнд анхаарлаа сайн хандуулахгүй байна гэж харж байна. Улаанбаатар хотод хоёрхон сургууль барихаар төсөв өргөн барина гэдэг тун хангалтгүй юм. Нийслэлд нэг ангийг 35 хүүхэдтэй байлгахын тулд 83 сургууль барих хэрэгтэй. Энэ жил бид 33 сургууль барих төлөвлөгөөтэй байсан. Үүнээс хоёр нь л энэ жилийн улсын төсөвт суужээ. 

Мөн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн их засварын асуудал энэ жилийн улсын төсөвт огт суугдаагүй. Улаанбаатар хотод 370 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүний 56 хувь нь 16 жилээс дээш насжилттай. Үүнд их засвар орох шаардлагатай байгаа юм. Мөн 178 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 52 хувьд нь их засвар орох зайлшгүй шаардлагатай болсон. Төсвийн төсөлд энэ бүхэн огт тусгагдаагүй байна. Энэ бүх ачааллыг нийслэл дангаар үүрэх үү. Сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг бас шинэчлэх шаардлагатай. Улсын төсвийн төсөлд сургууль, цэцэрлэгийн төхөөрөмжийн шинэчлэлд 26 тэрбум төгрөгийг тавьсан байна. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулахаар 137 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Ирэх жил нийслэлд 33 сургууль барих төлөвлөгөөтэй байсан. Эдгээрээс нийслэл 11 сургууль барихаар барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Улсын төсөвт хоёр барилга суугдсанаар дээрх 137 сургууль, цэцэрлэг дээр 13 сургууль ашиглалтад орохоор байна гэсэн үг.
Үүнд 26 тэрбум хүрэлцэхгүй. Нийслэлд тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийслэлд төсөвт тусгах эрх зүйн боломж байдаггүй. Ингэвэл нь чиг үүргийн давхцал үүсэж акт тавигддаг. Цэцэрлэгийн хэрэглэгдэхүүнд улсын хэмжээнд 850 сая төгрөг төсөвлөсөн байна. Салбарын сайдыг муулмааргүй байна. Гэхдээ сайд салбарынхаа хөрөнгө оруулалтыг хамгаалмаар байна. Хүн амын тал нь амьдарч байгаа, анги дүүргэлт 60-70 болчихсон Улаанбаатар хотынхоо асуудлыг нэгт тавьж ажиллах хэрэгтэй байна” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна