Өнөө бидний амьдарч буй XXI зууныг “Мэдээллийн эрин зуун”-д гэж нэрлэх нь бий. Мэдээлэл олж авах суваг, дамжуулах хурд нэмэгдсэнээр хүн төрөлхтний хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж байгаа нь гарцаагүй үнэн. Гэвч “Гэрэл байвал сүүдэр байдаг” гэдэг шиг сөрөг талууд бас гарч ирж байна. Тэрхүү сөрөг тал нь “Fake news” буюу “Хуурамч мэдээлэл”, түүнтэй холбогдон гарч буй хүчирхийлэл зэрэг таагүй үр дагаварууд юм. “Тойм” энэ удаа нийгмийн сүлжээнд хуурамч хаягаас тараагддаг хуурамч мэдээлэл, түүний үр дагавар, сэргийлэх аргын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Цуурхал, хуурамч мэдээлэл яагаад аюултай вэ
“Мэдээ”-нээс ч үнэмшилтэй: Мэдээллийн стандартын хамгийн гол шалгуур нь үнэн байх. Мэдээлэл үнэн бодитой, таамагласан байлаа ч баримт нотолгоо, гаргалгаатай байдаг. Гэвч сэтгүүлзүйн дүрэм журам, сэтгүүлчийн ёс зүй, хууль эрхзүйн орчин зэргээс болоод тодорхой хэсгийг нь л мэдээлдэг. Харин хүн үнэн хэрэгтээ юу болохыг бүгдийг нь мэдэхийг хүсдэг нь цуурхалыг албан ёсны мэдээллээс илүү баялаг, сонирхолтой болгодог байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны мэдээ үзсэн дахиад асуултууд үлдчихдэг. “Албан ёсны” мэдээнд ороогүй тэр хэсэг нь амнаас ам дамжин тарахдаа харин үнэн байх чанараа алддаг ажээ. Ам дамжиж үнэнээс гажсан цуурхалыг хэн нэгэн цахим орчинд бичсэнээр хуурамч мэдээлэл бий болдог. “Хуурамч мэдээлэл” бол цахим орчин дахь цуурхал юм. Гэхдээ дээр өгүүлсэнчлэн аяндаа, санамсаргүй байдлаар цахим ертөнцөд орж ирэх нь ховор бөгөөд бараг бүх хуурамч мэдээллийг тодорхой зорилготойгоор хөрөнгө, хүч зарцуулан хийж, зориудаар олон нийтийн сүлжээнд тараадаг.
“Мэдээ”-нээс ч хурдтай тархдаг: Орчин үед цуурхал үүсгэх, тараах явц нь масст зориудаар нөлөө үзүүлэх замаар тодорхой үр дагаврыг бий болгоход чиглэсэн нарийн төвөгтэй үйл ажиллагаа болжээ. Тухайлбал, санхүү эдийн засаг, цэрэг тагнуул, улс төрийн салбаруудад цуурхал ашиглан ашиг олох, өрсөлдөгч этгээддээ хохирол учруулах, нийгмийн тодорхой бүлэг хэсгийг өөртөө татах нэг хэрэгсэл болсон байна. “Лайк, шейрний гуйлгачин” гэгддэг тэр хүмүүс, бизнесмэн, улс төрчид хуурамч мэдээллийг бий болгодог үндсэн үйлдвэрлэгчид юм.
Харин тараагчдын тухайд, хувь хүн бүрт бусдад байхгүй зүйлийг өөрийн болгох хүсэл буюу шунал, хэнд ч байхгүй тэр зүйлээ бусадтай хуваалцаж өөрийгөө агуугаар мэдрэх гэсэн адын зан далд ухамсарт нь бий. Тэгвэл энэ адын хүслийг дарах нэг хэрэгсэл нь хуурамч мэдээлэл болдог байна. Ам дамжсан цуурхал олж сонссон хүн түүнийгээ нэр тал олох гэсэн хүндээ ярих юм уу, шууд цахим орчинд тараана. Түүнийг нь олж харсан нэгэн “бүгд олж мэдэхээс нь өмнө” уг мэдээллийг аль болох олон хүнд өөрийн “автор”-той тараахыг эрмэлздэг. Ингээд өөрийн эрхгүй хуурамч мэдээлэл үйлдвэрлэгчдийн хамсаатан болдог. Аман цуурхал геометр прогрессоор тархдагийг хэмжсэн сонирхолтой судалгаанууд байдаг бөгөөд математикт бодлогын сайхан жишээ болдог..
Гарах үр дагавар нь аюултай: Ер нь аливаа мэдээлэл нөхцөл байдлыг өөрчилж, хэн нэгэнд давуу болон сул талуудыг үүсгэж байдаг. Аймшигтай үр дагавар авчрах нь ч бий.
Хуурамч мэдээллийн аюулыг нэмсэн “Face mapping” технологи
Үнэн бодит мэдээлэл тодорхой эх сурвалж, баримт нотолгоотой байдаг бол хуурамч мэдээлэл тараагчид нотолгоог хуурамчаар үйлддэг. Хуурамч мэдээлэл бүтээгч, тараагчид мэдээллээ үнэмшилтэй болгохын тулд ашигладаг гол хэрэглүүр нь зураг, аудио бичлэг, видео бичлэг юм. Фотошоп программ гарсны дараа маш үнэмшилтэй мэт гэрэл зураг хавсаргасан хуурамч мэдээлэл нэг хэсэгтээ л гарсан. Тэгвэл одоо дэлхийн ямар ч улсын төрийн тэргүүнээр хүссэн сэдвээрээ яриулах боломжтой болоод байна.
“Нүд үнэнч, чих худалч” л гэдэг. Гэхдээ техник технологи өндөр хөгжсөн өнөө үед нүдэндээ ч итгэхэд бэрх цаг үе иржээ.
“Нүүр зураглалын” буюу “Face mapping” гэж нэрлэгдсэн цоо шинэ технологи хуурамч мэдээ үйлдвэрлэгчдийн гарт хүчирхэг зэвсэг болон очиж байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түгшин бичиж байна. Энэхүү технологи нэвтэрснээр одоогоор нэр алдартай хүмүүс, улс төрчдөөр хүссэн үгээ хэлүүлэх боломж нээгдээд буй.
Тусгай программаар тоногдлогдсон камераар ямар нэг зүйл ярьж буй жүжигчний дүрсийг авч байхад дэлгэцэн дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш харагдана. Тэрээр жүжигчний яриаг үг үсэгчлэн давтахаас гадна хөмсгөө өргөх, амаа ангайх зэрэг хөдөлгөөнийг ч дуурайдаг. Телевизийн салбарт ашиглахаар бүтээсэн энэ технологид бусдыг төөрөгдүүлэх, залилан мэхлэх асар өндөр чадамж байгаа нь тодорхой юм.
Сайдыг ч мэхлэх хуурамч мэдээлэл
Английн ВВС агентлаг саяхнаас “Fake news” гэсэн цонх нээж, хуурамч мэдээлэл, түүний хор уршгийг бөөгнүүлж байгаад дээрээс нь нэг “салхивчаар” шагайж харах боломжийг уншигчиддаа олгожээ. Цонхны доор овоорсон мэдээллийг уншихад хуурамч мэдээллийн хор уршиг ямар аймшигтай вэ гэдгийг тэнэг хүн ч ойлгохоор аж.
Интернетэд холбогдоогүй улс орон дэлхий дээр цөөн үлдсэн энэ үед хуурамч мэдээллийн аюул бүх л улс орныг заналхийлж буй. Хуурамч мэдээллээс болж амсах хохирлын хэмжээ нь тухайн улсын ард иргэдийн суурь боловсролоос ихээхэн шалтгаалдаг нь ажиглагдаж байна.
Иргэд нь хуурамч мэдээллээс улбаатай эмх замбараагүй байдал, аллага хүчирхийллийн золиос болж байгаа жишээг Энэтхэг улсаас харж болно. WatsApp болон бусад олон нийтийн сүлжээгээр тархсан хуурамч мэдээллийн улмаас тус улсад 2014 оноос 2018 оны хооронд 31 хүн Линчийн шүүхээс үхлийн ял авч, өөр хэдэн арван хүн гэмтэж бэртжээ. Иргэд иргэдээ шүүдэг дундад зууны бурангуй ёсны үлдэгдэл болсон Линчийн шүүх одоо ч улс орнуудад байгааг энэ явдал давхар харуулдаг. Мотоцикл хөлөглөсөн хоёр этгээд гудамжинд алхаж явсан жаахан хүүг шүүрэн авч зугтаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр их “тэнэсэн” дээ. “Энэтхэгт хүүхдийг ингэж хулгайлж байна” гэсэн талбайртай. Гэтэл бүтэн бичлэг дээрээ бол бичлэгийг Пакистанд авсан бөгөөд мотоциклтой залуу буцаж камерын өмнө ирээд “Хүүхдийн хулгайгаас сэргийлье” гэсэн бичиг харуулдаг байна. гэвч энэ хэсгийг нь хасч тарааснаас хоёр этгээдийг олж, таарсан газар нь хөнөөхийг хүссэн массын бөөгнөрөл үүссэн байх жишээтэй. Линчийн шүүхийн хохирогчид нь бусдад чулуугаар цохилж юм уу амьдаараа шатаагдаж амиа алддаг гэж бодохоор үнэхээр аймшигтай.
Үндэстэн хоорондын мөргөлдөөнийг хуурамч мэдээлэл сэдрээсэн хэрэг Нигерид гарчээ. Их Британийн нэгэн хэрэглэгч мөргөлдөөн болж байх үеийн зургийг /амиа алдсан бяцхан охины нүд халирам зураг байв/ энэ оны зургадугаар сарын 23-нд “Фэйсбүүк”-т тавьж, яг одоо үйл явдал болж байгаа мэтээр бичсэнээс Jos хотын гудамжинд иргэд олноороо гарч ирэн машин тэрэг шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Энэ явдлаас болж олон хүн амиа алджээ. Нигерийн цагдаагийн газраас буруутай этгээдэд хармиуцланга тооцохоор Их Британийн хуулийн байгууллагад хандсан байна.
Улс орны нэр хүндийг олон улсад гутаан доромжлох нь том гэмт хэрэг. Гэтэл үүнийг хуурамч мэдээлэл үйлдвэрлэгчид жишим ч үгүй хийж орхино. Кенид 13-14 настай охидууд ихээр жирэмсэлж, ээж болж байгаа тухай мэдээлэл тус улсын цахим сүлжээгээр таржээ. Түүнийг нь Боловсролын сайд Амина Мухамед гэгч эмэгтэй өлгөн авч, “Ийм байдлаар үргэлжлэх юм бол бид бүхэн сүйрэлтэй нүүр тулна” гээд биччихэж. Сайдын хэлсэг үгэн дээр дөрөөлөөд олон улсад шуугиан дэгдэж, кеничууд өөрсдөө “Яагаад ийм байдалд хүрэв. Бид тийм ухамсар дорой ард түмэн юм гэж үү” хэмээн бухимдацгаасан байдаг. Цахим ертөнцийн “лалар”-ууд “Тийм ш дээ, энэ юу ч биш” гэж өдөөгөөд улсаараа цахим ертөнц дотор хэрэлдэж. Гэтэл мэдээлэл хуурамч мэдээлэл байсан бөгөөд танзанийн залуу ээжүүдийн талаар CNN агентлагийн мэдээллийн зургийг ашигласан нь тодорхой болжээ. Зураг дээр нялх хүүхэд тэвэрч, цэнхэр хувцсаар жигдэрсэн эмэгтэйчүүд, хичээл хийж байхдаа хүүхдээ хөхүүлж буй эмэгтэй зэрэг дүр буусан байсан аж.
Хуурамч мэдээллийн аюултай итгэлийн стандартаар тэмцье
Хуурамч мэдээллээс болж хэн нэгэн хохирлоо гэхэд “цаад эзэд”-д нь хариуцлага тооцох боломж хомс байдаг. Гол аюул нь энэ. Тиймээс хуурамч мэдээлэл үйлдэгчдийн хамсаатан /Хуваалцан тараагч/, хохирогч болохгүйн тулд аливаа мэдээлэлд цензур тавьж, түүнд итгэх хувь хүний “стандарт”-аа тогтоох явдал чухал юм. Техник технологи хөгжиж дэвшихийн хэрээр итгэлийн энэхүү стандарт ч хөгжиж дэвших ёстой. Хүмүүс нэгэн үе гэрэл зургийг хөдөлшгүй нотолгоо гэж үздэг байсан бол одоо больсон. “Итгэлийн стандарт”-аа ч энэ мэтчилэн сайжруулж явах шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байгаа юм.
ВВС агентлаг энэ асуудалд анхаарал хандуулж байгаа нь удахгүй хуурамч мэдээлэл тараасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь гэсэн мэссежийг олон нийтэд өгч буй.
Манай улсын тухайд “Дэлхий сөнөнө” гэдэг мэдээлэл тарж, нийгмийг бухимдуулсны дараа хуурамч мэдээлэл тараасан этгээдүүдэд хариуцлага ногдуулах талаар ярьж эхэлсэн ч эмхэндээ орж чадаагүй нь улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө нийгмийн сүлээнд олон дагагчтай, хуурамч мэдээллийг хошууран дагах орон зайг хадгалснаар өөрт нь ашигтай гэдгийг мэддэгийнх ч байж болох юм.
Гэхдээ хуурамч мэдээлэл хийгчдэд мэдээллийн стандартыг заах, хариуцлага ногдуулахаас илүү уншигчдад “итгэлийн стандарт”-ыг тавьж өгөх нь хохирогч болох, бусдыг хохироохоос сэргийлэх илүү сайн арга гэдэг нь тодорхой юм.
Номын сангуудын холбоодын олон улсын холбоо / International Federation of Library Associations / байгууллагаас хуурамч мэдээлэл автахгүй байхын тулд хэрэгжүүлэх найман алхамыг боловсруулжээ. Дооррх найман зөвлөгөө нь хүн бүрийн мэдэх ёстой зарчим, “Итгэлийн стандарт”-ын суурь юм.
1. Эх сурвалжийг нь заавал харах /утга, зорилгыг нь илүү ойлгоно/
2. Мэдээг бүгдийг нь унших /Бүхэлд нь ойлгоно/
3. Зохиогчийн нэрийг заавал нягтал /Илүү итгэлтэй болохын тулд/
4. Мэдээн дотор дурдагдсан эх сурвалжууд, боломжтой бол тухайн мэдээллийг хуваалцсан хүмүүсийг дүгнэх
5. Мэдээллийн огноог шалгах /мэдээлэл цаг үеийн эсэхийг мэдэхийн тулд/
6. Өөрийн үзэл бодолтой таарч байгаа эсэх талаар эргэцүүлэх
7. Тоглоом шоглоом, хоишгнол уу гэж заавал асуух
8. Олж мэдсэнээ бусадтай, болж өгвөл тухайн салбарын, илүү мэдээлэлтэй байж болох хүмүүстэй хуваалцаж мэдээлэл ав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна