Г.Дамдинням: Хөрөнгө оруулалтын тухай хуулиа хэлэлцүүлэхгүй бол ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДАЙЖИЖ, БИД ЯДУУРНА

С.Гандэлгэр
2024/01/31

УИХ-ын гишүүн Г.Дамдинямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Намрын чуулган хаахаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэн бүрт эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж, баталсан. Байгалийн баялагийг тэгш хүртэх боломжтой болж байгаа ч эдийн засагт хүндрэл учрах вий гэх болгоомжлол байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

 -Байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрт тэгш хүртээнэ гэж олон жил ярьсан, манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Төрийн өмчит хувьцаат компаниудыг төр эзэмшдэг байж болно. Гол нь нээлттэй хувьцаат компани болгомоор байна. Тухайлбал, ард түмэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааг бүгдэд нь эзэмшүүлэх нь зүйтэй. Үүний дараа хувьцааг амьтай болгож, зарах, өвлүүлэх зэргээр амь оруулах эрхийг нь хувьцаа эзэмшигч нарт өөрт нь олгох хэрэгтэй.

Хэрэв зээ хувьцааг нь амь оруулчихвал компанийн үйл ажиллагаанд иргэд нээлттэй оролцож, хяналт тавьдаг болно. Тэгж байж жинхэнэ хувьцаат компанийн дүр төрхөө олно. Тэгэхгүй төрийн шийдвэрээр хишиг хүртэж байгаа юм шиг мөнгө аваад, хувьцаа гээд байвал учир дутагдалтай байгаад байна.

-Сар шинийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараана гэж албаныхан мэдэгдээд байгаа. Ногдол ашиг тараахаас илүү эдийн засагт үр өгөөжтэй төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нь зүйтэй гэх санал олны дунд бий. Аль үр өгөөжтэй вэ гэдэг дээр та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Энэ удаад ногдол ашиг олгох нь зөв. Цаашид үүнийг яаж өргөжүүлж, илүү ашиг орлого олох боломж юу байна гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэж хяналт тавьдаг тогтолцоо бий болгохгүй бол сөрөг үр дагавар гардаг юм байна гэдгийг бид харлаа. Нүүрсний хулгай юу болов. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгойн” ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулна гээд ашиглах боломжгүй төмөр замын төсөлд зарцуулчихсан. Мөнөөх төсөл нь ойрын хугацаанд ашгаа өгөхгүй болж таарсан гашуун туршлага бидэнд бий шүү дээ. Тэгэхлээр бид нээлттэй хувьцаат компани болгож, ногдол ашиг олгодог байх нь зүйтэй.

-1072 хувьцааг сонгуулийн өмнө мөнгө тараах хэрэгсэл болчихлоо гэж олон нийт харддаг. Уг нь бол тогтмол ашгаа өгч байх ёстой гэсэн санааг та хэлэх гээд байна уу?

-Сонгууль гэхээс илүү өнгөрсөн хоёр жил бид цар тахлын хүнд цаг үеийг даван туулсан. Үүний дараа хойд хөршид геополиткийн амаргүй нөхцөл байдал үүссэн. Хятад Улс хөл хорионы дэглэмтэй байсан гэх зэргээр эдийн засгийн хүнд цаг үеийг туулсан. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр жил үр ашиггүй ажилласан. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд ашиг олсон. Тиймээс ашиг орлого олсон цаг хугацаандаа ногдол ашиг тараах болчихоод байна.

-УИХ-ын намрын отгон чуулган хаахаас хэлэлцэж амжаагүй хэд хэдэн чухал хуулийн төслүүд үлдэх шиг боллоо. Түүнээс хөрөнгө оруулалтын хууль хэл ам дагуулсаар хэлэлцүүлж амжилгүй үлдээчихлээ. Хуулийн төсөлтэй та ер нь танилцаж амжсан уу?

-Бид хөрөнгө оруулалтын хуулийг уг нь хэлэлцүүлэх ёстой. Улсын эдийн засгийг эргэлтэд оруулдаг гурван зүйл байдаг. Нэгдүгээрт, төсөв, татвар, хоёрдугаарт, зээл тусламж, гуравдугаарт, хөрөнгө оруулалт. Бид хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, нээлттэй олгож байж эдийн засгаа эргэлттэй байлгах юм. Гаднын өр зээл нэмэгдэж байгаа энэ цаг үед эдинй засгаа эргэлтэд оруулахгүй бол ажлын байр нэмэгдэхгүй, боловсролын асуудал орхигдож, ядуурал нэмэгдэнэ. Тэгэхээр яалт ч үгүй хөрөнгө оруулалт татах шаардлагатай. Нэг бол татвараа нэмнэ. Ийм л гарц байна. Хөрөнгө оруулалт өр болж үлддэггүй, харин хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд үлддэг.

-Бүртгэлийн болон газар эзэмшүүлэх асуудалтай холбоотой маргаанаас болж хуулийн төсөл хойшлоод байгаа. Энэ тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би өөрөө бизнесийн салбарт ажиллаж байсан хүний хувьд 100 мянган долларын асуудлыг ойлгож байгаа. Энэ бол бүртгэлийн асуудал. Энэ мөнгөө түр дансанд өгөөд бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ хэрэглээд явдаг. Монгол Улсад төлж байгаа татвар ч биш.Энэ хуулийг хэлэлүүлэх эсэхийг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч нар хүлээлтийн байдалтай байгаад байгаа юм. Ингээд хөрөнгө оруулагчид биднээс дайжиж алга болно. Ажлын байргүй, ядуу улс хэвээр үлдэх гээд байна.

Хэрвээ хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцүүлчихвэл ажлын хэсэг дээр бүртгэл нь хэдэн төгрөг байх вэ гэдэг бүх зарчмаа тохирч болно. Маргаан дагуулаад байгаа газартай холбоотой асуудал 1993 оны хуульд байсан. Монгол Улсын газрын тухай хуульд газрыг ашиглах, эзэмших, өмчлөх гэсэн гурван заалт оруулсан. Ашиглах эзэмших хууль нь 2013 оны хуулиар баталж, хэрэгжүүлсэн. Одоо ашиглах гэдэг нь Үндсэн хуулийн 6.2-тай зөрчилдөөд байна. Тиймээс эзэмших, ашиглах гэснээс эзэмших гэдгийг нь хасаж сайжруулж байгаа юм. Харин маргаан дагуулаад 60+40 гэсэн заалт хуучин байсан. Үүнийг гуйвуулж, улстөржүүлж байна. Одоогийн энэ улстөржүүлэлтийг би хувьдаа харахдаа баахан гаднын иргэд Монгол Улсын газрыг эзэмшихээр аваад дарчихсан. Үүнийгээ нуухын тулд ард түмнийг худал мэдээллээр хуурч байна гэж харж байна.

-Гол нь хөрөнгө оруулагч нар манай хууль эрх зүйн орчинг хэр тогтвортой вэ. Үнэхээр бидний эрхийг хамгаалж чадаж байна уу гэдэг дээр анхаарал хандуулж байх шиг байна?

-Тийм. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин тогтвортой эсэх, хоёрдугаарт, бидний оруулсан хөрөнгийг хамгаалах уу гэдэг дээр л анхаарал хандуулдаг. Тийм өөрчлөлтийг л энд хийх гээд байгаа юм. Энэ хуулийг хэлэлцүүлэх эсэхээ шийдэхгүй бол ард түмнийг худал мэдээллээр төөрөгдүүлэх асуудал өрнөсөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.156.90.56
    2024/02/01

    CHI TUN UDAHGUI NAANAASAA ZAILNAA. """ HUGSHIN AVGAIN DEER MORDSON AIMAAR HUGII AMITAN"" HUGSIN AVGAIGIIN MUNGUND SHUNSHSAN, UURIIN TOLGOI BGUI MUNHUNII BOOL BOLSON HULGAICH

    Хариулах
  • 103.212.116.23
    2024/01/31

    БАТАЛСАН НАМ ХҮНД САНАЛАА ӨГӨХГҮЙ

    Хариулах