Хувьсгал гэхээр зарим хүн хиртхийн цочих вий. Ялангуяа эрх баригчдад энэ үг хэзээд таагүй сонсогддог. Тэгвэл тайвшир, энд шууд утгаар нь ойлгоод байгаа тэр хувьсгалыг бичээгүй. Харин сонгуульд оролцогчдын хамрагдалтыг сайжруулах, бүр тодруулбал, залуусын сонгуулийн оролцоог өсгөх замаар үр дүнд нөлөөлөх талаар л бичнэ.
Тэгэхээр, иргэдийн дунд “Ахмад настнууд Монгол ардын намыг залуучууд Ардчилсан намыг дэмждэг” гэсэн ойлголт бий. Үнэндээ энэ бол харьцангуй ойлголт бөгөөд ардчиллыг дэмждэг ахмадууд, Ардын намыг сонгодог залуус тэр нь, энэ нь гэхээргүй олон байдаг шүү дээ. Гагцхүү залуус сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь, ирээдүйн хөгжил хүсч байгаа замаар нь явах юм.
Сонгуулийн өдрийг амралтын өдөр гэж ойлгон явж байх үед амьдрал өрнөсөөр одоо ямар байдал хүрээд байгаа билээ дээ. Өнөөдөр Улаанбаатар хотод залуус цуглаад цагийг зөв боловсон өнгөрөөчих газар ховордсон. Хос залуус хамтдаа суугаад ярилцчих цэцэрлэг ч алга. Энэ бүхэн шуудхан хэлэхэд, залуус сонгуульд судалгаатай орж саналаа өгөөгүйн гай.
Залуус санал өгч, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хүнийг бодлого боловсруулах төвшинд гаргаж ирээгүй учраас ирээдүйгээ ийнхүү хохироожээ. Нөгөө талаар, залуус сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй учраас тэдний төлөө санаа тавьж ажил хийх шаардлагагүй байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, одоо хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа бид өөрсөддөө л гомдох хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ байдлыг яг одооноос өөрчлөх боломж бий. "Сонгууль болтол зай ч байна, лай ч байна" гэж сатаарч болохгүй, одоо намууд мөрийн хөтөлбөр дээрээ сууж байгаа. Яавал, юу гэвэл очков авах вэ, юу гэж амалбал итгэх бол гэж санааширч байгаа. Яг энэ үед "Ирэх сонгуульд ер нь залуусын оролцоо өндөр байх нь" гэдэг мессеж өгвөл залуус руу чиглэсэн ажлууд нэмэгдээд л явчихна шүү дээ. Нэр дэвшүүлэлтэд ч нөлөөлнө. Залуусын хүч үнэхээр их.
Баабар гуай нэгэнтээ “Залуу хүмүүс эхлээд өөрсдөө хүнээс гуйхгүй болчихоод, дараа нь эх орноо хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Үнэн үг. Гэхдээ туйлын үнэн гэж хүлээж аваад, улс орноо хөгжүүлэх хүсэлтэй нэр дэвшигч залуусыг “Доош нь хийж”, өөрсдийнхөө замыг бүдгэрүүлж болохгүй.
Монгол улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, Бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Одоо жаахан тоо бодоод үзье. Сонгуулийн насны иргэд хүн амын 40 хувийг эзэлдэг. Тэдний тал буюу 50 хувийг ахмадууд бүрдүүлдэг байх нь. Сонгуулийн ирц 62 хувьтай гарсан гэхээр залуусын 20 хүрэхгүй хувь нь сонгуульд оролцжээ. Үлдсэн 80 хувийнх нь санал төрийг байгуулахад тусгалаа олоогүй гэсэн үг. Арай л “биш” тоо байгаа биз. Хэрвээ бид бүгд сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгсөн бол оносон ч алдсан гээд сэтгэл хангалуун явах байсан бус уу.
Залуу нас алдаж, онож, төлөвшихөд зориулагддаг болохоос сүүдэрт нуугдах гэж, бусдын далавчин дор хоргодох гэж заяагаагүй. Бид одоо байгаа нөхцөл байдал, нийгмээ ихэд шүүмжилцгээдэг. Гэтэл “Ямар ард түмэн байна, тийм төр байдаг” гэдэг үг бий. Энэ үгийг “Ямар сонгогч байна, тийм төр байдаг” гэж өөрчлөхөд утга нь өөрчлөгдөхгүй.
Монгол залуусын орон. Гэтэл сонгогчдын дунд залуус алга. Сонгогдсон хүмүүсийг харахад “ахмадуудын шүүлтүүрээр” тунгаагдсан улс байна. Угтаа бол Монголын төр залуусын төр байх ёстой. Ахмад үе, залуу үеийн бодлогын харилцан уялдаан дээр төрийн бодлого шийдвэрүүд гарч байх ёстой. Залуу хүн залуусаа сайхан амьдруулахын төлөө ажиллаж, ахмадууд түшиг тулгуураа үзүүлж байх ёстой шүү дээ. Гэтэл “Сонгууль” хэмээх ганцхан өдрийн ажилд хайнга хандсанаасаа болж, ихэнх залуус өөрийн гэсэн орон сууцгүй, санаа байвч дэмжлэг байхгүй гундуухан амьдарч байгаа биш гэж үү.
Өнөөдөр амьдралынхаа нөхцөл орчныг сайжруулах бололцоо дутмаг, төрийн дэмжлэг үгүй, салхилах цэцэрлэггүй, хааяа нэг олуулаа доргиод бүжиглэчих диско баар ч үгүй ер нь л “шоовдор” байдалтай өдийг хүрлээ шүү дээ. Залуусыг үнэхээр сэтгэл гаргаж дэмжсэн бодлого өнөөдөр алга. Хоёул хоёулаа ажил, хөдөлмөр эрхэлдэг атлаа орон сууцанд бие даагаад орчиж чадахгүй л байна шүү дээ.
Залуусыг төрд оруулахын тулд бид саналаа өгөх үүрэгтэй. Залуусын санал Парламент, Нийслэл, дүүргийн сонгуульд тусгалаа олж байж, улс, хот маань “залуусын” хэмээх тодотголдоо нийцнэ. Тэгэхгүй, сонгуулийг орхисоор, улс орны ирээдүйг шийдэлцэх эрх мэдлийг аав, ээж, эмээ, өвөө нартаа үлдээсээр байх аваас байдал өөрчлөгдөнө гэж хэн батлах юм бэ.
Манайд улс төрийн сонгууль 65-75 хувийн ирцтэй байдаг жишиг бий. Энэ бол бага тоо. Саналаа өгсөн иргэдийн ихэнх нь ахмад, дунд насныхан байсан гэсэн баримт залуус ямар хайнга, хариуцлагагүй байгааг харуулна. Одоо энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Заримдаа хүн хэвшсэн нэг зүйлээс зүгээр л татгалзчих нь дээр байдаг. Тэртэй тэргүй муу байсан учраас арай өөр сонголт хийх нь буруу биш гэдэг утгаар хандъя.
“Индиго хүүхэд дэлхийг аварна” гэсэн үгсийг дуулаагүй хүн ховор биз. “Дэлхийг аварна” гэж эртний мэргэдийн зөгнөсөн эдгээр хүүхдүүд 70-аад оноос эхлэн олноор төрөх болсон гэлцдэг. Ийм хүүхэд гоц ухаантай болж, урьд хожид үзэгдэж дуулдаагүй шинэ техник, технологи зохион бүтээж дэлхийг аварна гэж мэргэд зөгнөөгүй. Харин атгаг санаа, шунал тачаалаас ангид учраас тийм хүүхдүүд олонхи болоод ирэхийн цагт дэлхий аврагдана гэсэн санааг хэлсэн байдаг.
Монгол Улсын Парламентын хувьд сонгуулиас сонгуульд улам залуужиж байгаа. Төрийн эрхийг атгаж байгаа тэдэнд иргэдийн саналыг худалдан авдаг аргаа үргэлжлүүлэх боломж байсан ч энэ удаа тэгэхгүй байна. Харин ч сонгууль, төрийн өндөр албан тушаалтан, ала хаагчдад зориулж “Мөнгө тараахгүй”, “Худал амлахгүй”, “Санал худалдаж авахгүй” гэсэн шинэ сэргэг заалт бүхий, шударга бус байдал гаргасан тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх шинэ хуулиудыг баталлаа. Цагаан сарыг "Бэлэг тараалтын сар" болгодог байсныг цэгцэллээ. УИХ-ын гишүүд тойргийнх нь иргэд малчдад очиж байгаа хэдэн цол тэмдгийг хармайлж очиж өгөхөөс өөр мэхгүй хоцорсон.
Одоо харин сонгогчид, тэр тусмаа 80, 90, 2000-аад оны залууст цэвэр төрийг цогцлоох боломж бүрдэж байна. Аль намыг дэмжих нь хамаагүй. Намууд залуусынхаа оролцоог мэдрээд, залуу хүнийг дэвшүүлээд, залуус руу хандсан ажил мөрийн хөтөлбөртөө зоогоод ороод ирвэл зол нь л биз. Гагцхүү сонгуульдаа оролцож, эх орныхоо эзэн нь юм шүү гэдгээ л батлаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.197
126-ын давуу тал гэж бабйх бол уу даа, ээ дээ мэдэхгүй
Хариулах66.181.178.197
жил ирэх тусам сонгууль өгөх сонирхол бага болоод байна шүү
Хариулах66.181.190.129
Эрх мэдэлд хүрч болно оо Яг өөрчлөх хэцүү бололтой. Намууд цэвэршихгүй. жижиг намууд мөнгөтэй хүн дагаж нэгдэж байна нэгийг хэлээд байна. Барууныханы неолиберализм асуудлууд дагуулж маргах боллоо Өнөөдөрийн ЗГ шинэчлэл хийх гэж зүтгэж байгаа нь илт харагдах боллоо. 126 гишүүнтэй болчихоор бүх зүйл сайжрана гэдэг юу л бол
Хариулах