Нам үүссэний баяр намчирхлыг халах баяр болоосой

Х.Батсайхан
2024/03/01

Монголд улс төрийн нам үүссэний баярын өдөр өнөөдөр тохиож байна. Урьд нь МАН үүсэн байгуулагдсан өдрөө “Эх орончдын баяр” гэж маш өргөн агуулгаар нэрлэх хэр нь,  зөвхөн өөрсдөд нь хамаатай мэтээр өмчилдөг байв. Арай хожуу энэ өдрийг  Монголд улс төрийн хүчин үүсч байгуулагдсаны баяр гэж нэрлээд бусад намтай хамтран тэмдэглэхийг хичээдэг болсон юм. 

Угтаа энэ бол тун зөв алхам. Түүхийг улс төрийн хүчин өмчлөхгүй байна гэдэг ирээдүйг мөн улс төрийн намын бус улс эх орны эрх ашгийн үүднээс харж, төрийн залгамж халаа бэхжих горьдлого тээсэндээ л ингэж хэлж байгаа юм. 

“Улс төржилт” гэж арай өргөн хүрээг хамааруулж нэрлээд байгаа болов ч үнэндээ Монгол Улс, монголчуудыг намчирхал л тамын тогоо руу чангааж байгаа нь бодит үнэн. Төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН, АН энэ байдлыг гардан бий болгосон буруутан нь яах аргагүй мөн.

Олон жишээ дурдаж болно. Тухайлбал, өнөөдрийн баяраас эхэлье л дээ. МАН-ыг хүмүүс ардын хувьсгалтай шууд холбож ойлгодог. Өнөөдөр монголчууд туурга тусгаар, Монгол Улс гэж нэрлэгдэн оршиж байгаа нь Ардын хувьсгал ялж мандсаны ач яалт ч үгүй мөн. Тиймээс Ардын хувьсгалын ойг тэмдэглэж байгаа тохиолдолд МАН-ын нэр хүнд ямагт өндөр, улс төрийн тавцанд том тоглогч хэвээр байна гэдгийг Ардчилсан нам мэдэхийн дээдээр мэдэх тул наадмыг Үндэсний их баяр наадам гэж нэрлээд Ардын хувьсгалын ой дээр Хүннү гүрэн байгуулагдсаны ойг нэмж, өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол 1911 оноос эхэлсэн гэдгийг сөхөн гаргаж ирсэн. Улмаар Ардчилсан хувьсгалын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлээд, жанжны хөшөөг зөөх гэж байсныг олон нийт мартаагүй байна. МАН-тай холбоотой үнэт зүйлс, түүхэн гавьяатнууд руу илд далдаар дайралт хийж, Д.Сүхбаатар бол мөрийтэй тоглоомчин, бүтэхгүй этгээд байсан мэтээр ойлгуулсан мэдээллийг олон нийтэд цацаж байв. Энэ дайралт параа нь Х.Чойбалсан руу чиглэсэн.

Хөдөөд намчирхал хэтэрч, сонгуулийн үеэр бол эхнэр нөхөр хоёр хүртэл нэг оронд багтаж шингэхээ больж буй.

Нэгэн жишээ. Хөдөөгийн нэгэн суманд арван жилийн нэг ангийнхан уулзжээ. Зуны дэлгэр цагт уулзах нь мөн ч сонгуулийн жил таарсан юм санж. Ингээд бүгд л гэм хийчихсэн юм шиг гэлбэлзэж, зарим нэг нь “Яана даа. Намайг та нартай уулзсан гэвэл намын үүрийнхэн маань үзэхгүй байх даа. Эсрэг намын тагнуул байна гээд хөөж ч магадгүй. Тэгвэл би чинь амьдралгүй болно” хэмээн санааширсан гэдэг.

“Амьдрал ярьдаг нь ч юу вэ” гэж бодогдож байгаа биз. Тэгвэл үнэхээр байдал иймдээ тултал хурцадчихаад байна. Хөдөөгийн суманд “Улаан”, “Цэнхэр” эзэдтэй дэлгүүр, үйлчилгээний газрууд байдаг. Сонгуулийн үед бол “Улаан” эзэнтэй дэлгүүрт “улаан” хүмүүс л орно. Цэнхэр дэлгүүрт мөн адил. Өөр өнгөтний үйлчлүүлдэг дэлгүүрт орж гэмээ нь, дэгсдүүлж хэлэхэд муудсан бараа авах юм уу жин дээр ”ажиллуулах”, өөрсдийнхөндөө адлуулж, шаарлагдах эрсдэлтэй. 

Сонгууль дөхөөд ирмэгц л намын үүрүүд идэвхжиж, хүмүүсээ өнгөлөөд зүслээд эхлэх нь тэр. Дараа нь талцаад өөр намын гишүүн дэмжигчтэй гар барих ч хориотой болж хувирна. Хөдөөд бэлэн мөнгө ховор байдгийг бүгд л мэднэ. Намын сурталчилгаанд ажиллаж хэдэн төгрөг олно гэсэн хөөрхий авгайг “Охин нь өөр намынх юм гэнэ лээ. Ажиллуулбал нууц задруулна” гэхчлэн улалзтал муулаад хөөгөөд явуулдаг болсон бодит жишээ байна. Нам гэж хүнд мэдэгдэж болдоггүй яасан ч их нууц ажиллагаа зохион байгуулдаг газар юм бэ.

Эхнэр нөхөр хоёр өөр өөр намыг “балиашигласан” тохиолдолд бүр ч харамсалтай үр дүн гарна. Уг нь хүн үзэл санаа, улс төрийн чиг баримжаараа намаа сонгож гишүүнээр элсдэг болохоос эхнэр авдаггүй. Гэтэл намчирхал хэтэрснээр улс төрийн үзэл бодол таардаггүй хүнтэй хэчнээн хайртай байсан ч дэр нэгтгэдэггүй уламжлал тогтох шинжтэй. Төрийн эрхийг нэг нам ноёрхож байх үед намчирхлаас болж олон гэр бүл салж сарнисан юм гэдэг. Тэд гэр бүлийн товчоонд гаргасан өргөдөлдөө ихэвчлэн “Үзэл бодол таараагүй” гэх тайлбар дайдаг ч эхэнд нь “Улс төрийн” гэдэг үг нэмчихвэл илүү шударга болно.

Аваргын энтэй арслан Маамын Лхагваа гуай 1939 оны наадамд “Эрээн хавиргат” хэмээн алдаршсан Баатарын Төрбат арсланд “Чи баруун тийшээ харж барилд, би зүүн тийшээ харж барилдья” гэж хэлж барилдаад буруудсан гэдэг. Тэр үед нутгархлаас болж хэлмэгдсэн юм билээ. Одоо харин нутгархах дээр нэмэгдээд намчирхах гэдэг айхтар “эмгэг” нэмэгджээ. 

Өнөө үед бэлтэй айлууд үр хүүхдүүддээ “Чи МАН-ыг дага, чи АН-ыг бараад” гэж хуваарилдаг ч байдал ажиглагдах болов.     Намчирхал гэж ийм л балагтай эд. Буурь суурьтай харагддаг ч цаанаа л хүйтэн улстөрчдөд татаж дууссан тамхины иш шиг хаягдахаа мэдэхгүй “Нам, нам” гэж гүйх иргэд үнэхээр хөөрхийлөлтөй байна.

Энэ эгзэгтэй цаг үед МАН харин “Эх орончдын өдөр”-ийг өмчөөсөө татгалзаж, улс төрийн бүх намуудтай хамтран тэмдэглэх санаачилга гаргасан нь сайшаалтай.

Монголчууд нутгархах гэдэг эмгэгээсээ салчихвал хөгжинө гэсэн гаргалгаа бий. Одоо үед бол намчирхах эмгэгээ эдгээвэл байгаагаасаа дээрдэх төлөв ажиглагдаж байна.

Эх орончдын өдрийг 2004 оноос тэмдэглэж эхэлсэн. Сүүлд нам үүссэний баяр болгосон эхний жил МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх баярын илгээлтдээ “Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Улс төрийн салбарт ч өөрчлөлт өрнөж байна. Улс төрийн намууд тодорхой анги, бүлгийн эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг байсан цаг өөрчлөгдлөө. Намууд нийтийн эрх ашиг, нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн дээдэлж, олон нийтийн сайн сайхны төлөө хөгжлийн бодлогоо уралдуулан хамтран ажилладаг болсон байна. Улс төрийн намуудын энэхүү өөрчлөлтийг улс төр судлаачид намын хөгжил, хувьслын “Шинэ үе” гэж нэрлэж байна. 

 Улс төрийн намууд хамтран ажиллах гэдгийг үгсэн хуйвалдаж тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, эх орноо тонон дээрэмдэхийг огт хэлээгүй. Харин улс төрийн Намууд улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хэлж байгаа юм. Монголчууд бидэнд бахархах түүх, хүрсэн амжилт, бүтээсэн гавьяа олон байгаа ч сургамж болон үлдсэн алдаа ч цөөнгүй бий. Бид хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхтэй. 

Монгол орныг 1368 оноос эхлэн 300 гаруй жил туйлдуулсан хагарал бутралын жилүүдийг бид эргэн санах ёстой. Монгол ноёдын өөр хоорондын атаархал жөтөөрхлийг Манжууд улам дэвэргэж, цол хэргэм, эд мөнгөөр татаж Улсыг маань дарангуйлсан гашуун түүхийг бид мартах учиргүй. Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг буурал түүх бидэнд сурган сануулж байна. 

 Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий. Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм” хэмээн онцлон дурдсан бий. МАН дурсах дургүй 1921 оноос өмнөх түүхийг дурссан, арай л өөр мэдрэмж төрүүлсэн үг хэлж байсан байгаа биз. Энэ үг үнэхээр ч тухайн үедээ  иргэдийн сэтгэлд итгэлийн галыг асаасан сайхан үгс болж сонсогдсон юм. Гэтэл түүнээс хойш намчирхал үгүй болсон уу. 

Үндсэн хууль өөрчлөх ховор боломж өнгөрсөн жил гарсан ч өмнө нь олон жил яригдсан намын хатуу гишүүнчлэлийг хориглох заалтыг оруулаагүй. Оруулчихвал иргэд сонгогчид бид МАН-д алга ташин баяр хүргэхэд бэлэн байсан юм. 

 МАН үүссэн өдрөө эх орончдын өдөр гэж нэрлэсэн нь нам байгуулагчдыг өргөмжилж, алдаршуулах, өөрсдөө далимд нь нэр хүндээ өсгөх зорилготой байсан. Гэхдээ сүүлд нэрийг нь өөрчилснөөр намчирхлыг халах эхлэлийг тавьсан баяр болох юм байна гэж ойлгуулсан. Эндээс улс төрийн тодорхой ашиг хонжоо ч гаргасан байх. Гэхдээ зөв зүйтэй санаачилга учраас дэмжлэг хүлээсэн.  

"Эрх чөлөө төв"-ийн тэргүүн Ц.Чинбат гэгч энэ жилээс гуравдугаар сарын нэгнийг хэлмэгдсэн эх орончдын өдлөр болгож тэмдэглэх санаачилга дэвшүүлсэн байна лээ. Энэ нь МАН-ын нэр хүндэд муу. Гэтэл намчирхлыг халах гэдэг маань одоохондоо ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулж, баяр нэрлүүлэх хэмжээнд хүрээгүй ч өнөөгийн Монголыг ардчилалтай болгож байгаа гуравдагчуудыг дорд үзэж, МАН, АН-ыг улс төрийн тавцанд өргөдөг байдлыг халах. Тэгэхээр аль нэг намыг доош нь хийх өдөр болгож таарахгүй, угаас бүтэшгүй. Гагцхүү энэ өдрийг МАН-ыг онцлолгүйгээр, үнэхээр л улс төрийн намууд үүссэн өдөр мэт бүгд ач холбогдол өгөн, ингэхдээ намаа бус улсаа бодно гэдэг тангараг өргөдөг ч юм уу, хэлбэр талаасаа ч агуулга талаасаа ч намчирхлыг үгүй хийх тал руу анхаарсан маягаар тэмдэглэдэг болж чадвал нэг ололт санагдана.    

  

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/03/03

    TUUHIIN UNEN 1 L BGAA. GETEL NAAD BALAI ARDIIN NAMIIN ULAAN HUVSGALCHID CHIN BAAHAN HUDLAA TUUH ZOHIOJ BAAHAN GEMGUI ARDUUDIIG BUUDAJ ALCHAAD ZOHIOSON TUUHENDEE ITGEED BAYARLAAD L BH YUM .

    Хариулах
  • 202.21.107.34
    2024/03/02

    Түүх түүхээрээ л үлддэг. Хэнбугайч хүссэн. Хүний төрсөн өдрийг өөрчилдөггүйтэй адил. Түүхэнд яаж хандах нь нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд өөр.

    Хариулах