УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Энэ жил хатуухан өвөл болж, орон нутгийн иргэд, тэр тусмаа малчид маань их хохирол амслаа. Тэднийг УИХ-д төлөөлж сууж байгаа гишүүд эргэлтээр орон нутаг явж, Төрийн ордон эзгүй маягтай байна. Та тойргоороо явав уу?
-Цаг үе хүндрэлтэй байгаа учраас газар дээрээ ямар байгааг нь мэдэх гэж сумдаар явлаа. Гэхдээ нэг их хивэг, тэжээл тараагаад яваад байхыг эрхэмлэсэнгүй. Зуд турхан болохоор л гүйж гараад, сайн хүний дүр бүтээгээд байхаас илүүтэй системийн хувьд сайжруулах, бодлого боловсруулах ёстой.
-Та тэгвэл орон нутгаас ямар бодол тээж ирэв?
-Байгаль цаг уурын өөрчлөлт гарцаагүй болжээ. Зундаа гантай, нэг орохоороо их хэмжээний бороо хур орж үер усны гамшиг тохиодог, өвөлдөө их цас унаж зуд болдог энэ байдал ер нь байнгын давтагдах нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Бид одоо цаашдаа байгалийн энэ эрс тэс байдалд тохирсон, малчид эд хөрөнгөөрөө хохирол амсаж амь нас, амьдрал ахуй нь эрсдэлд ордоггүй тогтолцоог яаж бий болгох вэ гэдгийг нухацтай бодож, өөрчлөлт хийх цаг ирээд байна. Жилийн жилд л улсын нөөцөөс ч гэдэг юм уу, хивэг авч тараагаад, аргалаад байх нь буруу болоод байна л даа.
Бэлчээрийн даац болохоо байлаа, байгаль, цаг уур ч “Болохгүй байна аа, та нар. Өөрчлөлт хий” гэж өөрөө маш тодорхой хэлж байна шүү дээ. Тэгэхээр, одоо бүгдээрээ цаашдынхаа гарц, гаргалгааг л ярих ёстой гэдгийг хатуу ойлгож ирлээ дээ. Хэдий уул уурхайн мэргэжилтэй ч гэсэн, нэгэнт л нөхцөл байдал тулаад ирсэн учраас өөрийнхөө хэмжээнд харж, судалж байна.
-Ноднин тавдугаар сарын тооллогын дүн мэдээг харахад гурван сая гаруй мал хоргодчихсон байсан. УОК-ын хамгийн сүүлийн үеийн дүн мэдээг харахад бас нэг гурван сая гаруй мал хорогдчихсон байна. Нэг үгээр, зуд, хорогдол байнгын шинжтэй болчхож. Гэхдээ л ноднин ингэж улсаараа хөдлөөгүй санагдана?
-Өнгөрсөн жил тэгэхэд ингэж энэ жилийнх шиг зуд турхан болоогүй шүү дээ. Тэгэхэд л тэгж их хорогдсон байна. Хөдөө аж ахуйн яамны нөхдөөс өчигдөр /уржигдар/ тодруулга, мэдээлэл авахад малын хорогдол тав, зургаан сая руу орж байгаа юм байна лээ. Гэтэл хавар дөнгөж эхэлж байдаг, хорогдол цаашдаа өснө гэсэн. Санаа зовохгүй байхын ч арга алга.
Ер нь бол, малын зүй бус хорогдол гэдэг чинь, эдийн засгийн хохирол байхгүй юу. Цаашдаа жил болгон хэдэн саяар нь хорогдуулж, байнгын шинжтэйгээр хэдэн зуун сая ам.доллараа алддаг байх юм уу, авч үлдээд эдийн засгийн эргэлтэд оруулах уу гэдэг асуудал.
-Тэгвэл монгол мал, монгол малчид зудыг ажралгүй давдаг болгох ямар гарц, гаргалгаа байна вэ, таны бодлоор?
-Өөрөө суралцаж төгссөн, тодорхой хэмжээнд мэддэг гэдэг утгаараа Канад орны жишээг сүүлийн хэд хоног нэлээд харж судаллаа. Монгол Улс 1997 онд (1997.I.29) Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ. Байгууллагын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцөлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, манай улс ДХБ-ын гишүүн бүх улсуудад бараа бүтээгдэхүүнээ тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх боломжтой болсон. Гэсэн ч мал аж ахуйн гаралтай түүхий эд, тухайлбал махан дээр энэ боломжоо бүрэн ашиглах боломжгүй явж ирсэн.
-Яагаад?
-Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн тулд олон улсын чанартай гурван чухал конвенцид нэгдэж орсон байх ёстой юм байна. Эхнийх нь, IPPC (International plant protection convention) буюу Олон улсын ургамал хамгааллын конвенц. Харамсалтай нь, бид элсэж орсон ч стандарт, шаардлагуудыг нь бүрэн мөрдөлгүй өдийг хүрчээ.
Худалдааны асуудалд яагаад Ургамал хамгааллын конвенц дурдагдах болов гэхээр, МАА-н гаралтай түүхий эд, махны үнийг өндөр байлгахын тулд бид экспортлох зайлшгүй шаардлагатай. Гэтэл энэ байгууллагаас тавигддаг стандарт, шаардлагуудыг нь хангаж чадахгүй байгаагаас өндөр үр ашигтай экспорт руу орж чадахгүй байна.
Одоо бол бид дулааны аргаар боловсруулсан мах л гаргаж байгаа. Энэ нь дэлхийн зах зээл дээр хамгийн хямд, үр ашиг багатай экспорт юм байна лээ, махны хувьд. Шинэ, түүхийгээр нь, эсвэл амьдаар нь экспортолж байж илүү өндөр орлого олдог.
Ингэж чадвал үр ашиг нэмэгдэнэ, үр ашиг нэмэгдэхээр малчдын амьдрал ахуй сайжирч, мал нэг бүрээс авах ашиг шимийн хэмжээг дээшлүүлэхэд анхаарна. Тиймээс бид стандарт шаардлагыг нь хангахын тулд Ургамал хамгааллын хуулиа сайжруулах, цаашлаад Ургамал хамгааллын агентлагтай болох хэрэгтэй. Энэ байгууллага нь олон улстайгаа хамтраад “Манай малын хооллож байгаа өвс ургамал эрүүл юм аа” гэдгийг баталдаг болох ёстой юм байна лээ.
-Нөгөө хоёр нь ямар байгууллага вэ?
-Хоёр дахь нь WOAH (World organization of animal healt) буюу Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага. Монгол Улс 1989 онд гишүүнээр элсэж, стандартад нь нэгдээд орчихсон, тэгсэн хэр нь бүрэн хэмжээнд мөрдөж хэрэгжүүлдэггүй юм байна.
Бид малаа эрүүлжүүлэх, махыг нь эрүүл цэвэр байлгах талаар олон жил ярилаа. Улсынхаа хэмжээнд тахалгүй, малын өвчлөлгүй болох гэж үзлээ, чадахгүй байна. Бүсчлээд ч чадахгүй байна. Тэгэхээр одоо ААН-үүд өөрөө, өөрсдийгөө хамгаалдаг өөрчлөлтийг хууль оруулж өгөх ёстой. Энэ өөрчлөлт Намрын чуулганаар манай байнгын хороогоор орж ирээд явж байгаа. Батлагдчихвал нэг алхам урагшилна.
Гурав дахь нь, олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой КОДЕКС (CODEX ALIMENTARIUS) гэж стандартад бид нэгдэж орсон боловч мөн адил бүрэн мөрдөж чаддаггүй. Яагаад гэвэл манайд олон улсын шаардлага хангасан лаборатори алга.
Манайхны малын махаа шинжилсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг улс байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид энэ шаардлагад нийцэх өөрчлөлтүүдийг хийж байж л МАА-н бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ. Ингэж чадах юм бол хувийн хэвшил энэ салбар руу орж ирнэ, малчдаа дэмжээд эхэлнэ.
Тэгэхгүй бол малчид өөрсдөө эрчимжсэн болж чадахгүй байхгүй юу. Санхүүгийн эх үүсвэрээс эхлээд хүндрэлтэй. Том компаниуд орж ирж стандартын шаардлага хангасан үйлдвэрээ байгуулдаг, малчдаа сургадаг, малаа эрүүлжүүлэхэд тусалдаг жишигтэй. Гэхдээ ингэж орж ирэхийн тулд салбарын бизнес ашигтай байх ёстой, махаа өндөр үнээр экспортлох боломжтой байх ёстой. Энэ боломжийг л бүрдүүлье гэж байгаа юм.
Сүүлийн үед “Мон бийф”, “Мийт агро” гэх мэтээр ААН-үүд эрсдэл хийгээд орж байх шиг байна. Сонсож байхад, малчидтайгаа гэрээ хийгээд, сургалтад хамруулж, малыг нь вакцинжуулаад эхэлж байна гэж байна. Энэ л бидэнд хөгжилд дэвшлийг авчирна. Түүнээс биш одоогийнхоороо байх нь яагаад ч үр дүнтэй, зөв, холыг харсан алхам биш.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.51
Мөн ч "цэцэн ухаантай, сайхан үг хэлж байна шүү. Их хурлын гишүүд нэг ийм л баймаар" юм даа
Хариулах202.170.66.3
5 сая мал нэг нь 100 доллар гэж дундажлаад бодход аймаар алдагдал байна шүү. Ингэж үхүүлж байснаас намар нь экспортлож авдартаа хийчихээд, хулагнад идүүлчихгүй найдвартай газар хадгалаад, зарцуулах юмандаа зарцуулж байвал сайн сан
Хариулах