Н.Ганибал: МАН сөрөг хүчнийхээ ялсан хүмүүсийг харлуулж, гүтгэж байгаа нь гутамшигтай үйлдэл

С.Гандэлгэр
4 цаг 49 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс даваа гарагийн /2024.12.02/ ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлэг дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн хоригтой холбогдуулан дэгийн асуудлыг хэлэлцэж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, бизнесийн орчныг сайжруулах, татварын бодлогыг уян хатан болгоход чиглэсэн тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар болсон гэв.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал "Өнгөрсөн долоо хоногт аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Монгол Улсын ерөнхий сайд батламжилж, ажилдаа орлоо.

 Харамсалтай нь энэ үеэр аймгийн ИТХ дээр нэг хүний зөрүүтэй байсан зарим аймаг дээр хууль зөрчсөн, хуулийг зөрчих гэсэн үйлдлүүд гарч байна. Орхон аймагт сонгуулиар нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд өргөн бариагүйгээс болоод тус аймгийн МАН-ынхан бүгдээрээ нэр дэвших эрхгүй болж байсан.

Гэвч тухайн үед шүүхийн шийдвэр МАН-ын талд гарч, сонгуульд оролцсон. Ингээд МАН 21, АН 20 хүний суудал авсан. 

Өөрсдөө хууль зөрчиж гарч ирчихээд ард олноос сонгогдсон түшээдийг унагах гэж хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Хууль хүчний байгууллагуудтай хамтраад гүйцэтгэх ажиллагаа хүртэл явуулсан асуудал бий. 

Сонгуулийн хуулинд тухайн цаг хугацаанд намын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй. Гэтэл намын үйл ажиллагааг хууль зөрчсөн мэтээр гүтгэж, харлуулж, АН-ын УИХ дахь бүлгийн гишүүдийн өргөн барьсан хүүхдийг дэмжих зорилготой картны асуудлыг хууль зөрчсөн гээд шүүхэд хандаад явж байгаа юм.

Өнөөдөр ард түмэн сонголтоо хийчихээд байхад өөрсдөө хууль зөрчдөг хүмүүс эрх мэдлээ баталгаажуулах үүднээс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн, ялсан хүмүүсийг харлуулах оролдлого хийж байгаа нь гутамшигтай үйлдэл гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.163
    1 цагийн өмнө

    Харин та бүхэн нилээдгүй сн троллуудаар гаршсан гүтгэгчид

    Хариулах