Монгол Улс анх удаа байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээрүүдэд павильонтой оролцож байна

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 43 минут

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16-р бага хурал /сор16/ энэ сарын 2-нд эхэлсэн. Монгол Улс анх удаа байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээрүүдэд павильонтой оролцож байна. Засгийн газрын төлөөлөлүүдэд зориулсан хөх бүс дэх МУ-ын павильоныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээж үг хэллээ.May be an image of 1 person

“Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож хамтран ажиллаж байгаа Засгийн газар, яам, агентлаг, ЕТГ, НЗДТГ болон шинжлэх ухааны байгууллагууд, залуу төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлье. Манай улсын Засгийн газарт энэ боломжийг олгон павильон гаргаж өгсөн Саудын Арабын Засгийн газарт гүн талархал илэрхийлье.

Бид энэ удаагийн Талуудын бага хурлын үеэр анх удаа албан ёсоор хөх болон ногоон бүсэд павильон ажиллуулж, эх орноо сурталчилж, цөлжилт, ган, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх – нөгөө талдаа туршлага судлах давхар зорилготойгоор оролцож байна.

Монгол Улсын газар, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь зөвхөн манай орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой юм. Газар нутгийн онцлог, уур амьсгалын өөрчлөлт, бидний буруутай үйл ажиллагааны улмаас манай орны нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Энэхүү эгзэгтэй цаг үед буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцыг Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авсан юм гэдгийг тэмдэглэв.

Энэ нь нэг талаараа Монгол Улсын хүчин чармайлтыг үнэлж, нөгөөтэйгүүр Монгол Улсын цөлжилтийн асуудалд Дэлхий ач холбогдол өгч байгаагийн илрэл мөн гэж харж байна. Бэлчээрт суурилсан мал аж ахуй нь хөдөө орон нутгийн айл өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болдог төдийгүй, уламжлалт мал ахуй нь Монголчуудын хувьд үндэсний бахархал, үнэ цэн, соёл мөн. Иймд бид COP17-ын үер “Ирээдүйн төлөөх тогтвортой газар ба бэлчээрийн олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачлагыг дэвшлүүлж байгаа билээ. Талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор энэ удаагийн хурал Монгол Улс онцгой ач холбогдлыг өгч өндөр дээд хэмжээний хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид оролцож байгааг онцоллоо.May be an image of 3 people and dais

Та бүхнийг хэрэлцээр, хуралд идэвхтэй оролцож, Монгол Улсын Павильонд зохион байгуулагдах зэрэгцээ арга хэмжээнүүдээр дамжуулж судалгаа шинжилгээ, бодлого, арга хэмжээ, санхүүжилт, хамтын ажиллагааны түвшинд шинэлэг шийдэл, инновац, санаачлагыг хэлэлцэн, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэхийг хүслээ.

Павильоны нээлтэд Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар, Их долоо болон Их хорийн Байгаль орчны асуудал хариуцсан төлөөллүүд, Конвенцын газрын төлөөлөн Даян дэлхийн газрын санаачлагын Гүйцэтгэх захирал, Даян дэлхийн байгаль орчны сангийн төлөөлөл зэрэг ирж үг хэлэв.

Түүнчлэн павильоны үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Саудын Арабын Хаант Улсаас Монгол улсад амжилт хүсээд, 2026 онд Сор17 зохион байгуулахад бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн олон нийтэд зориулсан ногоон бүсэд Монгол орноо сурталчлах, аялал жуулчлал, үндэсний онцлогийг харуулж байгаа бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна