Б.Уянга: Өвөл утаатай үед сургууль, цэцэрлэгийг амраагаад, зун ордог болох зохицуулалт хийх шаардлагатай байна

Т.Отгонсувд
5 цаг 35 минутын өмнө

Өвлийн улиралд нийслэлчүүдийн хамгийн том асуудал болдог утаа, агаарын бохирдлын талаар УИХ-ын гишүүн Б.Уянгаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Уянга "Утааны асуудал бидэнд тулгамдаад буй том асуудал мөнөөс мөн. Хятад, Энэтхэг зэрэг улсуудыг харахад нэлээн урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байж үр дүнд хүрч байх шиг байна.  

Утааны асуудал бол зөвхөн байгаль орчны яамны асуудал биш, бүх яамдууд үүнд анхаарч байж үр дүнд хүрнэ. Тиймдээ ч 2024-2028 оны хөгжлийн хөтөлбөрт бүх яамдуудад агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлууд орсон байгаа. 

 PM2.5 тоосонцрын хэмжээ агаарт их байх нь ялангуяа хүүхдүүдэд муу.  ДЭМБ-ын 2021 оны судалгаагаар PM2.5 тоосонцрын хэмжээ агаарт м.куб-т 50 микрограммаас их байвал аюул гэж байгаа. Гэтэл одоо манай улсад өвлийн улиралд үүнээс дээш байгаа шүү дээ. Ядаж энэ үеүдэд сургууль, цэцэрлэгийг амраадаг байвал яадаг юм бэ. Үнэхээр зун амраах ёстой бол долоон сард нь амраад зургаа, найман сард нь хичээллэдэг байя. Яг ид хүйтний үеэр 12, 1 саруудад амраадаг байвал яадаг юм. Магадгүй энэ нь Улаанбаатар хотод таарах шийдэл байж магадгүй.  Яг энэ агаарын бохирдлыг бууруулаад, PM2.5 тоосонцрын хэмжээ нь боломжит түвшинд хүрэх хүртэл бил хамгийн түрүүнд бид юу хийж болох вэ гэвэл сургууль, цэцэрлэгийнхээ цонхнуудад шүүлтүүр суулгах ч юм уу тиймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байх.

Өөрийнхөө УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд энэ хүсэлтээ Боловсролын сайдад гаргана. Тэгээд хариугаа авмаар байна. 

Манай бага хүүхэд одоо дөрвөн нас хүрэх гэж байна. Хоёр хоног цэцэрлэгтээ яваад л ханиад хүрчихдэг. Тэгээд эм, тарианы асуудал гарч байна. Энэ бол айл болгонд тохиолдож байгаа асуудал. Тиймээс ядаж гадаа агаарын бохирдолтой үед хичээл, сургуульдаа явахгүй гэртээ байж, өвчин эмгэгээс хол байх хэрэгтэй байна. Тиймээс энэ утааны асуудал маш олон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүсч байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.158
    2024/12/15

    Манайхаан ерөөсөө сургууль цэцэрлэггүй болцгоовол ямар вэ? сайхан дампуурцгаая тэх үү?

    Хариулах
  • 66.181.189.49
    2024/12/15

    за балиар зуны халуунд хэн сурах юм вэ

    Хариулах