Засгийн газраас Төрийн өмчит компаниудад зайлшгүй реформ хийх ёстойг онцолсон. Тодруулбал, зарлага нь өндөр хэрнээ ашиггүй ажилладаг, удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй цацаж, өөрсдөдөө их хэмжээний урамшуулал авдаг байдлыг зогсоож, зохих арга хэмжээг авах ёстойг мэдэгдсэн.
Тэгвэл хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, зардал ихтэй, засаглал муу компанийн тод жишээ нь “Монголын Цахилгаан Холбоо” компани болоод байна.
690 албан хаагчтай “Монголын Цахилгаан Холбоо” гэх энэ нүсэр компани хагас жилдээ ердөө 14-хөн сая төгрөгийн ашигтай
Өнөөдрийн байдлаар Монголын Цахилгаан Холбоо /МЦХ/ өр төлбөр нийлсэн 64 тэрбумын хөрөнгөтэй, 146 сая төгрөгийн ногдол ашгийн өглөгтэй боловч 2024 оны зургадугаар сарын 30-ны байдлаар буюу хагас жилдээ ердөө 14-хөн сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоосон.
Тодруулбал, ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс өмнө ногдол ашгаа хуваарилж дуусган, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж байх үүргийг нийт хувьцаат компаниуд хүлээлгэсэн. Гэтэл Монголын Цахилгаан Холбоо /МЦХ/ өдий хэрнэ ногдол ашгаа тараагаагүй сууна.
Эндээс ашиггүй шахуу ажилладаг энэ компанийг хэн удирдаж ийм нөхцөлд хүргэсэн бэ гэх асуудал зүй ёсоор тавигдах учиртай. 100 жилийн түүхтэй тус компанийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ойрын хүн гэгддэг Б.Чинбат гэх нөхөр сүүлийн хэдэн жил удирдаж байна.
Үндсэн үйл ажиллагаа нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээ байтал төв талбайд байрлах том байрныхаа түрээсээр л амь зогсоож, татвар төлөгчдийн болон хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгөөр л амьтай голтой оршиж байгааг төр анхааралдаа авах цаг болжээ.
Интернет, телевиз нь байнга тасалддаг гээд хэрэглэгчид нь ам муутай, гомдол нь барагддаггүй энэ компанийн шилэн данс, тайлан нь ил тод бус байгаа нь бүр ч их хардлага төрүүлж байна.
Ижил талбарт үйл ажиллагаа явуулдаг Мобиком корпорацитай харьцуулахад л хэр ажиллаж байгаа нь ойлгомжтой хэмээн салбарынхан нь халаглаж сууна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна