Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнгөрсөн сарын 22-нд Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-д ажиллахдаа “Алдагдлаа бууруулах” 14 хоногийн хугацаатай үүрэг өгсөн билээ.
Улсдаа долоохон байдаг цементийн үйлдвэрүүдээс хамгийн олон жилийн түүхтэй ч 2014 онд “МАК цемент” , “Монцемент” үйлдвэр шинээр баригдахтай зэрэгцэн технологио шинэчилж, бараг цоо шинэ болсон тус үйлдвэр нэг төгрөг олохын тулд нэг төгрөг долоон мөнгө зарцуулж байгаа. Тодорхой хэлбэл, алдагдалтай ажиллаж байгаа гэсэн гашуун мэдээллийг С.Бямбацогт сайд олон нийтэд ил болгосон.
Хамгийн ноцтой нь, Засгийн газраас Төрийн өмчийн компаниудыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулж, гурван жил дараалж ашиггүй ажилласан ААН-үүдийг татан буулгах, бүтэн болон хэсэгчлэн хувьчилна гэдгээ зарласны /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд оруулсан уг заалт 2025 оны Төсвийн тухай хуультай хамт өргөн баригдаж батлагдсан/ ард ийм явдал болж байгаа нь маш ноцтой, сэжигтэй байна.
Төр, орон нутгийн өмчит болон төр, орон нутгийн өмчийн оролцоотой компаниудыг албаар ашиггүй ажиллуулж, үнэ цэнийг нь унагах замаар хувьчилж авсан түүх олон бий. Төр өмчөө найдвартай гарт даатгаж, ачаанаасаа салах түүхэн шийдвэр гаргаад ажиллаж байгаа энэ үед ийм санаархал явж байхыг үгүйсгэхгүй.
Тиймээс бид ТӨХК-иудын санхүүгийн тайлан, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цувралаар хүргэхээр шийдсэн бөгөөд “Хөтөлийн цемент шохой” ХХК-иар эхэлж байна.
Хувьд шилжээд ч, төрд шилжээд ч өөдлөөгүй Хөтөлийн “Цемент шохой” ХХК
Хөтөлийн “Цемент-Шохой” ХК нь 1983 онд “Цемент шохойн комбинат” нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Анхны суурилагдсан хүчин чадал нь 500,000 тонн байсан бөгөөд 2011 онд “Бэйзмэнт” ХХК-д 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр өгч, улмаар иж бүрэн шинэчлэл хийж, дэлхийн шилдэг технологи болох хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулсан байна.
Дараа нь 2015 онд зах зээлийн үнэлгээнээсээ хэд дахин бага үнээр буюу 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж, “Хөтөл" ХХК-д шилжүүлсэн. Улмаар 2022 онд Төр мэдэлдээ эргүүлж авсан байдаг.
“Сахал Д.Эрдэнэбилэгийн” гэх тодотголтой “Хөтөл” ХХК үйлдвэрийг хувьчилж авсныхаа дараа Хөгжлийн банкнаас 61 сая ам.долларын зээлийг хүүгүй, барьцаагүй авсан байсан бөгөөд үйлдвэр төрд шилжсэний дараа “Хөгжлийн банк” уг мөнгийг Хөтөлийн “Цемент шохой” ХХК-иас нэхэмжлэн дуулиан тарьж байв.
Төр үйлдвэрээ буцааж авсныхаа дараа “З.Энхболд руу гутал шидсэн” гэдгээс өөр олон нийтэд танигдсан түүхгүй, АН-д орж, хөөгдөж явсан намтартай Л.Наранбаатарыг захирлаар тавьсан.
Тэр жил /2022 онд/ Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК 351 мянган тн цемент үйлдвэрлэж, 353.3 мянган тонн цемент борлуулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө 101, борлуулалтын төлөвлөгөө 103 хувь биелсэн гэсэн үзүүлэлттэй ажилласан ч түүний дараа жилээс компанийн үйл ажиллагаа эрс доголджээ.
Тодруулбал, аудитын байгууллага компанийн санхүүд дүн шинжилгээ хийгээд 2023, 2024 онд дараалан “Хязгаарлалттай” дүгнэлт гаргасан. Түүндээ “Буруу илэрхийлэлтэй, материаллаг боловч өргөн тархаагүй” гэж дурдсан байх бөгөөд дүгнэлтийн төгсгөлд “Буруу илэрхийлэл нь залилан, эсвэл алдаанаас үүсэж болох бөгөөд дангаараа эсвэл нийлээд уг санхүүгийн тайланд үндэслэн гаргах хэрэглэгчдийн эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх үндэслэлтэй байвал материаллаг гэж үздэг” хэмээн тайлбарласан байна.
Ажлаа хийдэггүй албан тушаалтанд их хэмжээний цалин олгосон, ажилтнуудаа үндэслэлгүй халж, Шүүхээс удирдлагын буруу шийдвэрийн улмаас халагдсан нь тогтоогдсоны улмаас тэдгээр ажилтнуудад олон зуун сая төгрөгийн нөхөн олговор өгч компанийг хохироосон.
Гэсэн ч гарсан хохирлыг /Зөвхөн 2024 онд гэхэд 282.7 сая төгрөг/ буруутай этгээдээр нөхөн төлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан байна.
Уг нь бол Монгол Улсын хувьд цемент стратегийн бүтээгдэхүүн. Чанар, стандартаа хангачих л юм бол шатахуунтай адилхан, зарагдахгүйн зовлон байдаггүй бараа.
Гэтэл сүүлийн үед цементийн үйлдвэрлэл нь эрс буурч, чанарын хувьд ч хэрэглэгчдэд гологдох болсны, улмаар ашиггүй ажиллаж байгаагийн шалтгааныг нарийн шалгаж, арга хэмжээ авах цаг болжээ.
Нөгөө талдаа авлига, хээл хахуультай ч холбогдсон байж болзошгүй өнөөгийн удирдлага Д.Баттүвшин гэгчийг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хууль хяналтын байгууллагууд ч шалгах учиртайг энд сануулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.77
Цемент ашиггүй бна гэж огт бхгүй. Төрийн өмчийг зориуд үнэгүйдүүлж бгаа. Гүйцэтгэх захирлыг нь барьж хорь. Хохирлыг нь төлүүлэх хэрэгтэй. Дээрээс нь Бямбацогт өөрийн цементийн үйлдвэрийнхээ өрсөлдөгчийг намнах бодлого барьж бна. Илт ашиг сонирхолын зөрчилтэй. Энэ үйлдвэр ашиггзй бна гэж огтхон ч бхгүй шүү
Хариулах66.181.186.212
хувьд авах гэсэн санаа яваад байгаа юм биш үү тэгээд л зориуд алдагдалтай ажиллаж байна даа дарагыг солиоч дээ
Хариулах45.117.34.124
ёоо арай арай
Хариулах