Л.Энх-Амгалан: Гэр сургуулийн хооронд ямар маршрутаар явж байгааг хянах байршил тогтоодог систем нэвтрүүлнэ

Х.Есү
49 минутын өмнө

Удахгүй шинэ хичээлийн жил эхэлнэ. Энэ жилээс сурагчдад цахим платформ ашиглан гэрийн даалгавар өгөхийг хориглосон мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нэг ч сургууль цэцэрлэгийг нүхэн жорлонтой байлгахгүй хэмээн мэдэгдээд буй. Бид хүүхдүүдийн боловсрол эрүүл мэнд дээр хэрхэн анхаарч, ямар бодлого барьж ажиллах талаар түүнээс тодруулж ярилцлаа.

-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Засгийн газраас зарлагдсан “Монгол хүүхэд бүрийг ур чадварын хоцрогдлоос чөлөөлье”гэдэг бодлого энэ жилээс хэрэгжиж эхэлнэ. Гэрт ойрхон сургууль цэцэрлэг хамгийн сайн сургууль цэцэрлэг байдаг. Гэхдээ хот хөдөө болон төвийн сургууль хувийн сургуулиудын ялгаа их гарсан. Хот хөдөө болон хувийн сургуулийн ялгааг арилгахын тулд зургаан том шинэчлэл хийнэ.

Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэл хийнэ.

Хоёрдугаарт, сайн багшийн тогтолцоог бүрдүүлнэ.

Гуравдугаарт, хувьсах зардлын тогтоолцоог хийнэ.

Дөрөвдүгээрт, хуурамч дүнгийн тогтолцоог хална.

Тавдугаарт, сургууль цэцэрлэгийн удирдлагын тогтолцоо

Зургаадугаарт, ухаалаг сургууль буюу цахим сургууль болох тогтолцоог бий болгож бүрдүүлнэ.

Үүнээс гадна нийслэлд хамгийн өндөр ачаалалтай буюу 3000-с дээш хүүхэдтэй 38 сургууль байгаа. Эдгээр сургуулийг хотхоны бага сургууль, төрөлжсөн бага сургууль болгоно гэсэн хоёр тогтолцоог гаргаж ирж байгаа. Эдгээрийг нээснээр нэг ангид суух хүүхдийн тоо багасна.

Дараагийн асуудал бол хөдөө 200-с доош хүүхэдтэй байгаа 200 сургууль байна. Бүгд 12 жилийн тогтолцоотой. Эдгээр сургуулиудыг буцааж есөн жилийн тогтолцоотой болгоно.

Мөн энэ жилээс эхлэн сургуульд суурилсан эрт илрүүлгийг хийх гэж байна. Гурван настай хүүхэд, нэгдүгээр анги, зургаадугаар анги, есдүгээр анги, арванхоёрдугаар ангийн хүүхдүүдэд эрт илрүүлгийг хийнэ. Хүүхдийн эрт илрүүлэг гэдэг бол сургалтад нь шууд нөлөөлдөг. Тиймээс үүнийг хийх ёстой.

Энэ жилийн нэг онцлог бол хөтөлбөрийн шинэчлэл. Монгол хүүхдэд оюуны тамир, биеийн тамир, сэтгэл зүрхний тамир хэрэгтэй юм байна. Сэтгэл зүрхний боловсрол хэрэгтэй тул үүн дээр иллүү анхаарна. Нэгдүгээр ангид оронгуут нь л үсэг тоо заахгүй. Эхлээд би сурагч боллоо гэсэн бэлтгэл хөтөлбөрүүдийг хийнэ. Бүх хичээлийг тоглонгоо сурдаг байх хөтөлбөрийг бэлдсэн байгаа.

Сургууль анги танхим бүр цэвэр цэмцгэр эрүүл байх ёстой. Хөдөөний сургуулийн нүхэн жорлонг халлаа. Энэ хичээлийн жилээс нэг ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлон хэрэглэхгүй. 

-Нүхэн жорлонгийн дэд бүтэц шийдэгдсэн гэсэн үг үү?

-Тийм. 1200 цэцэрлэг дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шийдэж дууссан. Хоёр жил үргэлжилсэн ажил энэ жил дуусч байна. 

Аюулгүй сургууль гэдэг бол үе тэнгийн дээрэлхэлтгүй, цахим дээрэлхэлтгүй сургуулийг хэлдэг. Тиймээс цахимаар гэрийн даалгавар өгөхийг хориглосон. 

Хүүхэд гэрээсээ сургууль хүртлээ ямар маршрутаар явж байгааг тогтооно. Хүүхдийн байршил тогтоодог системүүдийг нэвтрүүлнэ" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна