АН гэж урагшгүй, үйлс нь хазайсан нам байх. Навс ялагдаж байсан үеэ бодвол энэ удаагийн парламентад бас ч гэж муугүй 42 суудалтай, эрх мэдэлтэй, эрх ашиг нийцэхгүй асуудлаа кнопоороо барьцаалах боломжтой сөрөг хүчин болоод буй ч бүр нэг бүтэл муутай, хэр тааруу улс төр хийж өдөр хоногийг аргацааж байх. Хүний хуучин, дээлний шинэ нь дээр гэж үг бий. АН-ын даргаар томилогдоод жил хүрэхгүй үгүйтэй болж буй О.Цогтгэрэл энэ албан тушаалд үнэхээр жулдаж байна. Уг нь сийрэг толгойтой, гав шавхийсэн сэргэлэн хүн бол эрх баригчдын талцал хуваагдлын шархан дээр давс үрж, бүжиг дэглэж, вальс эргэх бүрэн боломжтой цаг хугацаа.
МАН хоёрхон жилийн дотор гурав дахь Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзэж буй. Ёстой л эрх мэдэлд бялуурсан хүмүүс “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэж дур зоргоороо аашилж байх энэ цаг хугацаанд АН сөрөг хүчин шиг байж, айсуй сонгуулиа бодмоор юм.
Атал засаг төр хөдлөх, огцруулах дүйвээнээр О.Цогтгэрэл гарч ирж мэдэгдэл хийхдээ давхар агуулгатай, ялих шалихгүй аахар шаахар зүйлс ярина. Тэр асуудлууд нь газар авахгүй тэгс ингэсхийгээд намжина. Н.Учралын Засгийн газар кабинетаа бүрдүүлээд 80 орчим хоног болж байхад огцруулахаа О.Цогтгэрэл сүр дуулиантай мэдэгдэж байв. Өөрийнхөө бланк дээр цуглуулсан гарын үсгийн тоо 40 болжээ. Гарын үсгийн тоо 64 хүрвэл УИХ хэлэлцэх учиртай. Тэрбээр өчигдөр намынхаа ээлжит мэдээллийн үеэр “Сүүлийн хэдэн сарын хугацаанд муу засаг удвал нөхцөл байдал хэрхэн доройтдогийг харлаа. Өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн хүмүүс гарч ирлээ. Н.Учрал Ерөнхий сайд болохынхоо өмнө УИХ-ын дарга, ЭЗХ-ийн сайд байсан. Тэр хүн нар, саран дээрээс ирээгүй. Өнгөрсөн 10 жил аль нам засаг барьсан юм. Энэ хүн хаана явсан юм” хэмээсэн ч дорвитой өөрчлөлт, шинэчлэлт ярихгүй асуудлыг тойруулаад “илсхийгээд” өнгөрөв.
Уг нь бол гурван сонгууль дараалж ялагдсан сөрөг хүчинд эрх баригчдын худал хуурмагийг баримтаар гаргаж тавих, харьцуулах, графикаар үзүүлэх гээд намын гишүүн эдийн засагч, санхүүч, банкир гээд бүхий л мэргэжлийнхнээ хамруулсан том судалгаа хийлгээд түүнийгээ олон нийтэд наанадаж үзүүлмээр юм. Иргэдийн амьдрал үнэн хүнд байна шүү дээ. Өдрөөс өдөрт иргэдийн худалдан авах чадвар буурч, төгрөг үнэгүйдэж байна.
Сүүлийн 2-3-хон сарын дотор зургаан хувь байсан инфляц 12 боллоо. Төсвийн орлого эхний хагас жилд 2.1 их наяд төгрөгөөр тасарч байна гэдэг бол бизнесүүд дампуурч байна гэсэн үг. Төв банк бодлогын хүүг нэмчихлээ. Цаашид ээлж дараалан нэмбэл бизнесүүд зээл авч чадахгүй, дампуурах нөхцөлд орно. Ядуурал улам нэмэгдэх нь. Хоногийн хоолоо дөнгөн данган залгуулах өрхийн тоо нэмэгдэнэ. Энэ бол эрх баригч намын бодлогын алдаа мөн.
Ядахад ялаа гэгчээр нэмээд шатахууны үнэ нэмэгдэж, олдоц ч ховордож, дагаад шагийн бизнес цэцэглэж, иргэд ч бухимдаж нийтээрээ хөмсгөө зангидсан хүмүүс болцгоосон. Тоо худлаа ярьдаггүй. Өнгөрсөн хугацааны тоон үзүүлэлтээр харьцуулалт хийгээд, эрх баригчдыг ажлыг нь бодитоор хийлгүүлэх сөрөг хүчин хэрэгтэй байна. Энэ ажлыг хийхэд О.Цогтгэрэл үнэхээр жижигдэж, цаг үеэ мэдрэхгүй, асуудлыг хэт дээрээс харж, нөгөө талдаа улстөрчийн манлайлал, харизм түүнд дутагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна