"Евро 92 Америкт зарагдаж байгаа 91-тэй бараг үнэ дүйцэж байна. Ард түмнийг яаж амьдар гээд байгаа юм бол доо"

Zuv.mn
53 минутын өмнө

Шатахууны хомсдолтой, иргэд "балга" бензин авахын тулд хонон өнжин дугаарладаг болоод нэг сар орчим болох гэж байна. Үүнтэй зэрэгцээд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахууны үнэ сарын дотор литр тутамдаа 450 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл өчигдөр оройноос Евро 92 шатахууны литр нь 4950 төгрөг болж нэмэгдсэн байна. 

Үнийн нэмэгдлийг АНУ-д амьдардаг иргэн харьцуулан цахим хуудастаа бичжээ. Тэрбээр

-Энэ Евро 92 Америкт зарагдаж байгаа 91-тэй бараг үнэ дүйцэж байна. Гэхдээ тэдний болон бидний дундаж цалин, цалингийн доод хэмжээ харьцуулшгүй шүү дээ. Ард түмнийг яаж амьдар гээд байгаа юм бол доо.

Миний амьдардаг хотод 91 бензин одоо дайны хямралын улмаас үнэ нь нэмэгдээд 1 галлон буюу 3.8 литр нь 5.39 доллартай байна гэсэн. Хэдхэн сарын өмнө 3.8 доллар орчим л байдаг байлаа. Америк ч яахав зах зээлээ дагаад хямрал нь дуусвал буцаагаад байсан үнэ рүү нь хямдруулдаг л газар байна лээ. Бензиний үнэ нь ер нь өдөр тутамдаа дээш доош жоохон жоохон хэлбэлзсэн л байдаг.

Манайд яг энэ үнээр бодоход Евро 92 бензин 3.8 литр нь 5.2 доллар орчим болж байна.

Монголд дундаж цалин гар дээр татвар бодуулсны дараа хэдийг авдаг вэ? 400-600 доллар л байх. Цалингийн доод хэмжээ сая 277 доллар боллоо шүү дээ. (Энэ татвар нийгмийн даатгал төлсний дараах цалин уу үгүй юу мэдэхгүй)

Тэтгэврийн хүмүүс бүр өндрөөр тогтоолгоогүй л бол 200 орчим доллар л авч байгаа биз дээ.

Цалингийн доод хэмжээгээр тооцвол монгол хүний 1 цагийн хөдөлмөрийн үнэлэмж 1.7 доллар хавьцаа буюу 6120 төгрөг байна.

Миний амьдарч буй Денвер хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цагийн 19.29 доллар буюу 69400 төгрөг орчим болсон. За татвараа хасаад гар дээр ирэх цагийн хөлс нь ойролцоогоор 16 доллар буюу 57600 төгрөгтэй тэнцүү.

Денверт 4 долоо хоног 4 цагаар ажиллаад хамгийн багаар бодоход 2560 доллар гар дээрээ авах нь. (Гарын мөнгө авдаг үйлчилгээний ажилчдын цалингийн доод хэмжээ өөр)

Ийм цалинтай байж байж бензин нь 3.8 литр тутамд 5.39 доллар гэсэн ханштай байна. Тэр нь тэгээд бүр хямраад үнэ нь нэмэгдчихсэн байгаа нь шүү дээ.

Хөдөө орон нутаг, орлого багатай хүн ам багатай хотуудаар бензиний үнэ нь хотод байдгаасаа ч хямд байдаг. (Тийм байхад нөлөөлдөг хүчин зүйлс их байна)

Бид тэнгэрийн цалин аваагүй байж, тэнгэрийн үнэтэй л бензин хэрэглэж байна даа. Орост ч бензин хомсдоод асуудал гараад үнэ нэмэгдэж байж болно оо. Гэхдээ манайхан хэзээ л үнээ өсгөсөн шигээ буулгадаг байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна