ХААН банкны ойн урамшуулал зэрэг зараар иргэдийн интернэт банк руу халддаг иргэдийг баривчилжээ

Х.Есү
37 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас “ХААН банкны 35 жилийн ойн урамшуулал болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг иргэдийн анхаарал татахуйц агуулга бүхий хуурамч зар мэдээллийг цахим орчинд байршуулж, хортой фишинг сайтыг зохион бүтээн, хандалт өгсөн иргэдийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлан авч, хууль бусаар нэвтэрч, данснаас мөнгөн хөрөнгө хулгайлан авдаг байсан гадаад улсын нэг, Монгол Улсын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчиллаа. 

Тухайн этгээдүүд нь гадаад улсад цахим орчинд гэмт хэрэг үйлддэг гэмт бүлэглэлийн санхүүжилт, холбоо хамаарлыг ашиглан Монгол Улсын иргэдтэй гадаад улсад аялах, суралцах явцад нь урт хугацаанд харилцаа тогтоож, бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулах, амлалт өгөх замаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхэд татан оролцуулдаг байсныг тогтоогоод байна.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, прокурорын зөвшөөрлөөр хэргийн холбогдогчдын байрлаж байсан орон байр, биед нэгжлэг хийхэд Монгол Улсын иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдсан, халдахаар бэлтгэж байсан үйлдэлтэй холбоотой цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуульд заасан үндэслэл, журмын дагуу  бэхжүүлэн авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон нотлох баримтыг үндэслэн хэргийн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах”, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтайгаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Сүүлийн үед иргэдийн интернэт банкны нэвтрэх эрх, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код зэрэг мэдээллийг хуурамч веб хуудас, мессэж, цахим шуудан болон сошиал хаягаар дамжуулан олж авахыг завдсан фишинг халдлага нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж, сэжигтэй холбоосоор нэвтэрч интернэт банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо оруулсан бол нэн даруй банктай холбогдон данс, картыг түр хаалгах, нууц үгээ сольж, цагдаагийн байгууллагад мэдээлнэ үү.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна