Г.Дамдинням: Дэлхий даяар шатахуун олдож байвал их юм бол болчихоод байна

Х.Есү
41 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр, “Шатахууныг бид байнга шалгадаг. Хилээр орж ирэхэд нь агуулахад нь буулгах нь хүртэл шалгадаг. Өчигдөр манай хяналт шалгалтынхан явж шалгасан байна лээ. Сарын эцэст гаалиар орж ирсэн хэмжээ зарагдсан бараа бүтээгдэхүүний хэмжээг тулгаж шалгана. Өчигдрийн хийсэн шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй.

ОХУ-д Евро-2 төрлийн шатахууны үнэ тасралтгүй хөдөлж, өсөж байна. Одоо өсвөл өссөн үнээр, буувал буусан үнээр нь авахаас өөр сонголтгүй болоод байна.

Евро-2 төрлийн бүтээгдэхүүнийг Роснефт компаниас 50 мянган тонныг энэ сард өгөх ёстой. Түүнийгээ ч өгсөн. Хямралтай нөхцөл байдлаас шалтгаалаад хэрэглээ маань гүйцэхгүй байна. Ердийн үед 1000-1200 тонн хэрэглэгддэг бол сүүлийн арваад хоногт 1500-1700 тонныг нийлүүлж байна. Харьцангуй гайгүй болж байна. Орон нутгийн ачилтуудыг сүүлийн хоногуудад нэмэгдүүлж байгаа. Энэ долоо хоног дуусахад хүндрэлтэй байгаа аймгуудад хүрчих байх гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орон нутагт саванд шатахуун олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэнэ.

Засгийн газраас шатахууны нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ сард багтан нөөцлөх хүчин чадлыг 30 хоногоос 45 хоног болгон нэмэгдүүлнэ. Евро-2 нь Евро-5-тай харьцуулахад хүхрийн агууламж 50 дахин, бензолын агууламж тав дахин их байдаг нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд маш хортой бөгөөд Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг. 

ОХУ-ын дотоодод шатахууны хомстол үүсэж, 30 гаруй боловсруулах үйлдвэрийн 20 орчим нь халдлагад өртсөн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул манай улс БНХАУ-аас ирэх оны 9 дүгээр сараас эхлэн Евро-5 стандартын бүтээгдэхүүн тогтвортой авах урт хугацааны гэрээ хэлцлүүдийг хийж байна. Урд хилээр шатахуун хүлээн авч, дамжуулан ачих хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, 150 мянган м³ буюу нийт хэрэглээний 60 гаруй хувь болгосон. 

Сүүлийн 3-4 жилийн хугацаанд тонныг нь 705 ам.доллароор тогтвортой авч, дотоодын үнийг барьж ирсэн. Гэвч өнгөрсөн хавраас эхлэн Орос-Украин, Иран-АНУ-ын хоорондох геополитикийн зөрчилт байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх үнэ тасралтгүй хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан энгийн АИ-92 бензиний үнэ огцом өсөх эрсдэлтэй байсныг ОХУ-тай хэлцэл хийсний үр дүнд тус улсын дотоодын биржийн үнээр худалдан авах зохицуулалтад шилжүүлж, үнийг харьцангуй тогтвортой барьж байна.

Шатахууныхаа хэрэглээг хэмнэж, бусдадаа боломж олгохыг уриалмаар байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна