Наро Банчэн Гэгээн: Модонд хадаг уях, бумба голд урсгахын үр дагавар бусдад хорлолтой учир шашны үндсэн сургаалийг зөрчиж байна гэсэн үг

Zuv.mn
41 минутын өмнө

“КОП 17” НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын Бага хурлын салбар хуралдаанд оролцсон Наро Банчэн Гэгээнтэй ярилцлаа.

-НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлын салбар хуралдаанд оролцжээ. Ямар хуралдаанд оролцож, ямар байр суурь илэрхийлэв?

-Эх оронд маань дэлхийн хэмжээний хурал болж байна. Миний хувьд “Head 4Land” гэдэг нэртэй хуралд оролцлоо. Энэ дэлхийд юм бүгд нэг, нэгнээсээ харилцан хамааралтай оршдог. Тиймээс бүгд хоорондоо харилцан хамааралтай оршиж байгаа нөхцөлд аливааг үйлдэхдээ бусдад үзүүлэх нөлөөг бодолцох ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Хүн төрөлхтөн бүгд амар амгаланг хүсдэг. Гэхдээ хүсээд байгаа тэр амар амгалан маань хэн нэгнээс хамааралтай, бусдын оролцоотой бий болж байгаа учраас бусдад хор хүргэх юм бол ирээдүйд ирэх аз жаргалынхаа шалтгааныг үгүй болгож байна гэсэн үг.

Тиймээс бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, хойч үедээ цэвэр цэнгэгээр нь хадгалж үлдээхийн тухайтад бүгд хичээх хэрэгтэй гэсэн сэдвээр илтгэл тавилаа.

-Монголчууд эрт дээр үеэс байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахдаа шашныг, тэр дундаа буддын шашны гүн ухааныг ашиглаж ирсэн уламжлалтай. Энэ байдлыг гаднынхан хэрхэн хүлээж авч байна вэ?

-Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Тийм болохоор юм бүгд харилцан хамааралтай, бие, биетэйгээ шүтэлцээтэй оршдог гэсэн буддын шашны ойлголт маш хүчтэй суусан байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалахын тухайтад маш их хувь нэмэр болох ойлголт, соёл монголчуудад байна.

-Монголчууд байгаль дэлхийгээ дээлдэг, буддын шашны сургааль энэ үзэл санаатай зөрчилддөггүй, харин ч улам батжуулах суурь болж ирсэн уламжлалтай. Гэтэл сүүлийн үед шашин сүсгийн сэдэлтэйгээр гол усанд бумба урсгах, сүү хийх зэргээр бохирдуулах явдал гарах боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Бид бүхэн үйлийн үрийн хуулиар амьдардаг. Ямар үйл хийнэ, түүнийхээ үр дагаврыг эдэлнэ. Энэ бол шашны номлол гэхээсээ илүү байгаа, бодит байдал учраас ямарваа нэгэн үйлдэл хийхдээ үр дагаврыг нь сайн бодоод байгаль дэлхий болон бусдад ээлтэй байвал хийх, хортой бол хийхгүй байх гэсэн энгийн ойлголт. Тиймээс бүхий л үйлээ энэ шалгуураар бодож үйлдэхийг хичээх нь зүйтэй.

Модонд хадаг уях, бумба голд урсгахын үр дагавар нь бусдад хорлолтой учир ийм үйлдэл хийж байгаа хүмүүс шашны үндсэн сургаалийг зөрчиж байна гэсэн үг.            



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна