АН: Хамтран зүтгэгч, эрхэм анд найз О.Чулуунбилэг ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо

Х.Есү
2 цаг 5 минутын өмнө

Ардчилсан Монгол Улс ардчилал, эрх чөлөөний төлөөх үнэт зүйлийн өндөрлөг болсон нэгэн эрхэм хүмүүнээ алдлаа. Үйл хэрэг, үзэл санаагаа хуваалцсан бидний нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм анд найз Оросоогийн Чулуунбилэг нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

О.Чулуунбилэг маань 1978 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн юм. 

Тэрээр Төв аймгийн Нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж Түүх судлаачаар төгссөн билээ. Улмаар АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалж, Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар шамдан суралцаж байсан билээ. 

О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлагын судалгаагаар мэргэшсэн Ардчилсан намын манлайлагч залуусын түүчээ нь байлаа

Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь: 

Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэн, “Ж энтертайнмент”студи, “Ю Би Эс мюзик” студи, “Инкубатор Монголиа” ХХК, МРО ХХК, IC ХХК-д ажиллаж байгаад
2008-2011 онд УИХ-ын гишүүний туслах, зөвлөх,
2011-2013 онд Ардчилсан намын Олон нийт, гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга,
2013-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх,
2024 онд УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч,
2024 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Улс төрийн бодлогын зөвлөх,
2025 оны 05 дугаар сараас эхлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн захирлаар тус тус ажиллаж байв.
Талийгаач нь өөрийн ухамсарт амьдралын бүхий л цаг үед Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлэгч, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалагч, шударга ёсны төлөө үзэл бодол, үйл хэргээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн, хүндлэгдсэн эх оронч, тууштай зарчимч хүмүүн байв.
Тэрээр амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говийг усжуулах нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх гэгээн үйлсэд чин сэтгэлээрээ манлайлж, төслийн нэгжийг удирдан ажиллаж байлаа.

Эрхэм таны мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын нийгэмд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдлээ. Эрхэм таны зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг тань хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.

АРДЧИЛСАН НАМ
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна