А.Баяр: 2026 оныг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын жил болгон зарлаж байна

С.Гандэлгэр
1 цаг 53 минутын өмнө

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах ээлжит хуралдаан болж байна.

Хурлын эхэнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр дараах таван чиглэлд гэмт хэргийг бууруулахаа онцоллоо.

1. Гэр хороололд гэмт хэргийг бууруулна

Нийслэлд гэдэг нэгэн өрх айл. Иймээс 9 дүүрэг бүгд нэгдэн гэмт хэрэг, хэрэг зөрчилтэйгөө тэмцье. Гэмт хэрэг зөрчил хамгийн их гардаг хар цэгүүдээ тодорхойлж гудамж, талбайгаа бүрэн камержуулж, гэрэлтүүлье. Дэлхийн хотууд ч гэмт хэрэг зөрлийг техник технологийн хүчээр бууруулж, урьдчилан сэргийлж байна. Бид ч хөгжил дэвшлээс хоцорч болохгүй. Шинэ техник технологийг нэвтрүүлж ажиллах ёстой.

2. Залилагч этгээдүүдэд завшаан өгөхгүй байя

Ингэж хэлэхийн учир нь өнгөрсөн 2025 онд залилангийн гэмт хэрэг хамгийн их өссөн буюу нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн 30 хувийг эзэлж байна. Залилагчид засрахгүй давтан үйлдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах, хууль эрх өөрчлөлт хийхг ёстойг харуулж байна. Үүнд бүгдээрээ идэвх санаачилгатай ажиллацгаая.

3. Хар тамхинд “ХААЛТ” хийх цаг болсон

Өөрөөр хэлбэл хар тамхийг хилээр орж ирсний дараа биш орж ирэхээс өмнө бид таслан зогсоох ёстой. Иймээс илрүүлэлтийг шинэ түвшинд гаргах, дэмжих ажлыг эрчимжүүлье. Энэ оны анхны хурлаа бид Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газар дээр хийж байгаа нь ч үүнтэй холбоотой юм.

4. Соён гэгээрлийн ажлыг эрчимжүүлж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бууруулахад анхаарцгаая

Нэгнээ хайр найргүй зодож эрэмдэг зэрэмдэг болгож эрүүл мэндээр нь хохироодог балмад этгүүдэд жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь архидалтаас гадна хүмүүжил, соён гэгээрэл муу байгаатай холбоотой. Соён гэгээрүүлэх, сэрж сэхээрүүлэх ажлыг тогтмол хийх чухал байна. 

5. 2026 оныг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын жил болгон зарлаж байна

2026 оныг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ГЭР БҮЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН жил болгон зарлаж байгааг хуралдааны эхэнд цохон тэмдэглэж байна. Хүчирхийллийн эсрэг хүн бүр ажиллацгаая гэж уриалмаар байна. Хөршийн холбоог хөгжүүлье. Үе тэнгийн дээрэлхэлтийг үгүй хийе.

Тус тусдаа бодлогогүй, судалгаагүй, хариуцлагаас зугтаж явсаар гэмт хэрэг буурахгүй. Тиймээс судалгаа шинжилгээнд суурилсан богино, дунд, урт хугацааны бодлого төлөвлөгөө гаргаж гэмт хэрэг, зөрчлийг бодитоор бууруулж ажиллахыг та бүхэнд сануулж бас уриалж байна" гэлээ.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна