Манай www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор хуулийн байгууллагад хандаж, улмаар 20 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Учир юу гэвэл, нийтийн албан тушаалтантай холбоотой баримттай мэдээллийг манай редакци бэлтгэн нийтэлсэн. Гэтэл “Миний зургийг нийтлэхдээ надаас асуугаагүй, зөвшөөрөл аваагүй” гэх агуулгаар ХЭҮК-т гомдол гаргасан байгаа юм.
Тэгтэл ХЭҮК-оос “Иргэн Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг нийтэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 6.27.3 дахь заалтанд заасан зөрчлийн шинжийг агуулах боломжтой” гэдэг бичиг гаргаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр гэж хүнд хаяглаад явуулжээ. Ингээд 20 сая төгрөгийн торгууль ногдуулж, процесс өрнөж байна.
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулинд “биометрик мэдээлэл” гэдэгт хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, гар утас таних бодит нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махдбодьтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг хэлнэ гэж томъёолжээ. Өөрөөр хэлбэл, бодит биеийн өгөгдлүүд л ордог аж. Харин зураг биометрик мэдээлэл орохгүйг хуульчид хэлж байна.
ХЭҮК нэг талд үйлчилж, хүний эрхийг хангах ёстой байгууллага гэдгээ умартав. Асуудал өндрөө аваад эхлэнгүүт тус комисс энэ шийдвэрт дотоод хяналт шалгалт эхлүүлж буйгаа мэдэгджээ. Ингэхдээ, “...нээлттэй, хариуцлагатай, мэргэжлийн байр сууринаас шийдвэрлэж, долоо хоногийн дотор олон нийтэд мэдээлэх болно” гэсэн байна. Өмнө нь яг энэ зарчмаар ажиллаагүй, мэргэжлийн бусаар танил талдаа үйлчилсэн болж таарч байна уу.
Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөхөд эрхээ хангуулахаар ханддаг ганц байгууллага нь ХЭҮК. Тус байгууллагад иргэн Дорж, Дулмаагаас эхлүүлээд хорих ангид хүмүүжиж буй хүмүүжигч хүртэл хандаж байгаа. Гэтэл танил талгүйд ийн ялгавартай, хариуцлагагүй ханддаг байж мэдэхээр байна. Хүний эрхийг хангадаг энэ байгууллагад хүний эрхийн мэдрэмж үнэхээр алга. Хэчнээн хүнийг санаатай болон санамсаргүйгээр хохироосон бол.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна