Н.Номтойбаяр: Стандартын хэрэгжилтийг хатуу мөрдүүлж, шаардлага хангаагүй барилгыг төр хүлээн авахгүй

Г.Анар-Эрдэнэ
6 цаг 50 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр өргөн барьсан хуулийн төсөл, эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.  Хуулийн төсөл батлагдсанаар стандартын шаардлагыг бүх салбарт хатуу мөрдүүлэх бодлого хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит ахиц гарна гэв.

Тухайлбал, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламжийг төр хүлээн авахгүй бөгөөд улсын төсвийн санхүүжилт олгохгүй байх зарчмыг мөрдөнө. Энэхүү бодлого нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулж, стандартын хэрэгжилтэд төрийн хяналтыг шинэ түвшинд хүргэх зорилготой юм.

Түүнчлэн стандартын тогтолцоог боловсронгуй болгож, хууль, эрх зүйн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлснээр үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байгааг онцоллоо.

Мөн тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ жил зарим бүс нутагт хуурайшилт их байгааг онцолж, улсын хэмжээнд 58.9 сая толгой мал тоологдсон талаар мэдээлэв. Өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж чадвал мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангаж, эрсдэлийг бууруулах боломжтойг тэмдэглэлээ.

Шадар сайдын мэдээлснээр эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байгаа бөгөөд салбарын бэлэн байдал 50 хувьтай явж байгааг мэдээллээ. Үүнтэй холбогдуулан салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Мөн нүүрсний таталтыг нэмэгдүүлэх, ОСНААУГ-уудын өвлийн бэлтгэлийг хангах, шатахууны нөөц, хадгалалтыг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын даргын хувиар Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа Шадар сайд мэдэгдэв. Энэ хүрээнд 21 аймагт газар дээр нь ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлийн явц, үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалган, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн шүлхий өвчний тархалттай холбогдуулан малын халдварт өвчний эрсдэлийг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг тасалдуулахгүй байх зорилгоор 2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн орон нутагт зохион байгуулагдах баяр наадмын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасныг мэдээллээ. Ингэснээр аймаг, сумдын удирдлага, холбогдох байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа бүрэн төвлөрөх нөхцөл бүрдэхийг онцоллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна