Диваажингийн хаалганд

2019/04/26

ДИВААЖИНГИЙН ХААЛГАНД
\Хошин өгүүллэг\


-Хэнийг ч оруулахгүй ээ, оруулахгүй. Энэ чинь диваажингийн хаалга, хэн дуртай нь ордог хаалга биш. Наад мөнгөө аваад тэр там руугаа арил, цаашаа тонил... цаашаа...
-Үгүй ядаж ганц хүн аргалчих арга алга уу, би хоёрын хооронд юм өгөхгүй, ахиухан юм..
-Үгүй үгүй, энд арын хаалга гэж ерөөсөө байхгүй. Та ийшээ орьё гэж бодож байгаа бол явж буян үйлд. Их буян хийвэл ар өврийн хаалга гэхгүй л орно шүү дээ, яв яв...
-Арын хаалгагүй юм гэж энэ орчлонд байхгүй ш дээ, дүү хүү.
-Орчлонгоос гарчихаад байна ах хүү... гэх мэт яриа диваажингийн хаалганы гадна болж хүн бүхэн л тэр хаалгаар орох гэж аль чаддаг аргаа хэрэглэж гүйлдэнэ. Гэвч хэн ч орж чадахгүй, хий дэмий л бухимдаж байв. Энэ хаалгаар ердөө л 100 хүн ороод хаалга хаагдах ёстой аж. Дэлхийн шинжлэх ухааны шилдэг мэргэд, улстөрчид, бизнесменүүд, тэрбумтан баячуул бүгд л ирчихсэн хэдэн тэрбум доллар, эдлэн газар өөр юу хэрэгтэй байна тэр бүгдийг өгье гээд ч оруулахгүй байв. Гэтэл юу ч байхгүй бараг нүцгэн шахуу халамцуу, Монгол залуу хумүүсийн дундуур зүтгэсээр байж хаалганд тулав. Түүнийг харсан хаалгач: 

-Хөө ер, чи ямар буян хийсэн гэж наашаа зүтгээд байгаа юм. Чамаас хэд дахин их буян үйлдсэн хүмүүс орж чадахгүй байхад, энэ монголчууд мөн хачин улс шүү. Хийсэн нүглээ буян гэж боддог юм уу, хаашаа юм. Цаашаа яв гэж хөөхөд:
-Битгий донгос, намайг буян хийсэн үү, нүгэл хийсэн үү гэдгийг чи яаж мэдэж байгаа юм.
-Шал согтуу л байна ш дээ, архи уух нүгэл биш юм уу?
-Хуцваа чи. Уусан нь биш өгсөн нь нүглийг нь үүрдэг юм. Алив, би орьё гээд хаалга руу дайрхад, хаалгач хамар луу нь дэлсэж орхив. Цохиулсан хамраас нь цус гарахыг үзсэн Монгол залуу ихэд уурсаж,
-Чи муу хаалгач яаж байна аа, энэ чинь Чингис удмын цус. Хэн дуртай нь гоожуулдаг юм биш шүү гэхийг сонссон хаалгачийн урьдын байдал эрс өөрчлөгдөж:
-Чи сая юу гэсэн бэ? Чингисийн цус гэсэн үү, үнэн юм уу тэгээд...?
-Үнэн байхгүй яах юм. Энэ чинь жинхэнэ Монгол цус, Чингис удмын..
-Үнэн бол оруулж болох юм шуү, гэхдээ цусаа өгвөл шүү дээ.
-Тэг тэг, би чамд өөрийг олоод өгсөн ч чадна.
-За за бушуухан ор гээд залууг диваажингийн хаалгаар руу түлхэж орхив. Хөл нүцгэн шахам залуу орчихсонд гайхсан хүмүүс тэрүүгээр нэг шуугилдаж,
-Энэ яагаад орчихов, нээрээ буянтай хүн байсан уу, аль эсвэл согтуу хүн оруулдаг юм уу? гэх мэтээр маргалдан бужигналдаж байв. Хүмүүс нутаг нутгаараа, үндэстэн ястнаараа цугларч яаж орох талаар зөвлөлдөнө. Хэсэг монголчууд цугларч, сая нэг монгол залуу орчихлоо, тэгэхээр бидэнд ч гэсэн орох арга байж л таараа. Хэдүүлээ янз янзаар оролдоод үзье гэж ярилцацгаана. Нэг залуу эхнэрээ дагуулан таван тэмээ ноолуур ачаад очсон боловч бас л халгаасангүй. Эхнэрийг нь нэг л жогтой хараад байхыг ажсан залуу “Би чамд эхнэрээ өгье, намайг оруулчих” гэж шивнэлээ. Хаалгач ч толгой дохилоо.

Хоёр дахь монгол орсноос хойш ямар нэг арга байна гэдгийг мэдсэн монголчууд улам бужигналаа. Бусад орны хүмүүс ч бас монголчуудаас дутахааргүй үйлмэлдэж байв. Шүүгчийн хар нөмрөгтэй нэгэн эр өгөх юм олж ядан цүнхээ уудалтал ганц ном. Арга тасарсан байдалтай номоо үзүүлвэл “Монгол Улсын Үндсэн Хууль” гэсэн бичгийг уншсан хаалгач ор гэж дохив. Удалгүй монгол улсын газрын зураг барьчихсан нэгэн хариалган очлоо.
Том төмөр хонх гурвантаа дуугарч диваажинд авах хүний тоо дууссан гэдгийг хаалгач сонордуулаад хаалгаа хаав. Далай лам, Терезо эх хоёроос бусад бүх суудалд аль хэдийн монголчууд тухалжээ. Далай лам “Энэ монголчууд яасан их буянтай хүмүүс вэ, дэлхийн бүх хүнийг монголд л төрүүлж хайрла” хэмээн залбирч номоо нь бясалгаж байхад Терезо эх “Энэ олон хүний үрсийг диваажин, там гэж ялгалгүй адилхан энэрч хайрла” хэмээн залбирч суув. Харин нэг монгол “Диваажингийн суудлыг яаж хоёроор нэмэх вэ” гэж толгойгоо гашилгана. Бас нэг нь “Ах дүү, төрөл төрөгсөд, танил талаасаа хэнийг нь нааш татах вэ” гэж тооцоо бодож, хуруу даран бүртгэж сууна. Далай ламыг харсан нэг монгол “Далай лам наашаа ирж яадаг байна аа, юу нь ч диваажинсаг юм билээ, тамд байсан ч өөрийгөө аргалаад байж дөнгөх хүн шүү дээ” гэж ад үзсэн бололтой хялалзаж байлаа. 

Да.Жаргалсайхан 
"Тоншуул" сэтгүүл 2006 он.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна