Шороон шуурга шуурах нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй холбоотой

2019/04/26
Улаанбаатар хотод салхины хүч секундэд 12-14 метр хүрч байна. Говийн аймгуудаар салхины хүч секундэд 14-16 метр хүрчээ.  
Манай орны нийт газар нутгийн 72,5 хувь нь дундаас дээш хэмжээгээр цөлжилтөд өртсөн талаар “Гео экологи”-ийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвийн эрдэмтэд тогтоосон байна. Хэрвээ бид цөлжилтийн эсрэг үйл ажиллагаа явуулахгүй оройтвол Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилтөд өртөж, улаан элс болон хувирах талаар сануулж байна. Судлаачдын үзэж байгаагаар, цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийн дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч байгаа аж. Тухайлбал, хөрс, ус, ургамал, байгалийн бусад баялгийг зүй бусаар ашигласнаас үүдсэн цөлжилт давамгайлж байна.

Манай орны хувьд цөлжилтөд нөлөөлж буй таван гол шалтгаан байдаг аж. Үүнд, Бэлчээрийн талхагдал, Тариалангийн газрын зохисгүй ашиглалт, ойн нөөцийн зүй бус ашиглалт, цэвэр усны хомсдол, техникийн үйл ажиллагаа буюу уул уурхайн ашиглалттай холбоотой асуудал багтдаг юм байна. 

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг манай малчдын хувьд жилийн дөрвөн улиралд нүүдэллэж ирсэн уламжлалтай. Үүнээс улбаатай бэлчээр газрыг хэрхэн зөв ашиглах талаар Монгол түмэн арвин туршлагатай. Гэтэл сүүлийн үед энэ уламжлал алдагдаж байгаа аж. Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн Л.Болор-Эрдэнэ “Манай малчид бэлчээрийн даац хэтрүүлэх нь элбэг болсон. Учир нь, зах зээлийн нийгэмд ашиг олох гэсэн эрмэлзлэл нь малаа хэт өсгөх сонирхлыг бий болгож байна. Саяхан гаргасан нэг судалгаанаас харахад Монгол Улсын нийт бэлчээрийн даац 32,5 хувиар хэтэрсэн байсан. Тиймээс мал аж ахуйн амин сүнс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах нь чухал. Бэлчээрийн зөв ашиглалттай холбоотой мах бэлтгэл, малын гаралтай түүхий эдийн худалдаа гээд олон асуудлыг давхар шийдэх хэрэгтэй. Ер нь бид өнөөдөр цөлжилт, бэлчээрийн даац хэтэрч байгаа болон усны нөөц гээд олон талын асуудлыг хөндөж байна. Эдгээр асуудал нь хувь хүн, байгаль эх, эдийн засаг, улс төртэй хүртэл холбоотой юм. Энэ байдлаараа удаан яваад байвал малчид болоод монгол хүн бүрийн хувьд атга шороо амины үнэтэй болно. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Тухайлбал,“Тогтвортой амжиргаа төсөл”-ийн хүрээнд бэлчээрийн ургацын даацын тухай судалгааны ажлыг хийгээд дуусах шатандаа явж байгаа” гэлээ. Мөн хувь хүн бүр байгаль орчноо хайрлан хамгаалах талаар зөв ойлголт, өөрсдийн гэсэн шинэ санаа санаачлагыг гаргах хэрэгтэй. Адаглаад хүн бүр нэг мод тарьж, ургуулах мөн аль болох авто машинаар явахгүй байх, энгийн гэрлийг өдрийн гэрлээр солих зэрэг арга хэмжээг авч болох талаар дурдлаа. Тухайлбал, нэг мод нь амьдралынхаа туршид нэг тонн нүүрсхүчлийн хийг өөртөө шингээдэг байна. Мөн өдрийн гэрэл нь энгийн гэрлийг бодвол жилдээ 136 кг нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдахаас сэргийлдэг ажээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна