Яаж мөнгөө илүү ашигтай зүйлд зарцуулдаг болох вэ? Яаж мөнгөө үрж сурах вэ?

2019/04/26
“Мөнгө үрэх юухан байх вэ?” Тийм дээ, тийм. Гэвч бидний дунд олсон мөнгөө өөрөөсөө харамлаж, амьдралдаа ямар ч дорвитой өөрчлөлт хийж чаддаггүй, эсвэл дэндүү их дэмий юманд халаасаа хоосолчихдог бүсгүйчүүд олон байгааг харахаар мөнгө үрнэ гэдэг бас л олохоосоо илүү ярвигтай ажил бололтой. Хүлээгээрэй? Та ч бас тэдний нэг юм биш биз? Гоолингоо танд мөнгийг хэрхэн зөв үрж “сурах” талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Яаж мөнгөө үрж сурах вэ?

Бага залуу насаа санхүүгийн гачигдал дунд өнгөрөөсөн хүмүүс нас тогтож, хангалттай хэмжээний орлоготой болсон ч оюун санаагаа мөнгөний гачаалын торноос чөлөөлж чаддаггүй. Санхүүгийн асуудалтай байсан хүн дараа нь мөнгөө үрж чадахаа байчихдаг нь бүтэлгүй дурлалтай учирсан хүн шинэ хүнтэй болзож эхлэхдээ дахиж хаягдах вий гэж айдагтай адил юм. Хэрэв танд ийм айдас байдаг бол эцсийн эцэст мөнгө бол үрэгдэх зориулттай эд гэдгийг хэлмээр байна.

Та хадгаламжийн дэвтэр хөтөлдөг бол сайн хэрэг. Гэхдээ та түүнд орлогынхоо хэдхэн хувийг л тогтмол хийгээд, үлдсэнийг нь өөрийнхөө дураар, “эрх мэдэлтэй” хүн шиг үрээрэй. Мөнгөнд захирагдаж бус, харин мөнгийг захирч амьдар. Эсвэл таны цалин жил ирэх тусам бага сагаар нэмэгдэж байгаа ч гэлээ, үргэлж л яагаад ч юм дөнгөн данган амь зууж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг бол харах өнцгөө тэлж, “Би баян хүн” гэдэг бодлыг толгойдоо суулгах хэрэгтэй. Байнга “Хоолны мөнгө хүрэлцэхгүй байх вий”, “Сая ямар үнэтэй юм авчихав аа” гэж бодоод байвал та өөртөө улам л ядуу зүдүү байдлыг татах болно. Тиймээс ямарваа зүйлийг худалдаж авахдаа эхний ээлжинд “Би үүнийг авах эрхтэй хүн” , “Цаана нь зөндөө л мөнгө үлдэж байна ш дээ ” гэж бодож сураарай.

Юунд харин ч нэг мөнгөө үрэх ёстой вэ?

Эсвэл юунд мөнгөө үрсэндээ харамсахгүй байж болох юм бол? Та өөртөө болон өөрийнхөө гэр бүлд хийсэн хөрөнгө оруулалтынхаа төлөө огт харамсахгүй байж болно. Гэвч энэ төрлийн хөрөнгө оруулалтанд өдөр бүр үдэшлэг зохиож, долоо хоногт хэдэн зуун мянгаар нь өөрийгөө хувцаслах зэрэг багтдаггүй нь аз.

Хамгийн түрүүнд та олсон мөнгөөрөө аялаж сурах хэрэгтэй. “Юм үзэж нүд тайлна” гэдэг нь дан ганц “хуучин хүү” нарт зориулагдсан үг биш. Энэ бол өөрийнхөө үргэлж л амьдарсаар, аж төрсөөр ирсэн орчноосоо тасарч, гадны ертөнцөд хэсэг зуур байж үзэхийг хэлж байгаа юм. Эйффелийн цамхгийн зургийг үзэх, очоод үзэх хоёрт таны бодож байгаагаас ч илүү том ялгаа бий. Эрмитажийн алдарт уран зургууд, Беллажиогийн усан оргилуурын бүжээнийг харж, орон орны хоолыг, ард түмнийг, соёлыг, амьдралын хэв маягийг судласнаар таны хорвоог харах үзэл өөрчлөгдөх болно. Биднийг энэ амьдралаас халихын ирмэг дээр ирэхэд, дурсамж л хамгийн үнэтэй хөрөнгө болдог учраас хамгийн дотны хүмүүстэйгээ олсон мөнгөөрөө санаа амар аялаарай.

Хоёрт нь та гэртээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Аль эртнээс хойш засч чадалгүй явсан угаалтуурыг солиулах юм уу, ханынхаа цаасыг арай өнгөлөг болгох, эсвэл ганц “ганган” баримал авч өрөөндөө тавих бүгд л таныг гэрээ жинхэнэ өөрийн гэсэн хамгийн тав тухтай, сайхан орон зай болгоход тусална. Хэдэн жил хэрэглээд дасчихсан хуучны загвартай утсаа одоо арай дээшлүүлэх цаг болжээ. Аль 8 жилийн өмнө худалдаж авч байсан цуваа солихгүй юм уу? Бид дасчихсан гэдэг шалтгаанаар зохисгүй хэрэглээтэйгээ дэндүү удаан явдаг.

Гуравт нь та өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, боловсролд зориулсан мөнгөндөө харамсаж болохгүй. Энэ бол таны зайлшгүй хөрөнгө оруулалт хийх ёстой талбар. Хань, хүүхдээ дагуулаад нэг өдөр бүрэн шинжилгээнд хамрагд. Зарим өвчин “хэл чимээ” өгөлгүй мөрөн дээр ирээд суучихдаг тул жилд нэг удаа цаг гарган бүх дотор эрхтнээ шинжлүүлж байх хэрэгтэй. Мөн фитнесс клуб, усан бассейн, бодибилдинг клубуудад бүртгүүлж түүндээ тууштай яв. Нэгэнт л мөнгөө зарж байгаагаас хойш үр дүн гартал нь хичээллээрэй. Хувийн дасгалжуулагч хөлсөлсөн ч болно. Өдөр бүр дасгалаа цааргалалгүйгээр хийдэг болоход тань хэн нэгний түлхэх хүч хэрэгтэй болж магад. Мөн мэдлэг бол хүч чадал учраас сар бүрийнхээ орлогоос тодорхой хувийг өөрийгөө хөгжүүлэх ном, сэтгүүл худалдаж авах, сургалт дамжаанд зарцуулж байхыг зөвлөж байна.

Дөрөвт нь та өөрийнхөө хувьд чухал хүмүүст бэлэг өгч сураарай. Хамгийн их санаа зовнидог хүмүүсийнхээ баряласан царайг харах л бидэнд дээд шагнал биш байдаг гэж үү? Тэмдэглэлт үйл явдлыг хүлээх хэрэггүй. Дэлгүүрээр явж байхад, таны үеэл дүүд л зориулагдсан юм шиг хөөрхөн бяцхан даашинз харагдвал худалдаад авчих. Нөхрийнхөө машинд сэнгэнэсэн сайхан үнэртэй агааржуулагч худалдаж аваад бэлэглэ. Энэ бол жижигхэн жишээнүүд. Та үүнээс ч томоор тэднийг баярлуулж болох юм. Гэхдээ бага гэлтгүй ямар ч бэлэг тухай хүний хайрыг илэрхийлдэг.

Тавд та иддэгээсээ илүү эрүүл хүнсийг хэрэглэх шаардлагатай. Та бол таны идэж, ууж байгаа зүйлсийн нийлбэр “үр дүн”. Хямд, хялбарыг нь бодоод өдрийн хоолондоо гамбургер, шарсан төмстэй авч иддэг байсан бол түүний оронд дэргэдэх нэр хүндтэй ресторанд орж тухтай хооллох нь хамаагүй дээр. Мэдээж таны түргэн хоолноос 2-3 дахин үнэтэй тусах байх. Гэвч эрүүл хүнс бол таны заавал тодорхой хэмжээний мөнгийг зарлагадах ёстой зүйл. Арвин, бас амны цангаа хялбар тайлдгийг нь бодож хийжүүлсэн ундаа авалгүй 100 хувийн цэвэр жүүс авч ууж байгаарай. Эцэст нь өрөө төл. Тэгээд нуруугаа хөнгөл.

Яаж мөнгөө илүү ашигтай зүйлд зарцуулдаг болох вэ? 

Тан "Шошны үлгэр”ийг санаж байна уу? Бяцхан хүү илжигээ ганцхан ширхэг шошоор арилжсан боловч тэр нь эцэст нь өндөр мод болон ургаснаар тэр бурхдын оронд очдог. Бизнес сэтгэлгээтэй ухаантай хүү байх нь. Эдийн засагт байдаг “буурцаг”-ны онол яг үүний талаар өгүүлдэг. Хэрэв та хангалттай хэмжээний мөнгө олдог хирнээ, нэг л мэдэхэд өөртөө “наасан” юмгүй үрэгдэж дуусчихаад байгаа бол та буурцагны дүрмийг мэддэггүй юм байна. Таны зарцуулж байгаа нэг “буурцаг”, эргээд нилээн хэдэн “буурцаг” болж үржиж ирэхүйц хөрөнгө оруулалтыг хийж бай. Жишээ нь та өнгөрсөн сарынхаа цалинг үдэшлэг,цэнгээнд явсаар байгаад үрчихсэн бол амьдралдаа нилээд ашиггүй наймаа хийсэн байна. Та өөртөө байгаа буурцгийг буруу газар тарьсныхаа улмаас, “эрүүл мэнд”, “цаг зав” гэсэн хоёр буурцгийг нэмж гарлагадах хэрэгтэй болсон байгаа биз. Харин түүний оронд шинэ компьютер авсан бол та ажлаа илүү дэвшилтэт аргаар хийх боломж бүрдэнэ. Ингэснээр та илүү орлоготой болох боломжтой. Энэ чинь л бидний яриад байгаа өсөж үрждэг буурцаг шүү дээ. Танд эргэж ирэхдээ ямар ашиг тус авчрахыг нь бодолцож байж мөнгөө үрдэг болвол та хамаагүй “үр дүнтэй”, өөртөө хүртээлтэй амьдрах болно. Буурцаг нь зөвхөн мөнгө ч биш, үг, цаг зав ч байж болох юм. Мөн сайхан хувцас авах ч бас таны хувьд хайртай залуудаа таалагдах том “ашиг тус”-ыг авчрах бол энэ нь ашигтай наймаа болж чадаж байна. Сайн хоол захиалах нь таны эрүүл мэндийг сайжруулах учраас бас л ашигтай наймаа юм.

Одоо түрийвчээ дэлгэж хараад, өнөөдөр мөнгөө ямар сайхан зүйлд зарцуулж болох талаар бодоорой.
Эх сурвалж: Гоолингоо.мн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна