Нэг удаагийн хэрэглээ- Мянга мянган жилийн бохирдол

2019/05/01
Нэг удаагийн хэрэглээгээ хязгаарлаж, багасгахгүй бол 30 жилийн дараа цэнхэр гаригийн маань бүх далай тэнгис загаснаасаа илүү хуванцар хог хаягдалтай болно. Хуурай газар ч үүнээс дутахгүй бохирдоно. Магадгүй ой модноосоо олон хуванцар болон бусад төрлийн хог хаягдлаар дүүрч мэднэ. Хүн төрөлхтөн өнөөгийнх шигээ үрэлгэн бөгөөд байгальд ээлтэй бус хэтэрхий тансаг хэрэглээтэй хэвээрээ байх юм бол ойрын үед манай дэлхий шиг дахиад хоёр гариг хэрэгтэй болно гэсэн судалгаа ч бий. Хүн төрөлхтний хэт хэрэглээнээс энэ удаа нэг удаагийн хэрэглээг онцолъё.

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Хүний хэрэглээ өдрөөс өдөрт улам нарийсаж, төрөл зүйл нь ч олширч байгаа бөгөөд нэг удаагийн хэрэглээ үүний нэг илрэл юм. Нэг удаа хэрэглэдэг аяга, таваг, халбага, сэрээ, соруул, уут, савнаас эхлээд нэг удаагийн линз, чихэвч, ном, гэрэл зургийн аппарат, микроскоп, мах шарагч, компьютер хүртэл бий болжээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн хүн төрөлхтний амьдрал нэг удаагийн хэрэглээний эрхшээлд орсон гэж болохоор. Гэхдээ энэ бол хязгаарлаж, хориглохгүй бол асар үрэлгэн бөгөөд байгаль экологид халтай хэрэглээ юм.

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Манай улс хүнсний бус зориулалтын 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс албан ёсоор хасаад хоёр сар болж байна. Ийм нимгэн нийлэг уутыг өнгөрсөн гуравдугаар сарын 01-нээс эхлэн худалдаа, үйлчилгээнд сав, баглаа, боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохыг хориглосон.  

Энэ бол нийлэг уутны хэрэглээг хумих эхний алхам. Цаашид нийлэг буюу гялгар уутны хэрэглээг үе шаттайгаар бууруулах зорилт тавиад буй. Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд ийм зохицуулалт хийж эхэлжээ. Энэ бол зөвхөн гялгар уут бус нэг удаагийн хэрэглээг хязгаарлах оролдлого юм.

Тухайлбал, Европт мөн өнгөрсөн  гуравдугаар сараас эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон. Энэ нь далай, тэнгисийн бохирдлыг бууруулах зорилготой алхам гэдгийг онцолж буй. Европын парламент 2021 он гэхэд соруул, хөвөнтэй чих ухагч, хуванцар халбага, сэрээ зэрэг нэг удаагийн 10 төрлийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хориглох хуулийг баталсан нь байгаль орчныг хамгаалах чиглэлд хийсэн бодит алхам боллоо гэдгийг ажиглагчид хэлж буй ажээ.

Европын парламент 2029 он гэхэд далайгаас архи, ундааны савыг гаргаж 90 хувийг нь дахин боловсруулахыг хуульдаа тодорхой зааж өгсөн байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2015 онд хийсэн судалгаагаар далай, тэнгист 150 сая тонн хуванцар хаягдал байгаа ба энэ нь жил бүр 5-13 сая тонноор нэмэгддэг гэсэн тооцоо гарчээ. Энэ хэвээр байвал 2050 он гэхэд далай тэнгис загаснаасаа илүү хуванцар хаягдалтай болох эрсдэлтэй бөгөөд үүний хор уршиг нь загас, далайн амьтдаар дамжин хүмүүсийн хоол хүнсэнд сөргөөр нөлөөлнө гэж CNN мэдээлжээ.

БНСУ мөн л нэг удаагийн хэрэглээтэйгээ тэмцэж эхэлсэн байна. Сөүл хотын захиргаа өнгөрсөн 2018 оны есдүгээр сард “Нэг удаагийн хуванцар хэрэглээгүй Сөүл хотын төлөвлөгөө”-г олон нийтэд зарласан аж. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Сөүл хот 2022 он хүртэл нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьжээ. Үүнд нэг удаагийн аяга, соруул, гялгар уут зэргийг онцолсон байна. Түүнчлэн БНСУ даяар супермаркет болон жижиглэн худалдааны газруудад нэг удаагийн уутны хэрэглээг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хоригложээ. Дэлгүүрүүд уг хоригийг зөрчсөн тохиолдолд 3 сая вон буюу 2683 орчим ам.доллар хүртэлх хэмжээний торгууль ногдуулах аж. Энэ бүхэн бол байгалийн нөөцийг хамгаалах, дахин боловсруулах хаягдлын хэмжээг бууруулах зорилготой шийдвэртэй алхмууд гэж болно.

Дэлхий нийт ийнхүү хуванцар, нийлэг хог хаягдал болон нэг удаагийн хэрэглээтэйгээ тэмцэж байна. Монголд энэ тэмцэл эхлэл төдий. Нэг удаагийн хэрэглээ харин ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Ийнхүү нэг удаагийн хэрэглээ өргөн нэвтэрч байгаагийн нөгөө талд хог хаягдлын менежментийн асуудал яригдана. Нэг удаагийн хэрэглээнээс гарсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр манайд байхгүйтэй адил. Сүүлийн үед олноор нээгдэж буй кофе шоп, түргэн хоолны газрууд нэг удаагийн хэрэглээг асар ихээр дэлгэрүүлж буй. Улаанбаатар болон бусад төв суурингуудын хог хаягдлын бүтэц, түүний өөрчлөлтийг сүүлийн тав, арван жилээр авч үзэн харьцуулж судлах юм бол сонирхолтой тоо баримт гарна. Мэдээж нэг удаагийн хэрэглээ хог хаягдлын бүтэц хийгээд тоо хэмжээнд эрс өөрчлөлт оруулсан гэдэгтэй мөрийцсөн ч болно.

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Тиймээс цаашид хуванцар, нийлэг бүтээгдэхүүн, гялгар уутны хэрэглээг хязгаарлаж, хумихын зэрэгцээ нэг удаагийн хэрэглээг мөн хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Нэг удаагийн аяга, таваг зэрэг нь цаасаар хийсэн тул байгаль халгүй гэж хэлж болох авч нөгөө талаасаа бол үрэлгэн хэрэглээнд орно. Та бидний 50 грамм кофе, эсвэл 100 грамм кока кола уучхаад хогийн сав руу шиддэг тэр нэг удаагийн аягануудыг хийхийн тулд хэчнээн ногоон модыг огтолж, хэдэн тонн ус, хэдэн кВт эрчим хүч зарцуулж байгаа вэ гэдгийг тооцох юм бол хэрэглээнээсээ хэд дахин өндөр тоо гарна.

Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс орнууд, зарим бүс нутагт нэг удаагийн хэрэглээг хориглодог нь ийм учиртай. Байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл гэгддэг аялал жуулчлалыг хөгжүүлж буй үзэл баримтлалтай нэг удаагийн хэрэглээ хэзээ ч нийцдэггүйн жишээ энэ юм.

Нэг удаагийн хэрэглээ хүн төрөлхтний ирээдүйд ямар хүндрэл үүсгэж, хурцадмал асуудлыг бий болгох вэ гэдгийг нярай хүүхдийн живхний түүхээс л харж болно. Памперс буюу нэг удаагийн живх дэлхий даяар асар өндөр борлуулалттай бараа, бүтээгдэхүүн. Гэхдээ 2000 оноос хойш нэг удаагийн живх хүүхдийн эрүүл мэндэд хортойгоос гадна байгаль экологид асар хөнөөлтэйг тогтоогоод буй.

Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагддаг байна. Хүүхэд өсч торниод идэр, залуу насаа үдэж, өтөлж хөгшрөн хорвоогийн жамаар буцсан хойно нь ч түүний нярайдаа хэрэглэсэн живх нь байгаль дээр аюултай хог хаягдал болон хэвтсээр байна гэсэн үг. Тиймээс памперс үйлдвэрлэгчид нэг удаагийн живхнээс татгалзаж, олон удаа хэрэглэдэг живх үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ. Хэрэглэсэн живхний доторх эдийг ашиглан мөөг ургуулах, эсвэл барилгын дээвэрт ашиглах, эрчим хүч гаргаж авах зэргээр дахин ашиглах арга замыг хайн эрдэмтэд тархиа гашилгах болсон байна. Нэг удаагийн хэрэглээний сүүдэр ийм юм.

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Япончууд сониноо эко цаасаар үйлдвэрлэдэг бөгөөд уншсаны дараа ийнхүү ногооны талбайдаа бордоо болгодог байна. Ийм сонин нормогцоо задарч бордоо болно. 

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Нэг хүний ариун цэврийн цаасны дөрвөн жилийн хэрэглээ 

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Нэг хүний цэвэр усны дөрвөн жилийн хэрэглээ 

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Хосуудын цэвэр усны дөрвөн жилийн хэрэглээ

Нэг удаагийн хэрэглээ олон жилийн бохирдол

Ариун цэврийн өрөөн дэх дөрвөн жилийн хэрэглээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна