ШӨХТГ-аас худалдаа эрхлэгчид болоод мах бэлтгэлийн байгууллагуудад шалгалт хийлээ


Монгол Улсын мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны өнөөгийн тогтолцоо нь экспортод чиглэсэн махны үйлдвэрлэл эрхэлдэг болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэдхэн тооны аж ахуйн нэгжийг эс тооцвол хүн амын өдөр тутмын хэрэглээнд нийлүүлэгдэж байгаа махны зах зээл бараг бүхэлдээ албан бус секторт хамаарагдаж далд эдийн засгийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа нь явагдаж байна.

Иймд ШӨХТГ-аас худалдаа эрхлэгчид болоод мах бэлтгэлийн байгууллагуудад шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар:

1. Малын мах хэрэглэгчийн гар дээр ирэх хүртэл малчны хотноос эхлээд жижиглэн худалдаа хийдэг зах, дэлгүүр хүртэл 5-6 шат дамжлагыг дамжиж, дамжлага тус бүрт 1 кг тутамд 500-аас 1000 төгрөг нэмэгддэг нь тогтоогдсон.

2. Махны худалдааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон Хүчит шонхор зах нь өглөөний 3 цагаас эхлэн онгойж Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны бөөний худалдаа явагдаж байна. Тус захын гадна байрлах машинтай, павильонтой зэрэг бөөний худалдаа эрхэлж байгаа ченжүүд нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа байдлаа ашиглан тухайн өдрийн махны үнийг хэлцэн тогтоох, зохиомол хязгаарлалт хийх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдсэн.

3. Махны ченжүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаа хийж байгаа хувь хүмүүс татварын нэгдсэн системд бүртгэгдээгүй, татвар төлдөггүй, хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгдөггүй нь далд эдийн засгийг бий болгож, татварын хууль тогтоомжуудыг зөрчдөг. Энэ салбарт албан ёсны тоо мэдээ гаргах, тооцоолол, төлөвлөлт хийхэд туйлын хүнд.

4. Орон нутагт үйл ажиллагаа явуулах эрх бүхий нэгдсэн мал төхөөрөх газар байхгүйгээс хувь хүмүүс хээрийн бой хийх, эсхүл Улаанбаатар хотын зах орчимд байрлах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байр, тоног төхөөрөмж, ажилчид бүхий мал төхөөрөх газруудаар малыг төхөөрүүлж байгаа нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартыг хангахгүй байна. Мөн эрүүл, ахуйн шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл, түрдэг тэргээр махыг зөөж тээвэрлэж, зориулалтын хувцас, хэрэгсэлгүй хүнээр махны ачилт хийлгэж байгаа зэрэг нь “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001” стандартад заасан шаардлагыг хангахгүй байгаа.

5. Мал эмнэлгийн ерөнхий газрын хяналт цахим системд мал, махны гарал үүслийн бүртгэл шилжсэн хэдий ч мал, махны гарал үүсэл зөрчилтэй, тухайлбал, нэг сумаас нөгөө суманд амьдаар хүргэгдэх гарал үүслийн бүртгэлтэй мах Улаанбаатар хотод гулууз болон орж ирсэн зэрэг зөрчлүүд гарч байна. Тус бүртгэлийн цахим системд махыг ямар үнээр худалдсан талаарх албан ёсны мэдээлэл байдаггүй, ченжийн шат дамжлага бүрийг тус цахим системд нэгдсэн байдлаар бүртгэдэггүй.

6. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаартай захирамжид заасан зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг тогтоож зөвхөн Хүчит шонхор, Нарантуул-2 захууд эрт онгойж бусад хүнсний захууд 9 цагаас хойш онгойж байгаа нь нэг газарт махны бөөний худалдааны хэт төвлөрлийг бий болгож Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.7 дахь заалтуудыг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Иймд дээрх зөрчил, зах зээлийн гажуудлыг арилгах, мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, уг салбарыг зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

1. Хүнсний махны зориулалтаар арилжаалах малыг зөвхөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалдаг болгох. Өөр ямар нэг байдлаар хүнсний махны зориулалттай малыг арилжаалахыг хориглох. /Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/35 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад малыг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалахаар заасан./

2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаагаар хүнсний махны зориулалттай малыг худалдаж авах эрхтэй арилжаанд оролцогч нь зөвхөн стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байх зохицуулалтыг бий болгох.

3. Аймаг бүрд дор хаяж нэг стандартын шаардлага хангасан мал нядалгааны газар байгуулах тал дээр төрөөс дэмжлэг, тусламж үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгох.

4. Мал нядалгааны газраас зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх махыг зөвхөн стандартын шаардлага хангасан, зориулалтын /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг болгох.

5. Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд мөрдөх эрх зүйн гол баримт болох “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалтад тавих техникийн зохицуулалт”-ыг яаралтай батлуулж мөрдүүлэх.

6. Махны худалдаа эрхлэгчид мал нядалгааны үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж, эсвэл махны тээврийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс шууд захиалга хийж мах авдаг тогтолцоог бүрдүүлэх.

7. Хот суурин газар руу зөвхөн мах тээвэрлэх зориулалтын /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, гарал үүсэл, хүлээн авагч нь тодорхой махыг л нэвтрүүлдэг болгох.

8. Махны ил, задгай худалдааг хориглох, төрөлжсөн махны зах, худалдааны төв нь битүүмжлэлтэй хөргүүр дотроос махыг борлуулдаг болгох.

9. Бүх төрлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ченж буюу худалдаа эрхлэгч нарыг албан ёсны буюу татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг болгох үүднээс төлбөрийн нэгдсэн системийг заавал хэрэглэдэг, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт заавал өгдөг болгох.

10. Улаанбаатар хотын Хүчит шонхор зах дээр төвлөрсөн махны бөөний худалдааг задлах, бусад захуудад бөөний худалдаа хийх боломж, нөхцөлийг бий болгох.

1. Малчид малаа зөвхөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржээр арилжаалдаг болсноор мал худалдааны зах зээл албан ёсны болохоос гадна малчид малаа эдийн засгийн эргэлтэд тодорхой тооцоо судалгаа, төлөвлөгөөтэй оруулдаг болж, ирээдүйд малчид эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг болох, мал маллахыг бизнес утгаар нь эрхлэх эхлэл тавигдана.

2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаанд оролцож мал худалдан авах этгээдэд стандартын шаардлага хангасан мал нядалгааны газартай аж ахуйн нэгж байх шаардлага тавьснаар зөвхөн малын нядалгаа хийдэг гэх шат дамжлага үгүй болж махны бөөний худалдаа эрхлэгч нь өөрөө нядалгаагаа хийж бөөний худалдаагаа эрхэлдэг болно. Ингэснээр малын нядалгаа тойрсон элдэв стандартын бус асуудлууд, хулгайн малын нядалгаа зэрэг асуудлууд шийдэгдэхээс гадна хамгийн чухал нь махны бөөний худалдаа эрхлэгчдийн бизнес албан ёсны салбар болно.

3. Махыг зөвхөн мах тээвэрлэхэд зориулагдсан /хөргүүртэй/ тээврийн хэрэгслээр тээвэрлэж хот суурин газарт нэвтрүүлдэг болгосноор махыг бөөний худалдаанаас жижиглэн худалдааны цэгүүдэд түгээх түгээлтийн нэгдсэн систем бүрдэх, уг салбар зах зээл хөгжих, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулах боломж бий болно.

4. Махны жижиглэн худалдаа эрхлэгчдийг төлбөрийн нэгдсэн системд хамруулж хэрэглэгч үйлчлүүлэгчдэд төлбөрийн баримт өгдөг болгосноор уг салбар албан ёсны болж зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжих боломж бий болно.

5. Мах бэлтгэн нийлүүлэлт, худалдаанаас үүдэлтэй хэрэглэгчийн эрх хохирох эрсдэл буурна.

6. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан махаар хангагдах боломжтой болно.

7. Бүхлээр нь дүгнэвэл мах бэлтгэн нийлүүлэлт, худалдааны салбар дахь далд эдийн засгийг бүхэлд нь ил болгож, албан ёсны салбар болгосноор салбар бүхэлдээ зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллаж уг салбарт хөрөнгө оруулалт хийн бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад уг салбарт шударга өрсөлдөөний орчин бий болох, үнийг хэлцэн тогтоодог байдал, нийлүүлэлт, худалдааны зохиомлоор хязгаарладаг байдал арилах, улирлын шинжтэйгээр махны нийлүүлэлт багасах, үнэ өсөх байдал буурах, хэрэглэгчид стандартын шаардлага хангасан мах хэрэглэх, татварын орлого нэмэгдэх гэх зэргээр маш олон асуудал зөвөөр шийдэгдэх боломж бий болно гэж үзэж байна хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.169.70
    2021/02/22

    Яая аймшиг бохир заваан??? МХ -н мал эмнэлгийн байцаагч нараа ШӨХТГ танай ажлыг хийх юм байна лд аа

    Хариулах