Японы Ерөнхий сайд Тайванийн асуудлаар БНХАУ-тай дайсагнаж эхэллээ

Zuv.mn
2 цаг 49 минутын өмнө

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өнгөрсөн баасан гарагт “Хэрвээ БНХАУ Тайвань цэргийн хүчээр халдан довтолбол Япон улс өөрт нь халдсан гэж үзэж хариу барина” гэж хэлснээс хойш хоёр улсын харилцаа хурцдаад байна.

Гадаад харилцааны яамд нь харилцан мэдэгдэл хийж, БНХАУ-ын нэгэн улстөрч Санаэ Такаичигийн амь настай холбоотой ноцтой мэдэгдэл ч хийгээд амжжээ. Түүхийн ээдрээтэй харилцаа, Тайванийн тусгаар тогтнолын талаарх зөрүүтэй байр суурь зэрэг нь асуудлыг цаашид нэлээд хурцадмал байдалд оруулах өнгө аястай байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Санаэ Такаичи дуулиант мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагийн Парламентын хуралдаанд хэлжээ. Сөрөг хүчний намын нэгэн гишүүн Тайванийн асуудлаар ямар бодлого баримтлах, БНХАУ, Тайванийн харилцаа ямар түвшинд хүрсэн тохиолдолд “Амьд үлдэх” хэмээний аюул занал тулгарсан гэж тооцох талаар асуусан юм байна.

Хариуд нь Санаэ Такаичи “Хэрвээ байлдааны хөлөг онгоц, цэргийн хүч хэрэглэж байгаа бол энэ нь та асуудлыг хэрхэн харж байгаагаас үл хамааран “Амьд үлдэх” нөхцөл байдалд хүргэж болзошгүй” гэжээ.

“Амьд үлдэх” гэдэг нь Япон улс Аюулгүй байдлын хуульдаа 2015 онд нэмэлтээр оруулсан нэр томъёо бөгөөд Японы холбоотнуудад халдах нь Японд халдахтай адил” гэдэг зарчмаар авах арга хэмжээг хэлдэг байна. Тодруулбал, хуульд заасан нөхцөл байдал үүссэн бол Японы улс батлан хамгаалах хүчнээ ашигдах боломж бүрддэг байна.

С.Такаичиг ингэж мэдэгдсэний дараа БНХАУ-ын Гадаад харилцааны яам эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, Санаэ Такаичигийн мэдэгдлийг “Аймшигтай” гэж нэрлэжээ.  

Ингээд зогссонгүй, Осака хот дахь БНХАУ-ын консул Сюэ Цзянь Х платформд бичсэн С.Такаичигийн мэдэгдлийг хуваалцахдаа “Ийм бодол тээж яваа бохир толгойг таслах ёстой” гэж тайлбар бичин шуугиан тарьсан аж. Тэрбээр дараа нь уг мэдэгдлээ устгасан бол  Санаэ Такаичи өөрийгөө улсынхаа уламжлалт батлан хамгаалах бодлогын дагуу л үг хэлсэн гээд үгээ буцаахаас татгалзжээ.  

Шинзо Абэгийн Либерал нам цэргийн бодлого явуулахыг ямагт эрмэлзэж ирсэн. Үхэл нь хүртэл өмнө нь давж чадахгүй байсан Үндсэн хууль өөрчлөх босгыг давахын тулд болсон гэдэг таамаг бий. Тиймээс Шинзо Абэгийн дотнын хүн Санаэ Такаичи Ерөнхий сайд болсон нь БНХАУ-д таатай хандаагүй. Санаэ ч АНУ-тай ойр байхаа илэрхийлж, Батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэн БНХАУ-ыг түгшээсэн нь Тайванийн асуудлаар ийнхүү үргэлжилж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна