Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Стратегийн ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох хэлэлцээрийг яаралтай үр дүнд хүргэх, улмаар Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлж иргэдэд байгалийн баялгийн эзэд гэдгийг нь мэдрүүлэх чухал ажлууд хүлээгдэж байгаа эгзэгтэй мөчид та бид хоёр ярилцах гэж байна.
Энэ асуудлыг ярихаас өмнө эхлээд салбарын онцлог, түүнд нь тохирсон хууль эрх зүйн тогтвортой орчин Монгол Улсад байсан уу гэдэг асуудлыг хөндмөөр санагдлаа. Уул уурхайн төслүүд хайгуул хийх, нөөц тогтоох, бүтээн байгуулалт хийх, олборлолт явуулж өртгөө нөхөх, ашиг олох хүртлээ хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаарддаг. Санхүүгийн эх үүсвэр нь хөрөнгө оруулагчид байдаг учраас хууль эрхзүйн тогтвортой орчин шаарддаг.
Харин манайд тийм байж чадаагүй нь өнөөдрийн энэ маргаантай, ойлгомжгүй байдлыг үүсгэжээ гэж хардаг. Дээр нь, 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчилж, өөрчлөхдөө дандаа төрийн үүрэг оролцоог нэмэгдүүлж ирсэн. Тэгэхээр, өнгөрсөн жилүүдийн салбарын хууль эрхзүйн орчин, өөрчлөлтийн талаар таны, танай байгууллагын байр суурийг эхлээд сонсъё?
-Манай салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиудаас 1997 оны Ашигт малтмалын тухай хууль хамгийн либерал нь байсан. Тийм учраас гадны тэр олон компани, хөрөнгө оруулалтууд орж ирсэн байдаг. Уул уурхайн томчууд бүгд орж ирсэн шүү дээ.
Маш гоё либерал хуультай байсан учраас хөрөнгөө оруулсан гэсэн үг. Харамсалтай нь, энэ хуулийнхаа үр дүнг үзэж амжаагүй байхад уул уурхайг улс төртэй хутгах, “Ерөөсөө л хууль эрх зүйн орчноор нь дэгээ тавъя” гэдэг бодлого эхэлсэн.
1990-ээс 2000-аад оны эхэн үе хүртэл олборлолтын шинэ компани бараг нээгдээгүй. “Бороо гоулд” гэх мэт ганц нэгхэн орд л ажиллаж байсан. Гэтэл олон улсын стандарт дөнгөж нэвтрээд, анх удаа 24/7 системээр ажиллаад эхлэнгүүт “Өө, ингээд таван жил дотроо ухаад дуусгах юм байна” гэлцэж, Л.Гүндалайгаас эхлээд орон нутгийн эсэргүүцэгчид талбай дээр гарч ирсэн.
Иргэний нийгмийн байгууллагуудыг турхирсан. Ингээд 2006 оны эхээр алт, зэсэнд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах агуулгатай Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг баталсан.
Тэр үед нээгдсэн байсан ордуудын ихэнх нь шороон орд. ААН-үүд нь ашиглалтын лицензээ банкны барьцаанд тавьж зээлээр үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Хууль гараад тэр лицензүүд нь бүгд хүчингүй болчихож байгаа юм. Банкууд ч хэцүү байдалд орж байсан.
Ингээд хууль хэрэгжих хэсэгхэн хугацаанд алтны хайгуул, олборлолт хийж байсан маш олон компани дампуурсан байдаг. Зарим нь олны нэрлэдгээр “нинжа” болсон. Одоо хүртэл яригддаг “Орхигдсон 30 мянган га”, “Эвдэрсэн 30 мянга га” гэж нэршсэн нөхөн сэргээлт хийгдээгүй газар нутаг тэр хуулиас эхлэлтэй.
Мөн 2006 оныхоо долоодугаар сард нь Ашигт малтмалын тухай шинэ хууль баталж, “Стратегийн орд” гэдэг ойлголтыг оруулж ирсэн.
Дараа нь Урт нэртэй хууль, Г.Занданшатар даргын өргөн барьсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон.
Ер нь бол энэ хэдэн хууль гараад л өмнө нь өсөлттэй явж байсан хөрөнгө оруулалтууд уначихсан. Яалт ч үгүй энэ салбарт бид өөрсдөө өөрсдийгөө дэгээдэд унагачихсан гэж хэлнэ. Өмнө нь орж ирсэн бүх хөрөнгө оруулалтууд 2012 он гэхэд гараад явчихсан шүү дээ. Одоо ч арилаагүй байгаа дуусдаггүй хэрүүлийн эх ч эндээс тавигдсан.
Санаж байгаа бол хууль эрхзүйн орчин нээлттэй байхад хөрөнгө оруулалт аяндаа орж ирээд, хүмүүс мөнгөтэй болж, барилга байшин баригдаж, машин тэрэг нэмэгдээд эдийн засаг органикаараа тэлж байсан. Тэгээд удаагүй л “Эдийн засгийн хямрал” гэдэг юм яригдаад эхэлсэн. Хямраагүй, бид нар өөрсдөө хөөгөөд гаргачихсан байхгүй юу.
-Ерөнхий сайд асан С.Баяр саяхан Тавантолгойн нүүрсний бүлэг ордтой холбоотой төр засгаас гаргасан шийдвэрүүд, Ухаахудагаас бусад ордыг төрийн мэдэлд авах асуудлаар тус ордын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Энержи ресурс“-тай хийсэн хэлэлцээрийн талаар ном гаргасан байсан. Та олж үзсэн үү?
-Би нүүрсний төсөл дээр бараг ажиллаж үзээгүй. “Аспайр майнинг” гэдэг ганц компанид л ажиллаж байсан. Хөвсгөл аймагт хайгуул хийж байсан, үйл ажиллагаа нь одоо ч эхлээгүй байгаа.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордын талаарх мэдээллийг бол Ассоциаци руу орж ирсэн хойноо л авч байсан. Гэхдээ бидэнд ирээгүй, мэддэггүй асуудлууд бас зөндөө байдаг юм байна гэдгийг С.Баяр ерөнхий сайд асны номоос мэдэж авч байна.
Тэр номонд ерөөсөө л Засгийн газар өөрөө яаж хууль зөрчдөг вэ гэдгийг тодоор биччихсэн байгаа байхгүй юу. Тэгээд хууль зөрчсөнөө бахархалтайгаар “Би улсдаа 96 хувийг нь авчирсан, үүргээ давуулан биелүүлсэн” гэж байгаа юм. Хуульд тийм үг байдаг юм уу. Тэрийг асуумаар байна.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Тавантолгойн бүлэг ордын нэг учраас Ухаахудагаас төр хувь эзэмших ёстой гэсэн байр суурь баримталж байсан. “Энержи ресурс” харин өмнө нь 98 хувийг нь өгчихсөн учраас одоо өгөхгүй гэдэг. Энэ тал дээр таны бодол?
-Ашигт малтмалын бүлэг ордыг яг ямар аргачлалаар Стратегийн ордод хамруулах вэ гэдгийг хуульдаа зааж өгөөгүй. Бүдүүн баараг заалт оруулчихсан. Тодорхойлолт байхгүй. Оюутолгойн орд жишээ нь, авсан тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ хайгуул хийж орд илрүүлсэн чинь тэр нь том орд байж таараад үзүүрүүд нь “Онтрэ”-гийн хоёр талбай руу орчихсон. Уг нь Хюго даммит, Херуга даммит гээд орд, бид нар л дээр нь лиценз гээд хуваачихсан болохоос. Тэгэхээр нэг бүлэг орд байлаа гэж бодоход хэсэг тус бүрийг нь стартегийн орд гэж үзэх юм уу гэдэг нь маш ойлгомжгүй. Хуульд байхгүй, нэмж оруулах шаардлагатай.
Энэ ажлаа хийгээч ээ, О.Батнайрамдал дарга аа. Манай сайд байсан хүн шүү дээ, харамсалтай.
УИХ-ын гишүүдийн үндсэн ажил бол хууль санаачлах, засах. Эхлээд тэр ажлаа хийгээд хууль эрхзүйн орчноо тодорхой болгох ёстой. Тэгээгүй байж “Онтрэ” хуйвалдлаа, хулхидлаа гэж болохгүй.
Алдаа гарч, асуудал тулгарч болно. Гэхдээ зэрэгцээд ажил явж байх ёстой байхгүй юу. Хуулиудаа эргэж хараад, ямар хууль нь аль зарчмыг алдагдуулсан юм бэ гэдгийг олж, цаашид гаргахгүй байх ажлыг л хийх ёстой. Бид цаашдаа ингээд л энэ хоёр, гуравхан ордоо тойрч хэрэлдээд яваад байх юм уу.
-Та уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчин ойр, ойрхон өөрчлөгдөх нь ААН-үүд, хөрөнгө оруулалтад хортой тусаж байсан талаар ярилаа. Энэ байдал нь дуусдаггүй хэрүүлийн эхийг тавьсан гэж хэллээ. Энэ дуусдаггүй хэрүүлийн шалтгааныг арилаагүй, маргаан хэвээр байхад бид Ашигт малтмалын тухай хуулийн бас нэг өөрчлөлт буюу 5.4, 5.5 дугаар заалтыг хэрэгжүүлэхээр Стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй хэлэлцээрт орох гэж оролдож байгаа.
Дараа нь 5.6 буюу Стратегийн ордын 10 хувийг олон нийтэд арилжих, 5.7 Стратегийн ордод нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээд 34 хувиас илүү хувь эзэмшихийг хориглоно гэсэн заалтууд хэрэгжихээр хүлээгдэж байна. Сүүлийн хоёр заалтыг оруулахдаа Уул, уурхайн үндэсний ассоциациас санал авсан уу. Танайхаас ямар санал өгсөн бэ?
-Хуулиараа бол нэг сарын өмнө санал авах процесс явдаг. Гэтэл яг энэ заалтууд дээр хэнээс ч санал аваагүй. Гэнэт л оруулж ирсэн. Бид уг нь Ажлын хэсэгт нь байсан хүмүүс шүү дээ. Яамныхан ч мэдээгүй гээд бод доо.
-Тэгэхээр, асуудлаа шийдэхээс өмнө цаашдаа ямар замаар хөгжихөө тодорхойлох ёстой гэж яриад байгаа нь ийм учиртай. Аман дээрээ ардчилал, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжинө гэсэн мөртлөө хууль эрх зүйн орчныг шинэчлэх болгондоо ухралт хийж байна шүү дээ.
Эхлээд төрийн өмийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосоын ордыг Стратегийн орд гэж тооцох байсан бол одоо хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордод ч хувь эзэмшихээр болсон. Тэгсэн мөртлөө шинээр нээгдсэн орд Стратегийн орд мөн бишийг төр өөрөө шийднэ гэж байгаа. Энэ нь салбарын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хүчин зүйл болж байна гэж хараад байна?
-Би түрүүнд хэлсэн, хуульд бүдүүн баараг, ерөнхий заалт оруулах нь төрийн оролцоо, эрх мэдлийг нэмдэг гэж. Жишээ нь, хуульд Стратегийн ордын тодорхойлолтод “Нийгэм эдийн засгийн ач холбогдолтой” гэж байгаа. Энэ тодорхойлолтоор явна гэвэл бүх л орд Стратегийн орд болно.
Яагаад гэвэл, үр өгөөжгүй ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлахгүй шүү дээ. Надад баримт байхгүй, гэхдээ би хардаж байна. “Ийм тодорхойгүй ”Стратегийн орд” гэдэг тодорхойлолт тавьчихаад дарамтлах хэрэгсэл болгох гээд байна уу” гэж. “Чи таалагдахгүй байна”, “Чи тэдийг өгвөл би больчихъё”, “Стратегийн ордод оруулъя, оруулахгүй ч байж болно”, эсвэл “Дургүй хүргээд байвал оруулчихна шүү” гэдэг ч юм уу.
Хэрвээ “Бүлэг ордыг салгачихсан бол энийг нь ингэж үзнэ” гэдэг ч юм уу, тодорхой болгочих юм бол гаргалгаа зөндөө байна шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойг 20 хэсэг салгачих юм бол 20-иулаа Стратегийн орд болох юм уу.
Оюутолгой гэдэг нэг орд дээр гурван лиценз олгосон юм бол гурван Стратегийн орд гэж үзэх юм уу. Энийгээ хуульдаа хийж өгөөч ээ. Эсвэл Стратегийн орд гэдэг балай юмаа болиоч ээ. Улстөрчид энүүгээр л “Би чамайг алах уу, аврах уу” гэдэг юм барьчихаад суугаад байна шүү дээ.
Манайд яалт ч үгүй ороод ирчихсэн хэдэн хөрөнгө оруулагчид бас байна. Гаръя аа, гарч болохгүй, энд юм нь байгаад байдаг. Нэмж юм хийе ээ, хийж болохгүй болчихсон. Эд нарыгаа яах вэ. Манайх шиг ингээд л нэг орд нь 20 жил байгаад байдаг газар байхгүй шүү дээ.
Бид нарын санал юу вэ гэвэл, улс орон болгонд зарлаж байгаа шиг “Стратегийн ач холбогдолтой” гэж зарлаад, Баялгийн санг бүрдүүлэх татвар тавьчих. Манай салбарынхан бүгд “Баялгийн сангаа бүрдүүлье” гэж байгаа. Гол нь зөв менежменттэй авч яваач ээ л гэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол сонгууль болгоны өмнө нэг хууль баталж байгаад үрчихдэг биз дээ.
-Стратегийн ордуудын олонх нь одоо болтол эргэлтэд орж амжаагүй байгаа. Тэгэхээр тэдгээр ордыг үр ашигтайгаар эргэлтэд оруулах боломж бидэнд байсаар байна. Гэхдээ зөв жишиг тогтоох ёстой. Тэр цаг нь ирсэн юм болов уу?
-Яг үнэн. Одоо “Идээ хагарна” гэдэг нь болж байна шүү дээ. Тэгэхээр, зөв жишиг тогтоохын тулд “Хуулийг хэн зөрчөөд байна вэ” гэдгийг эргэж харах ёстой байхгүй юу. Компаниуд зөрчих юм бол шууд үйл ажиллагааг нь зогсоочихно шүү дээ. Хууль тэгш үйлчлэхгүй байна гэж миний яриад байгаа нь наадах чинь.
“Хууль эргэж үйлчлэхгүй” гэдэг зарчим ч зөрчигдөж байгаа. Жишээ нь, “Энержи ресурс” 2005 онд Тавантолгойн зургаан тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. 2006 онд Ашигт малтмалын шинэ хууль гарсан. 2007 онд Стратегийн ордын жагсаалтаа гаргасан. Энд Тавантолгой, Оюутолгой, Цагаан суварга, Асгат гээд нөгөө үйлтэй дөрвөн орд орж ирсэн.
Эндээс харахад, нэгд, хууль эргэж үйлчилсэн нь маш тод харагдаж байна. Хоёрт, хуульд “50 хүртэлх хувь эзэмшинэ” гээд заачихсан байхад 96 хувийг нь авсан байна. С.Баяр гуай өөрөө ярьсан байна лээ, “Үүргээ давуулан биелүүлж” гээд. “Хуульд тийм үг байдаг юм уу” гэж би асуугаад байгаа нь ийм учиртай. Хуулийг янз бүрээр тайлбарлаж болж байна шүү дээ.
Одоо хөрөнгө оруулагчдын асууж байгаа нэг л юм байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.7.
Хармагтай дээр “Зижинь” гээд компани хөрөнгө оруулаад явж байтал 2024 оны хавар 34, 51 хувь гэдэг юм гарч ирээд л хамаг юмаа зогсоочихож байгаа байхгүй юу. “Өө ингээд 51 хувийг нь шууд авчих юм уу” гээд л. Дараа, дараагийн хөрөнгө оруулалтыг шууд хаачихаж байгаа байхгүй юу.
Хайгуулд хөрөнгө оруулсан ямар ч компани том орд олохыг бодно. Гэтэл түрүүний миний хэлснээс бүх орд “Стратегийн ач холбогдолтой” болох гээд байна шүү дээ. Тэгэнгүүт “Өө би 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй юм уу” гээд л гараад явчихаж байгаа юм. Гадна байгаа нь орж ирэхгүй гэсэн үг.
-Нөгөө талдаа Баялгийн сан явах ёстой юу гэвэл явах ёстой?
-Баялгийн санг бүгд дэмжиж байгаа. Эсэргүүцсэн хүн нэг ч байхгүй. Ассоциаци энэ дээр байр сууриа маш сайн нэгтгэсэн. Бид юу гэж байгаа вэ гэхээр, “Баялгийн сангийн татвар” гээд гаргачих. Одоо бол Баялгийн санг бүрдүүлэхийн тулд Стратегийн ордыг төрд авах гэж байна гээд байгаа. Тийм утгагүй юм яриад байгаа шүү дээ. Төрд авсан компаниуд яаж ажиллаж байгаа билээ. Бүгд дампуураад, ашиггүй ажиллаж байгаа биз дээ...
-Гэтэл Баялгийн санд ашигтай ажилласан ААН-ээс л орлого төвлөрнө?
-Тийм. Тэгэхээр, Баялгийн сангаа үнэхээр бүрдүүлье гэж байгаа бол Стратегийн орд гэдгээ болиод, Баялгийн сангийн татвар гээд яг тодорхой татвар тавьчих. АМНАТ дээр нэмэх нь шүү дээ. Тэгээд тэр татвартаа хэн ч битгий хүр. Төсөв рүү битгий хий. Тэгээд бүх компаниуд төлье.
Тэгж чадвал хөрөнгө оруулагчдад ч тодорхой болчихно. “Өө, за би ийм АМНАТ төлөх юм байна, Баялгийн сангийн татвар гэж байдаг юм байна. Дээр нь ААНОАТ, НӨАТ байгаа” гээд. Тэгэхгүй, 34 хувийг нь авах юм уу, 51 хувийг нь авах юм уу, авахгүй байсан ч яах вэ гэдэг чинь л ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа юм.
-Иргэд бол Баялгийн сан бүрдүүлэх гэсэн чинь уул уурхайн компаниуд нь цааргалаад, хойш татаад байна гэдэг ойлголттой байгаа?
-Тэгж ойлгуулсан. Хавар Ж.Батзандан гарч ирээд үүсмэл ордын гурван ААН рүү албан бичиг явуулсан байсан. Бусад руу нь бол тийм албан бичиг ирээгүй. Гэтэл сошиал дээр Компаниуд хэлэлцээрт орохгүй гээд байгаа юм шиг мэдээлэл яваад байдаг.
Манай компаниуд бүр өөрсдөө албан бичиг явуулж байсан. Хэлэлцээрт яаж орох вэ. Хэнтэй орох вэ. ЗГХЭГ-ын даргатай орох юм уу, Ж.Батзандантай орох юм уу, Засгийн газартай орох юм уу, салбарын яамтайгаа орох юм уу юу ч тодорхойгүй.
Бид байр сууриа олон удаа илэрхийлж байсан шүү дээ. “Баялгийн санг эсэргүүцээгүй. Бүрдүүлнэ ээ. Гэхдээ зөв менежментээр авч яваач ээ” гэж. Хууль гаргаж ирээд л өөр юманд зарцуулаад явах юм уу.
-Тэгвэл ард түмний Баялгийн сангийн дайсан нь яг хэн юм бэ. Хэн бүрдүүлье гэж байгаа юм бэ. Урьд өмнөх сангүүдыг хэн бүрдүүлж байсан юм бэ. Хэн үрчихсэн юм бэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй болж байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ААН-үүд бүрдүүлсэн, төр Эрсдлийн сан ч билүү нэртэй тусгай санд төвлөрүүлнэ гэсэн ч гэр бүлийн мөнгө зэрэгт зарцуулж дуусгасан байдаг?
-Ганц сан ч биш, ер нь сангуудын мөнгө хаачив байхгүй юу. Бүрдүүлэх нь гол биш, компаниуд бүрдүүлчихнэ. Тэр мөнгө хаачив, юунд зарцуулагдав гэдэг илүү чухал.
Бид нар өнөөдөр төсөв дээр л фокуслаад 33 их наяд гээд байна. Компаниудын л иргэдтэйгээ нийлүүлж бүрдүүлсэн мөнгө. Гэтэл тэр мөнгийг хэн мэдэж, юунд, яаж зарцуулж байгаа билээ. Цаана нь ТӨК-иуд байгаа. Эхний 10 нь л ашигтай, бусад нь ашиггүй. Маш их үр ашиггүй хүч ажиллуулдаг. Ашигтай байхын тулд биш, ажилтай байлгахын тулд ажилуулж байна. Хувийн компани бол цомхон хүчээр аль болох үр ашигтай ажиллахыг эрмэлздэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи ресурс" хоёрыг л аваад үзье л дээ. Цогтцэций дээр хэн нь юу хийсэн юм бэ.
-Тэгэхээр эндээс "Байгалийн баялаг бол ард түмний өмч. Энэ өмчийг эздэд нь үр ашиггүй эзэмших эрх төрд ч байхгүй" гэдэг логик гарч ирж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр "QSC" компанид концессоор очихоосөө өмнө төсөвт хамгийн дээд тал нь 2.1 тэрбум төгрөг төлдөг байсан, сүүлд консцесс цуцлахад жилдээ 80 тэрбум төгрөг төлдөг болсон байсан гэж Ө.Шижир захирал ярьж байсан. Ухаандаа, төрийн өмчид, жилдээ 2 тэрбум төгрөгийн татвар төлдөг компани байснаас хувийн хэвшлийн менежментэд жилд 80 тэрбум төгрөг төлдөг компани байх нь ард түмэнд ашигтай гэж...
-Наадхыг чинь харин ард түмэн мэдэхгүй байна шүү дээ...
-Тэгвэл төр гэж юу юм бэ. ААН-үүд, ард түмэн хоёр нэг тал юм уу, төр ард түмэн хоёр нэг тал юм уу гэдэг асуулт бас гарч ирж байна?
-Төр ард түмний нэр барьж л ийм юм хийгээд байна шүү дээ. Би нэг л жишээ хэлье. Төр одоо Стратегийн ордуудаас 34, 51 хувь авна гээд л байгаа. "Оюутолгой" дээр АМНАТ-ыг 5 хувиар тогтворжуулаад 34 хувь эзэмшсэн. Одоо ногдол ашиг байхгүй. "Эрдэнэт" дээр АМНАТ бараг 20 хувь хүрч байхад Оюутолгой таван хувь. АМНАТ-аа ядаж 10 хувиар тохирсон бол нэг тонн зэсийг 10,000 ам.доллараар зарлаа гэхэд одоогийн хүчин чадлаар нь тооцоход 150 сая ам.доллар жил бүр авах байсан. 500 тэрбум төгрөг. Гэтэл 34 хувь эзэмшчихээд өртэй байна гээд сууж байна. Энэ шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Төр муу менежер гэдгийн нэг жишээ нь энэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна