МАН-ЫН ИХ ХУРАЛ: Д.Амарбаясгалан нэрээ татаж, нэг талын хоёр хоорондоо тулах уу

Zuv.mn
1 цаг 40 минутын өмнө

Бага хурлаар маргаантай өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар Их хурлаар хайнаа хагалах нь гэж байтал Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр намын даргын өрсөлдөөнөөс гарч байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэснээр НАМЗХ угшилтай, тэндээс тодорхой хэмжээний дэмжлэг, “хөл”-тай Н.Учралыг түүний оронд өрсөлдүүлж, АСЗХ угшилтнууд бат дэмжсэнээр өрсөлдөгчөө ялах дүр зураг төсөөлдөгдсөн. Тэгвэл, Бага хурлаас намын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан өнөөдөр, эс бөгөөс ойрын үед намын даргын сонгуулиас нэрээ татах бололтой.

Хамгийн сонирхолтой нь, тэрбээр нэрээ татлаа гээд өөрийн талынхнаас хүн дэвшүүлэхгүй.  Н.Учралтай Ж.Энхбаяр өрсөлдөх магадлал өндөр байгаа аж. Өөрөөр хэлбэл, хэвлэлүүд өчигдрөөс таамнан бичиж эхэлсэн шиг Н.Учрал, Ж.Энхбаяр нарын нэг нь №1, №3-ын талыг төлөөлж өрсөлдөх биш, хоорондоо тулах хувилбар бэлджээ. Эх сурвалжийн мэдээлэл үнэн бол, өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан нэрээ татаж, дээр нь нэмээд өөрийнхөө талаас хүн дэвшүүлэхгүй гэвэл МАН дотор асуудал нэгэнт шийдэгдэж, хүчний харьцаа дэндүү нэг талдаа гарсныг л харуулах юм. 

Хэрвээ энэ хувилбар хэрэгжвэл юу болох вэ.

Нэгд, Г.Занданшатарын Ерөнхий сайдын суудал баталгаажна гэж байна. Өөрөөр хэлбэл, Ж.Энхбаяр, Н.Учрал хоёрын хэн нь ч ялсан Г.Занданшатар Ерөнхий сайдаасаа буухгүй. Гэхдээ, МАН шинэчилсэн дүрмээсээ намын даргыг Ерөнхий сайдад дэвшүүлэх заалтаа авчихгүй л бол түүний хар дарсан зүүд нь болж хувирах юм. 

Хэзээ нэг өдөр “Эрх мэдлийг минь өгөөч ээ” гэж хэлж Ерөнхий сайдын суудлыг аваад, эрх баригч намын даргын сонгуульд өрсөлдсөн нэг талын хоёр гэдгээрээ нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын даргын суудалд суух нь ч магадгүй. 

Өөрөөр хэлбэл №1, №2, №3 нэг талдаа гарна гэсэн үг. Ийм үед намд том хөдөлгөөн ордог. Эсрэг талаа нам дарж авах гэж шуурхайлдаг бичигдээгүй хуультай. МАН эрх баригч нам болохоор төрд ч ийм үйл явдал болно. Эцэст нь, намдаа шаарлагдсан улстөрчид өрх тусгаарласнаар дуусах нь олонтаа.

Яг одоо МАН-д өрнөж байгаа процесс, нэг тал хүч түрж байгаа байдлыг харахад, Бага хурлын дараа зарим хүний ёрлож байсанчлан, АН-ын зовлон МАН-д ирэх цаг ойрхон харагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна