Монгол Улс буруу тогтолцоон дээр гэрээ барьж, улс төр, бизнесийн бүлэглэлүүд нь Төр улс болон тоглож байгаа цагт хөгжил дэвшил ярих нь илүүц. Өнөөдрийн эрх баригчид шударга ёс тогтоож, Төрд бугшсан сөрөг зүйлтэй тэмцэж байгаа нь сайшаалтай. Гэвч өнөөх л засаглалын буруу тогтолцоо цааш явах ямар ч аргагүй байдалд оруулж байна. Хөгжлийн банк, ЖДҮДС-гаас их хэмжээний зээл аваад төлөөгүй томоохон зээлдэгчдийг АТГ-аас Шүүх рүү шилжүүлдэг ч тэнд очоод хэрэг шийдвэрлэгдэхгүй байсаар замхарч байгаа нь шүүх өөрөө томилсон эздээсээ хараат, тэдний нөлөөлөлд автсаар байгааг харуулж байгаа юм.
Бид “эцэг хууль”-даа хоёр ч удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн ч буруу тогтолцооны авторууд, МАНАН бүлэглэлд орон зай үлдсээн гэдгийг судлаачид хэлдэг. Шүүх, хүчний байгууллагын эздийг Ерөнхийлөгч, Засгийн газраас санал болгож, УИХ-аас томилж байгаа цагт гажуудал байх болно.
Өдгөө гэхэд Үндсэн хуулийн 51.2-т “ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” гэж заасан бол “Ерөнхийлөгчийн тухай хууль”-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно” гэжээ. Тэгвэл Ерөнхий прокурор болон АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгон томилдог хуультай байсан. Харин энэ заалтыг Үндсэн хуулиар хориглосон учраас “АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул Ерөнхий сайд санал болгон томилно” гэж заасан. Эдгээр хуулийн заалтаас харахад шүүх, хүчний байгууллагын дарга нарыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь өөрийн хүнээ санал болгож, УИХ-аар хэлэлцсэнээр томилж байна. Ийм нөхцөлд Монгол Улс улс төр, бизнесийн бүлэглэлийн гарт оршсоор байх болно.
Энэ байдлыг халж, шүүх, шүүгчдийг улстөрчдөөс хол байлгаж, бие даасан, хараат бус байдлыг хангахгүйгээр цааш явах аргагүй болсон. Бид бусад улс орнуудын сайн жишгийг судлах, зарим зүйлээс авах хэрэгтэйг ч хэлдэг.
Тухайлбал, Англи, Саксоны орнуудад шүүхийн шийдвэр гарахад шүүгчээс гадна Тангарагтны шүүгчид оролцдог. Тангарагтны шүүх нь насанд хүрсэн 12 хүнээс бүрдэх бөгөөд гол төлөв эрүүгийн хүнд гэмт хэргийг шийдвэрлэхэд оролцоно. Харин буруутай этгээдэд зохих ялыг оноох ажлыг шүүгч хуулийн хүрээнд удирдан зохион байгуулдаг аж. Мөн талуудын гаргасан нотлох баримтуудыг үнэлэхдээ шүүгч, тангарагтны шүүгч нарын шийдвэрлэх хэсгийг тодорхой зааглаж өгсөн байдаг. Тэдний үндсэн үүрэг бол хэргийн үйл баримтуудыг үнэлэх юм.
Тангарагтны шүүгчид шүүхээс тусдаа, нууцаар хуралдаж нэгдсэн шийдвэр гаргах буюу шүүх хурал дор хаяж найман цаг үргэлжилж, 12 шүүгчээс 10 шүүгч нь санал нэгдсэн тохиолдолд эцсийн шийдвэр гардаг. Тангарагтны шүүх шийдвэр гаргасан тохиолдолд шүүгч нарын үндсэн ажил бол холбогдогч гэм буруутай этгээдүүдэд тохирсон, ял шийтгэл оногдуулдаг байна. Эндээс харахад Тангарагтны шүүх бүрэлдэхүүнд ямар ч улс төрийн нөлөөлал алга. Тэд хэргийг нотолж, нягтлаад эцсийн байдлаар авч үзэхээр хөдөлшгүй баримт дээр тулгуурлаж, ямар нэг гадны нөлөөгүй, өндөр хяналт дор хэргийг авч үзэж байгаа сайн жишиг юм. Тиймээс тогтолцоогоо зөв болгож, системынхээ гажуудлыг засаж байж хөгжил дэвшлийн тухай ярих хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна