ТӨРИЙН ЭРХ БАРИГЧ НАМЫН БОДЛОГО ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД НӨЛӨӨЛӨХ НЬ
Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчин буюу цахим платформуудын өрсөлдөөн чинээндээ тулж, олон нийтийг хэн нь дагуулах вэ гэдэг өрсөлдөөн ид өрнөж байна.
Шилжилтийн үе угаас хаос байдаг тул төөрөгдөл, цаг зуурын ялагчид гарна. Ямар чиг баримжаатай, уламжлалтай нам эрх барьж байгаагаас шалтгаалаад цаг зуурын өрсөлдөөнд хөлөө олох гэж тэвдэж яваад гаргасан алдааг нь хэт дөвийлгөж, хуулийг чангалах замаар хэвлэлийн эрх чөлөөг боомилох оролдлого гаргах нь ч байна. Ганц нэг сэтгүүлчийн гаргасан алдаа, ёс зүйгүй үйлдэл тэдний хувьд сайхан далим болдог. Хэвлэл мэдээллийн зөвлөлд иргэд, төрийн болон ТББ-аас гаргасан гомдлын 74 хувь нь редакцын эсрэг талд шийдэгдсэн нь энэ алдаа чамлахааргүй хэмжээнд буюу төрөөс алхам хийх хэмжээнд байсныг илтгэнэ. Гэсэн ч энэ нь мэдэх эрхийг хязгаарлах шалтгаан биш юм.
Яг одоо манайд байгаа нөхцөл байдал гэвэл, эрх баригч МАН зүүний үзэл баримтлалтай. Баялгийг эхлээд төсөвт төвлөрүүлж, тэндээсээ хуваарилалт хийнэ. ийм үед хуваарилалтыг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтанд эрх мэдэл төвлөрч, өөртөө давуу байдал үүсгэдэг. Энэ нь хууль зөрчинө гэсэн үг бөгөөд яваандаа хэвлэлийн амыг барих зам руу хүссэн хүсээгүй ордог.
"МАН хэвлэлийг чангалаагүй" гэж зөрөх хүн байж мэднэ, гэхдээ сүүлийн үед ихэд ач холбогдол өгөх болсон "хандлага" гэдэг шалгуураар аваад үзсэн ч үр дүн тааруу байх гээд байна. Төсвийн хэмнэлтийн хуульд хэвлэл захиалах зардлыг хамруулсан нь хамгийн наад захын жишээ. Тэгсэн мөрт нь, намын гишүүд, төрийн алба хаагчдын ажлын үзүүлэлт, үр дүнг тооцохдоо "Үнэн" сонин захиалсан байдлыг нэг шалгуур болгоод оруулчихсан байх жишээтэй.
Тиймээс, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг барууны үзэл баримтлалтай улс төрийн хүчнийг авч үлдье, ядаж шинээр бүрдэх парламентад тэдний орон зайг хангалттай хэмжээнд байлгая гэж зорих нь алсуураа эрх чөлөөгөө авч үлдэх нэг арга байж мэднэ. Хэвлэлийн эрх чөлөөг хясан боогдуулсан шинжтэй 14 заалт хуульд орсон нь өнгөрсөн найман жилд Парламент дотор барууны үзэл баримтлалтай нам хангалттай суудал авч чадаагүйтэй ямар нэг хэмжээгээр холбоотой.
МАН эрх барьсан найман жил уламжлалт сэтгүүл зүй, дижитал платформуудын тэлэлттэй давхцсан нь мэдээж, хэвлэл мэдээлэлд нөлөөлсөн. Өнгөрсөн найман жилд хэвлэл нэрээр зарим сэтгүүлч ч их дургилаа, төр ч сайхан дураар нь дургиулж байгаад хууль эрхзүйн орчноо хангалттай чангалж авсан байна. Одоо харин энэ бүхнийг эргэн харж, Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай чамбайхан хууль баталж авах цаг ирсэн байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчлах үеэр сайтыг нь хаасан явдал гарч, улмаар эрх баригч намын бүлэг хэвлэлийн эрх чөлөөг хангах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаа амалсан. Энэ амлалтаа одоо биелүүлэх ёстой. Ингэж байж л хэвлэлийн эрх чөлөөг хангах эрмэлзлээ хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд батлах учиртай юм.
Шинээр гарах хууль нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Басхүү үндсэн хуулийн шинжийг агуулсан буюу бусад хуульд энэ хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг оруулах, шинээр гарах, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийг энэ хуульдаа нийцүүлдэг байх шаардлагатай.
Н.Учрал /Цахим хөгжлийн сайд/
МСНЭ-ээс Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа 14 хууль хэвлэлийн эрх чөлөөг зөрчсөн байна, эргэж хараач” гэсэн. Гэтэл гарчихсан хуулиудыг хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үүрэг. Хууль гарахаас өмнө тухайн батлагдаж байгаа хууль нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай байж болохгүй шүү гэдгийг хуулиар зохицуулчихсан мөртлөө л батлагдчихдаг. Нэгэнт гарчихсан хуулийг бол Прокурор нь ч хэрэглэнэ, Зохицуулах хороо ч хэрэглэнэ шүү дээ. Тиймээс асуудлыг өргөн утгаар нь харж, МОНГОЛ ХҮНИЙ ҮГЭЭ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА АЖИЛЛАХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ МАНАЙ ГИШҮҮД ДЭМЖИЖ БАЙГАА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН.
/2024 оны XII сар/
Тэгэхээр, яг одоо шинээр боловсруулж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульд төвлөрцгөөе гэж нийт сэтгүүлчдэдээ уриалж байна. Сонгуулиас өмнө хуулиа батлуулаад авбал их сайн, үгүй бол шинээр бүрдэх парламентын бүтцэд анхаарал хандуулахаас аргагүй.
Харин нэг санаа хэлэхэд, энэ хуульд редакцийн ажилтны тоо гэх мэт хэмжигдэх боломжтой зүйл заалт тусгаж огт болохгүй гэдгээ хувийн зүгээс илэрхийлж байна. Редакц сэтгүүлчдийн нуруун дээр явдаг, харин сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар буюу нийгэмд нөлөө үзүүлэх чадварыг тоогоор илэрхийлэх боломжгүй.
Нэг хүнтэй редакц байсан ч 20 хүнтэй редакцийн хараагүй өнцөг, хөндөөгүй агуулгыг гаргаж болдог. Тиймээс “Тэдэн хүнээс дээш редакцитай байгууллагыг редакцид тооцож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж хамтарч ажиллах эрхийг нь нээж өгнө” гэх мэт явцуу ашиг сонирхлоо тулгахгүй байхыг зөв гэж үзнэ.
АЙДОЛ, БЭЛГЭ ТЭМДГИЙН ШИНЭ ЖИШИГ ТОГТООХ ШААРДЛАГА
Юуны түрүүнд өнөөдөр манай салбарт өрнөж байгаа үйл явц бол цаг зуурын юм. Алдаа, оноо аль, аль нь байна. Алдаа нь бага, оноо нь их болов уу.
Гэхдээ, сэтгүүлч болох хүсэлтэй залууст үлгэр жишээ болох идеал дүр төрхийг шинэчлэх шаардлага байгааг хаа, хаанаа үгүйсгэмээргүй байна. Аливаа асуудал дээр бидэнд чиг шугамаа болгочих, хараад үлгэр дуурайлал болчих тулхтай уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл /редакци/, чадварлаг, олон нийтэд танигдаагүй ч хүндлэгдсэн сэтгүүлчид байна. Тэднийгээ юу хэлж, ямар санаа илэрхийлж байгааг сайн сонсох, үзэл бодлыг нь олон нийтэд хүргэх тал дээр бүгдээрээ анхаарах хэрэгтэй болов уу.
Учир нь, эхэнд өгүүлсэнчлэн, одоо үргэлжилж байгаа шилжилтийн үе тэдний нуруун дээр явж байгаа юм. Эцэст нь, сошиал медиа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн өрсөлдөөний чиг хандлага бидний талд байгаа гэдгийг баттай харуулах мэдээлэл хүргэе.
УЛАМЖЛАЛТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЗҮЙ МООДНООС ГАРАХГҮЙ
Тоон технологи хөгжиж, хүмүүс “гар утас” хэмээх жижигхэн “шидтэн”-г гартаа атгаснаар сонин захиалж, телевизийн дэлгэц ширтэж суух шаардлагагүй болсон. Сошиал медиад зарцуулдаг маркетингийн зардал жилээс жилд өсөж байгаа.
Гэхдээ тэглээ гээд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрсөлдөөнөөс арчигдана гэсэн үг биш. Тэр тусмаа Монголтой төстэй пост коммунист орнуудад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэ цэнээ удаан хадгалах боломж бусдаас илүү өндөр байна.
Үүнд гурван шалтгаан байна гэж эх сурвалж үзжээ. Үүнд:
Нэгд, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сэтгүүлчдийн хувьд мэргэжилдээ өсч дэгжих хамгийн боломжтой газар хэвээр байна. Иргэний сэтгүүлзүй, блог, видео блогерууд олноор бий болж, тоон мэдээллийн тэсрэлт болж байгаа өнөө үед ч мэргэжлийн редакц нь сэтгүүлчийн карьераа өсгөх хамгийн боломжтой газар хэвээр бөгөөд цаашид ч энэ чигээр үлдэх нь тодорхой байна.
Хоёрт, Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хөрөнгө мөнгө их шаардах эрэн сурвалжлах сэтгүүлзүйн бүтээлүүдийг санхүүжүүлэх боломж нь бусдаас илүү хэвээр байна.
Тэгвэл сэтгүүл зүйн энэ төрөл өдгөө нийгэмд хамгийн их эрэлт хэрэгцээтэй, ирээдүйд ч үзэгчдийг байлдан дагуулсан хэвээр байх төлөв байгаа нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн аз болж байна. Интернэт мэдээлэл бэлтгэгчид нь хурдад илүү төвлөрч, гүн гүнзгий судалгаанд цаг гаргаж чадахгүй нь ойлгомжтой.
Гуравт, интернэтэд нэвтрэх, тоон технологийн төхөөрөмж ашиглах боломж улс орон бүрд ялгаатай байна. Интернэт болон дижитал төхөөрөмжийн хэрэглээ багатай улсад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл давуу талтай, илүү удаан ноёрхох нь мэдээжийн хэрэг юм.
Эцэст нь, УХМХ-д хамгийн чухал нь, үнэн бодит мэдээлэл түгээх давуу тал байна.
Тэгэхээр, хэдийгээр хүмүүс сошиал орчноос мэдээлэл авах нь түгээмэл болж буй хэдий ч нөгөө талаар УХМХ доройтох биш, харин технологийн асар хурдацтай хөгжилтэй зэрэгцэн хөгжиж яваа гэвэл үнэнд илүү нийцнэ.
Манайд хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн сайтууд сонин, телевизээс гадна өөр олон, олон боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож буй.
Жирийн иргэд ч, албаны хүмүүс ч үнэн бодит, ёс зүйтэй, хурдан шуурхай мэдээллийг хүсдэг. Тиймээс УХМХ-ийг рестораны хоолны цэсэнд байх хамгийн түгээмэл хоолтой зүйрлэж болох юм.
Зочид юу ч захиалж идсэн бай, хамгийн сүүлд УХМХ-ээс л үнэн худлыг нь шалгадаг хэвээр байх болно. Ийм байлгах хамгийн гол хүчин зүйл бол редакцийн бодлого, үнэн бодит мэдээлэл, сэтгүүлчийн ёс зүй, ур чадвар, мэдээний өрөөний соёл юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.119
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хариулах