2025 оны Төсвийн төсөл, дагалдах хуулиуд болон тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавилаа.
Уг нь энэ төсөв алдагдлын хувьд харьцангуй бага /2020 онд 8.4 хувийн алдагдалтай төсөв баталж байсан/, жижиг хөрөнгө оруулалтуудыг танаж, улс, бүсийн хэмжээнд ач холбогдолтой том бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зарчимд шилжсэн харьцангуй сайн төсөв болсон. УИХ ч хууль журмын дагуу хэлэлцэж, хугацаанд нь баталсан. Энэ талаас нь харвал УИХ хоригийг хүлээж авахгүй байх магадлал өндөр. Гэтэл хүлээж авч байгаа нь асуудал зөвхөн нэг жилийн төсөвтэй холбоотой бус, харин “Өсөлтийг хангахын тулд алдагдал хийж болно“ гэсэн зарчмаа өөрчилж, цааш, цаашдаа төсвийг алдагдалгүй баталж байя гэсэн томоохон хэмжээний бодлогын шилжилт хийж байгаагийн шинж гэж харж байна.
Төсөв боловсруулагдаж, өргөн баригдсанаас /Есдүгээр сарын 1-нээс хойш/ хойш тэгвэл бодлогын шилжилт хийхэд хүргэсэн ямар чухал үйл явдал болов оо. Үүнд нэгдүгээрт, АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгууль, хоёрт энэ долоо хоногт “Чайна энержи”-гээс Ц.Туваан сайдад ирүүлсэн захидал хамгийн ихээр нөлөөлсөн болов уу.
АНУ-ын сонгуулийн тухайд, яаж ч шийдэгдсэн манай улсад нөлөө ирэх нь тодорхой байсан. Камала Харрис ялбал Орхи Дорнодын хямрал хурцдаж, газрын тосны үнэ өсөн, Монголд явагдаж буй бүтээн байгуулалтуудад сөргөөр нөлөөлөх, Д.Трамп ялсан тохиолдолд БНХАУ-тай хийж байсан худалдааны дайнаа үргэлжлүүлж, үр дүнд нь ам.долларын ханш өсөн, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, манай экспортын гол нэрийн түүхий эдийн ханш унах эрсдэлтэй гэж байлаа. Энэ асуудал арваннэгдүгээр сарын 5-нд хоёр дахь хувилбараар шийдэгдсэн. Ши Жиньпин Д.Трампыг ялсны дараа баяр хүргэсэн захидалдаа “Бид хамтарсан үедээ хожиж, эвдэрсэн үедээ хоёул хожигдож байсныг сана. “Худалдааны дайн”-аас бидний хэн нь ч хожоогүй” гэх утгатай үг дайсан нь худалдааны дайнаас ихэд болгоомжилж байгааг харуулсан юм. Д.Трамп төлөвлөснийхөө дагуу үйлдвэр, аж ахуйн газруудаа эх газрын Хятадаас нүүлгэн шилжүүлж эхэлбэл БНХАУ-ын эдийн засагт, БНХАУ-ыг дагасан эдийн засагтай манай улсад эергээр нөлөөлөхгүй нь тодорхой.
Харин “Чайна энержи”-гийн захидлын тухайд, жил бүр 20 сая тоннын баталгаатай худалдан авалтыг амалсан ч “Нүүрсийг Монголын биржийн үнээр бус, 2010 онд "Чалько”-той байгуулсан гэрээнд мөрдөж, бидэнд маш хохиролтой туссан “Урт хугацааны гэрээний үнэ тогтоох" арга хэрэглэх сонголт тулгасан нь ирээдүйд орж ирэх орлогыг эрсдэлтэй байдалд оруулсан юм.
Үндсэндээ энэ хоёр нөхцөл байдал Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль, аль нь төсвийн бодлогодоо болгоомжлонгуй байр сууринаас /Алдагдалгүй батлах/ хандахад хүргэчихлээ.
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Ерөнхийлөгчийн тайлантай холбоотой хийсэн мэдээлэлдээ “Төсвийн үүрэг нь төрийн үйл ажиллагааг тасралтгүй явах боломжийг хангах хэмжээнд санхүүжүүлэх байдаг учраас урсгал зардал эрэмбийн хамгийн сүүлд байгаа” гэж мэдэгдсэн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, төсөв хэлэлцэх үеэр гишүүдийн шүүмжлээд байсан сайд нарын багц, урсгал зардлыг биш, харин ч дэмжиж байсан “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтууд”-ыг эхний ээлжинд танах арга хайна гэсэн үг.
Гэтэл Төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүд өсөлтөд чиглэсэн, Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг огт эсэргүүцээгүй байдаг. Ийм хэцүү сонголттой нөхцөл байдалд Ерөнхийлөгч Төсөв болон дагалдаж гарсан хуулиуд, тодотгол хийх тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьж, гарц гаргаж өглөө.
Ерөнхийлөгч хоригтоо УИХ-аас гарсан тогтоолын төслийг хамруулсан нь уг тогтоолын дагуу тодотгол хийвэл төсвийг дөрвөн удаа хэлэлцэж, бүхэлдээ задрах эрсдэлтэй болохыг урьдчилж харсантай холбоотой гэдгийг ЕТГ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг төсөвтэй тогтоолын дагуу биш, гарсан шүүмжлэлийн дагуу алдагдалгүй болгох чиглэлд ажиллах боломжийг УИХ-д, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чиглэсэн том төслүүдийн санхүүжилтээ хадгалж үлдэх боломжийг Засгийн газарт олгож байна.
Өөрөөр хэлбэл, төсөв алдагдалгүй болно, гэхдээ мега төслүүд үргэлжлэх боломжоо хадгалж үлдэнэ гэсэн үг юм. Энэ нь цаад утгаараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлого, дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөндөө нэг байр суурьтай, бодлогоосоо ухраагүй гэдгийг харуулж байгаа хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.171
Zuv zuv
Хариулах