1. Ээлж ээлжээр микрофон шилжүүлж, “Сайд аа, цалин нэм” хэмээн шаардах соёл урлагийн салбарынхан сүүлийн 30-аад жилд тийн нэгдсэн нь үгүй. 2023 оны тавдугаар сарын үйл явдал. Яг нэг жилийн өмнө аж. Харин хандаж хэлсэн, үгий нь арга буюу толгой дохин сонсож суусан Соёлын сайд нь гуравхан жилийн өмнө хувийн хэвшлээс томилогдсон Ч.Номин байв.
Ч.Номин сайдын тэр дур зураг цахим орчинд ч идэвхийлэн түгсэн. Хэлэх үггүй, тайлбарлах гарц гаргалгаагүй гацчихсан нь тэр мэтээр түгээсэн. Яг тэр үйл явдлын дараа, тавдугаар сарын 16-нд түүнтэй ярилцаж байв.
“Сайд аа, цалинг нь нэмэх юм уу?”
“Сайд аа, надад тоо хэрэгтэй байна. Яг хэдэн төгрөгөөр нэмэх юм бэ?”
“Яг ямар боломжтой вэ. Төсөв даах уу. Өөр гарц бий юу?”
Байн байн түншиж асуухад Ч.Номингийн хариулт товч, тодорхой байв. “Би попоръё гэвэл тоо хэлчихнэ ээ. Гэхдээ тайлбарлалаа шүү дээ. Төсөв тодотгохоор хүсэлтээ өгчихсөн. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ гэж хэллээ. Гол нь гал унтраах маягаар, нэг удаад цалин нэмээд өнгөрөх буруу. Энэ салбарт менежментийн шинэчлэл хэрэгтэй”.
Угтаа тэр үед Ч.Номин Соёлын яамыг тэргүүлснээс хойш салбарынхаа ажилчдын цалинг 25 хувь нэмчхээд байв.
Манайд, мөнгөтэй мөртлөө цалин нэмдэггүй гэдэг гажууд ойлголт бий. Гэвч улс байтугай айл ч төсөвтөө, орлогодоо захирагдана. Хөнжлийнхөө хэрээ хөлөө жийдэг нь жам. Зөвхөн соёл урлагийн салбар биш, эмч багш нарын цалинг ч нэмье гэхээр төсвийн орлого хүрдэггүй. Бидний ярилцдаг тэр өдөр Ч.Номин “Манай улс 17 их наядын төсөвтэй. Үүний 80 хувийг зөвхөн урсгал зардал буюу цалин, тэтгэвэрт зарцуулдаг. Тэгэхээр ийм нөхцөлд цалинг хангалттай хэмжээнд, шууд нэмнэ гэдэг амаргүй шүү дээ” хэмээн тайлбарлаж байв.
Цаг үеийн мэдээллээс хол байдаг энгийн иргэд салбар, салбарын цалин үе шаттай нэмэгдсээр буйг анзаардаггүй л дээ. Харин бага багаар нэмээд ирэхээр салбарынхан нь өөрсдөө сэрсэн. Эмч, багш нар дээр ч ийм юм болсон. Соёл урлагийн салбар ч, Соёлын яам байгуулагдаад нийт дүндээ 25 хувиар цалин нь нэмэгдсэний дараа тийн нэгдэж, жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн сэн.
2.Улмаар соёл, урлагийн салбарын цалин боловсрол, шинжлэх ухааны салбартай анх удаа дүйцэж очлоо. Энэ бол сүүлийн 20 гаруй жилд байгаагүй нэмэгдэл, өөрчлөлт. Учир нь тэд хариуцсан яамгүй, сайдгүй байв.
Намбарын Энхбаяр гуай тэргүүлж байсан Соёлын яам 1998 он хүртэл л “амьдарсан” нь өнөөгөөс 26 жилийн өмнөх явдал. 1998 онд Гэгээрлийн яам, 2000 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болж өөрчлөгдсөнөөр энэ салбар орхигдсон.
Тийм болохоор цалингийн асуудал ч сөхөгддөггүй байв. Боловсрол, шинжлэх ухааны дунд “хавчуулагдсан” соёлын салбар цалингийн хувьд ч дор хоцроод 20 гаруй жил болсонд сая нэг гэрэл гэгээ туссан нь 2020 он юм.
Засгийн газрын тогтоолоор Соёлын яам дахин байгуулагдаж, улмаар хэн толгойлох нь анхаарал татаж эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зурсан төлөвлөгөө, тооцсон дүр нь Ч.Номин байв.
Улс төр, хувийн хэвшил үргэлж өөр байдаг. Улстөрч хүнд худал, худал биш юм гэхэд урьдчилж хэлэх шаардлага үүсдэг. Тэгж байж ард түмэнд таалагдана, олон нийтийн хараанд өртөнө. Харин хараанд өртөхөд төвлөрч анхаарсаар, асуудлыг сууриар нь шийдэх гэж хөдөлдөггүй, ажиллаж буй цаг хугацаагаа хялбарчилж өнгөрөөсөөр дуусгадаг бол Монголын улстөрчдийн хандлагын алдаа хэмээн цохон тэмдэглэгдэнэ.
Харин Ч.Номин шууд судалгаа хийхээс эхлэв. Тэгээд, судалгаанд үндэслэж, даацтай хөдлөхөөр шийдсэн. Хуулийн төслүүд дээр ажилласан.
Ч.Номин сайд бид хоёр 2022 онд анхны ярилцлагаа хийж байв. Тухайн үед л тэрбээр “Хааны алба халаатай гэдгийг би мэднэ. Байх хугацаандаа үр дүнтэй ажиллана. Нухацтай хөдөлнө. Тэгээд дараагийн сайдыг илүү бүтээлч ажиллах суурь нөхцөлийг тавина. Суурийг нь бэлдэнэ” гэж хэлж байв.
3.Соёл урлагийн салбарт 7000 төрийн албан хаагч бий. 330 сумын соёлын төвөөс эхлээд номын сан, музей, галерей, театр, чуулга гээд чиглэл, чиглэлийн олон байгууллага энэ хүрээнд багтана.
Харин энэ салбарын цалин буюу том зургаар санхүүжилтийн асуудлыг шийдэх хэд хэдэн хувилбар бий. Улсын төсвөөс хараат байлгаад л байх. Эсвэл менежментийн шинэчлэл хийх. Эс бол бүтцийн өөрчлөлт хийж, хувьчилж юм уу хувьцаат компани болгож болно.
Угтаа төсвийн хүрээнд цалингийн асуудлыг нэг удаад шийдэж болох ч, алс хэтдээ энэ салбарт менежментийн шинэчлэл хийх нь гол байв.
Менежментийн шинэчлэл бол угтаа жинхэнэ бизнес хүний, хувийн хэвшилд ажиллаж үзсэн хүний “толгой”-ноос гардаг ажил юм.
Нэг үгээр, урлаг соёлын байгууллагууд өөрсдөдөө тулгуурлаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ “зардаг” болно. Өөрсдөө орлого олдог болж, төлөвшинө. Тэгээд тэр орлогоо, төсвөөс хараат бусаар захиран зарцуулна, үүнд цалин хөлс ч багтана. Ийм концепц.
Соёл урлагийн салбарт 7000 төрийн албан хаагчаас гадна 11 мянган хувийн хэвшил байгаа. Харин тэднийг Creative Industry болгох буюу, бүтээлч үйлдвэрлэлд “дадуулах” нь Ч.Номингийн гол алсын хараа байв.
Иймд сайдын ажлаа авсан 2021 оноос эхлээд л, хуулийн төсөл боловсруулах суурь судалгааг эхлүүлсэн байдаг. Улмаар Соёлын тухай болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсан. Салбар анх удаа хуультай болсон.
4.Энэ хуульд “чихэр” шиг олон заалт туссан. Соёл урлагийн салбарынхны оюуны өмчийг хамгаалах, туурвих боломж бололцоог хангах бөгөөд дэмжих, бизнес утгаар үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх том өөрчлөлт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулиар хийгдсэн.
Мэдээж Ч.Номингийн зарим төлөвлөгөө тусаж чадаагүй, багтаагүй. Салбар бүр уялдаа холбоотой. Тийм учраас Засгийн газар хуулийн төсөл өргөн барихын өмнө яам бүрийн саналыг авдаг. Зарим яамдын босгыг даваагүй, үзэл баримтлалын хувьд сайд нарын дэмжлэгийг аваагүй агуулгууд хуульд багтаагүй нь бий. Гэхдээ энэ том өөрчлөлт болсон.
Ч.Номин “Соёлын салбарын байгууллагуудыг хэрхэн дахин загварчлах буюу Re-Engineering хийх асуудлыг судалж байна. Музейгээр жишээ татъя. Музей өдгөө дэлхий дахинд зөвхөн үзмэрээ үзээд, тойроод гардаг биш Experience center буюу мэдрэмж авдаг газар болсон. Зөвхөн тасалбараа борлуулдаг биш арга хэмжээ, event (өдөрлөг) зохион байгуулдаг олон талт соёлын орчин болсноор түрээсийн орлого орж ирнэ. Ингэснээр эргээд тасалбараа хямдруулах, эргээд зарим үед музейгээ үнэгүй үзүүлдэг байх боломж бий болно гэх мэт. Давхар ажилчдын цалин, нийгмийн баталгааны асуудал ч хөндөгдөнө шүү дээ” хэмээн тайлбарлаж байлаа.
Харин сонгодог урлаг, соёлын өв гээд төр байгаа цагт тогтмол хариуцан авч явах ёстой салбар, байгууллага гэж бий. Ашигтай байна уу, алдагдалтай байна уу, хамаагүй. Энэ утгаар, соёлын салбарт алив байгууллагыг хувьчлах тухай асуудал бол огт байхгүй гэдгийг Ч.Номин мэдэгдэж байв.
Ганцхүү яаж менежментийн шинэчлэлийг бүтцийн өөрчлөлтийн хамт хийж, тухайн байгууллагын үнэлэмж, үр өгөөжийг нэмэх вэ гэдэг асуудалд анхаарна хэмээж байлаа.
5.Соёлын сайд Ч.Номин одоогоос яг жилийн өмнө Засгийн газрын мэдээллийн цагаар ингэж мэдэгдэв.
2022 онд батлагдсан Соёлын тухай хуулиар, төвөөс алслагдмал газар байрлах соёлын байгууллагын ажилчдад таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох талаар туссан. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар баталлаа. Улсын хэмжээнд соёлын 452 байгууллага бийн 432 нь хөдөө, орон нутагт. Иймд соёлын салбарын 4470 алба хаагчаас 3002 нь дээрх тэтгэмжийг авдаг боллоо.
Манай салбарын ажилчдын цалингийн доод хэмжээ 570 мянган төгрөг байна. Үүнийг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ.
Харин долдугаар сарын 1 гэхэд энэ мэдэгдэл бодит болов. Соёлын салбарын цалин нийт дүнгээр 61 хувь нэмэгдлээ. Улмаар доод хэмжээ 1 сая төгрөгт хүрсэн юм.
Үүний тулд Соёлын сайд Ч.Номин УИХ-д санал оруулж, төсвийн тодотголд салбарынхаа ажилчдын цалин нэмэгдлийг багтааж ч чадсан.
40 жил Монгол Улсын Консерваторид багшлахын сацуу Монгол Улсын филармонид хөгжимчнөөр ажилласан Б.Зоригттой ярилцах үеэр “Багадаа сая төгрөгийн цалинтай болчихлоо. Энэ бол том алхам” хэмээн дурссан. 20 гаруй жил орхигдсон соёлын салбарын цалин анх удаа тэгж нэмэгдсэн.
Харин одоо түүний эхлүүлсэн, салбарт менежментийн шинэчлэл хийх агуулга нүдэнд харагдаж, гарт баригдаж эхлээд байна. Үнэндээ соёл урлаг бол том хүч. Энэ салбар төсвөөс хараат байдлаар гацвал, гацаавал харамсалтай. Гацаанаас гаргахаар ажиллаж буй Ч.Номингийн эхлүүлсэн ажлын үр дүнг ярих хүн бол олон.
М.ТЭНГИС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна