Бургас буруутай

Zuv.mn
3 цаг 53 минутын өмнө

Хотын амьдрал гэдэг маш арчилгаатай зүйл. Аюулгүй, тав тухтай байхын тулд юу шаардлагатайг иргэд нь мэддэг болохоосоо эхлэн хотын хүн болж өөрчлөгддөг жамтай. Харин бид нүүдэлчин гаралтай. Тэр зан совингоосоо ч хараахан салаагүй бололтой.

Тиймээс ч өнөөдөр Дунд голын бургас, шаврыг зөөх нь зөв, буруу гэсэн хачин маргаан дэгдээд байгаа юм. Нэгэнт ийм маргаан гарч байгаа тул уншигчдадаа учрыг тайлбарлах нь сэтгүүл зүйн бас нэг үүрэг билээ. Та бүхэн өдгөө олны анхааралд орчхоод буй Дунд голын хэсэг бургасыг авахаас өмнөх зургийг нэг хараарай. Голын сав тэр чигээрээ битүү бургастай харагдана. 

Түүнд нь урсгалаар дамжиж ирсэн элдэв хог наалдсаар ус нэвтрэхээргүй болчихсон. Лаг хагшаас нь далангийнхаа эрмэгт хүрэх дөхсөн байв. Ийм нөхцөлд эргээ халихад их үер ч шаардлагагүй. Цаг хэцүү, хяналт сул 90-ээд оны үед барилгын хогийг ч голын сав руу асгадаг байлаа.

Аль ч улс хот дундуураа голтой. Гэхдээ гол дундаа битүү бургастай нь бол байхгүй. Мод бургасыг зохист хэмжээнд нь барьж, үе шаттайгаар цэвэрлэж арчилдаг юм. Тэр дундаа Дунд гол, Сэлбэ цементэн далантай нь анх хот төлөвлөсөн хүмүүс зүгээр гол биш гэж үзсэн учраас инженерийн шийдэл шингээсэн гэдгийн нотолгоо байгаа биз дээ. Гэтэл тэр нь лаг хагшаасаар дүүрээд, бургасаар битүүрсэн бол инженерийн шийдэл байж чадах уу гэдэг асуулт гарч байгаа юм. Хотод хотын иргэдийн аюулгүй байдал хамгийн нэгдүгээрх асуудал байдаг учиртай.

Тийм ч учраас “Лаг хагшаасыг цэвэрлэх, бургасыг зохист хэмжээнд нь хүртэл бууруулах ёстойг олон жил орхигдуулж ирлээ” хэмээн эрдэмтэд үгээ хэлэх нь цөөнгүй дуулддаг. Тэдний үгийг тоохгүй бол юу болдгийг ч өнгөрсөн жил үзсэн дээ. 

Тухайлбал, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Ганчөдөр “Мод зохистой хэмжээнд байхдаа хамгаалалтын зурвас болж өгөх тал байдаг.
Гэхдээ хэт ихэсвэл голын сав халих эрсдэл үүсгэдэг онцлогтой. Тэгэхгүй бол хамаг халиа нь ирж овоороод нөгөө ус чинь хажуу талын барилга байгууламж, айл руу ороод эрсдэл үүсчихэж байгаа юм. Яг өнөөдрийн түвшинд бид Дунд гол, Сэлбийн зарим хэсэг анхаарахгүй бол үнэхээр ихэссэн нь харагдаад байгаа” гэж ярьсан байдаг.


Тэгэхээр одоо зарим хэсэгт цэвэрлэгээ яагаад хэрэгтэй болсныг та бүхэн ойлгосон байх. Харамсалтай нь, энэ цэвэрлэгээ сонгуулийн үетэй давхацчихлаа. Тийм ч учраас бургас хайрладаггүй хүмүүстэй хатуу тэмцэхээр зарим “шинэхэн, шийдэмгий” улстөрчид шийдсэн бололтой. 

Олонд танигдах арга гэж харсан ч байж болох. Гэтэл хотын ажил хариуцсан улсууд өнгөрсөн жилийн үерээр асуудал нь улам ил болсон байхад “Сонгууль болж байна, хэл амны нэмэр” гээд сууж байх аргагүй байсан биз. Тэр тусмаа хотын дарга Х.Нямбаатарт тийм эрх байхгүй. Манай улсад дөрвөн жилдээ нэг удаа сонгууль болдгийг байгаль харж үзнэ гэж үгүй шүү дээ. Өнөө жил үер ус ихтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар бараг өдөр бүхэн анхааруулж байна.

Сэдвээс бага зэрэг хазайх хэдий ч чухамдаа яг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм бий. Өнгөрсөн 30 гаруй жилийн шилжилтийн үед бид олон алдаа гаргасан. Улстөрчид бодлого гаргахаасаа гэхээсээ илүүтэй дарга анги болж дураар аашиллаа. Замбараагүй олгосон газар, гол усны сав руу орсон байшин, зам гээд юуг эс хэлж барах билээ. Гэхдээ өнөөдөр бид шуугиад л мартдаг болохоос Улаанбаатар хотын шинэ удирдлагууд Сэлбийн голдиролд нөлөөлсөн "S’Outlet" дэлгүүрээс эхлээд объектуудыг буулгасан байна. Зөвшөөрөлгүй модон гүүр, голдирол хаасан шороон замыг сэтэлж нураасан, Санзайн аманд Сэлбэ голын эхэнд үерийн ус хуримтлуулах нуур байгуулсан гээд дурдвал олон зүйл бий. Тэр байтугай шар усны үерээс сэргийлэхийн тулд Сэлбийн мөсийг ч зөөж байлаа. Одоо харин Дунд гол, Сэлбийг цэвэрлэж байна.

Өнгөрсөн хугацаанд хотын дарга нарт ч, иргэдэд ч шийдэл байсангүй. Зөнгөөрөө дарга, цэргээ хийгээд л явж байж. Харин энэ назгай байдал өөрчлөгдөхөд эсэргүүцэл гардаг аж. Хувийн өмчийг нураалаа, хиймэл нуур аюултай, мөс зөөж мөнгө үрлээ, бургас хядаж улс төрийн гэмт хэрэг үйлдлээ гэх мэтээр хийсэн бүхэн нь шүүмжлэл тасрахгүй үргэлжилж байгаа юм. Ийм л байна даа, Их хотын иргэд минь.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.1
    2024/06/27

    archilgaa bhguigaas unuudur ingej bg ym

    Хариулах
  • 122.201.31.245
    2024/06/26

    Урагшлах хөдөлгөөнд саад болсон миний ах Нямбаатарын зэвүү дургүй хоёрыг зэрэг хөдөлгөж байгаа лаг шавар бургас энэ тэндгүй зөвшөөрөлгүй овоолсон барилга байшингууд Акуа Гарден хотхон мэтээ сөнөөж хотын иргэд үер уснаас айлгүй амьдран суух тавилан байна уу? таминээ Нямбаатар агаа та шийдвэрээ гаргана уу? эдгээрийг сөнөөе

    Хариулах
  • 178.174.229.45
    31 минутын өмнө

    yag yu heleh gd bgaa yum . medeej hun l buruutai 19 r zuunii setgehuitei shine yum bolgoniig uldan eserguutsej bdag buurunhii hulchgar shiidelgui ARDIIN NAM ene buhend buruutai uchir ted 99 jil turiin erh barij irsen

    Хариулах