Нарансэвстэйг "онилсон", Дархан газруудын удирдлагыг томилох эрхийг яамнаас орон нутагт шилжүүлэх хуулийн төслийг хойшлууллаа

Zuv.mn
1 цаг 51 минутын өмнө

О.Амгаланбаатар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүний өргөн мэдүүлсэн,  дөрвөн зүйлтэй, Аймгийн Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлэх агуулгатай Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ТББХ-оор хэлэлцэхийг хойшлуулжээ.

Хуулийн төсөлд дархан цаазат газрын захиргааны даргыг аймгийг Засаг дарга томилдог болохоор тусгасан бөгөөд үүнийг байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид Наран сэвстэйн боомтыг нээж, Талын мэлтэсийн алтны орд газрыг ашиглах санаархлыг агуулж байна хэмээн хардаж буй. Учир нь, хууль санаачлагчдын тэргүүнд УИХ-ын гишүүн, дээрх асуудлын лоббиг хийхийн тулд л Парламент руу орж ирсэн гэгддэг О.Амгаланбаатар байгаа юм.  

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын захиргааны даргыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сонгон шалгаруулж томилдог. Тэгвэл энэ босоо удирдлагын тогтолцоог өөрчилж, хэвтээ буюу тухайн орон нутгйин саналаар томилох нь эрх ашигч сонирхлын зөрчилд автах, аливаа нөлөөнд автах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Хууль санаачлагчдын зүгээс У.Отгонбаяр нарын гишүүдээс өргөн барьж батлуулсан ижил нэрт хуулийн зарим заалттай давхардсан тул хуулийн төслийг сайжруулах, эргэн харах шаардлагатай гэж үзсэн тул өчигдөр ТББХ-оор хэлэлцэх асуудлаас хасуулсан байна. 

Хуулийн төсөл /d.parliament.mn/

1 дүгээр зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/60 дугаар зүйлийн 60.1.21 дахь заалт:

“60.1.21.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”

2/62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалт:

“62.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”

3/63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалт:

“63.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”

2 дугаар зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг:

"38.6.Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.”

3 дугаар зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.21 дэх заалтын дугаарыг “60.1.22” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.13 дахь заалтын дугаарыг “62.1.14” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.13 дахь заалтын дугаарыг “63.1.14” гэж, 63.1.14 дэх заалтын дугаарыг “63.1.15” гэж, 63.1.15 дахь заалтын дугаарыг “63.1.16” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн "Тайлбар: -Энэ хэсгийг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дүн гарах хүртэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно." гэсэн тайлбарыг хассугай:

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна