Худалдаа эрхлэгч Д.Пунсалмаа: Хөдөлмөрлөсөн хүн хоосон хонох учиргүй

Б.Дашмаа
2 цаг 26 минутын өмнө

“Хөдөлмөрлөсөн хүн хоосон хонох учиргүй. Гэртээ зүгээр суугаад байлгүй, олныхоо дунд бужигнаад, бараагаа зараад суух нь надад илүү аз жаргалтай байдаг” гэж ярих Д.Пунсалмаа гуайтай ярилцлаа. Тэрбээр тэтгэвэртээ гараад 20 жил болж буй ч гараа хумхиад зүгээр суусангүй тасралтгүй хөдөлмөрлөж, өнөөдөрт иржээ. 

-Та ямар ажил хийдэг байсан бэ, тэтгэвэртээ гарснаасаа хойш хувиараа хөдөлмөр эрхлээд чамгүй хугацаа өнгөрүүлсэн байна. Халширч, шантрах тохиолдол гарч байв уу?

-Би насаараа санхүүгийн салбарт няраваар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Тэтгэвэр маань бага учраас хувиараа хөдөлмөр эрхлээд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Дулааны улиралд нимгэн, өвөл дотортой өмд зардаг. 

-Наймаа арилжаа хэр байна?

-Өмнө жилээс эхлээд наймаа муудсан. Энэ хавийн хүмүүс их нүүсэн. Одоо үед хүмүүс өөрсдөдөө хувцас хунар гэхээсээ илүүтэй хүнсээ авдаг болсон. Гэхдээ хоосонгүй ээ. Өмнө нь наймаа сайн байхад оюутны төлбөр төлөөд хүрдэг байсан. Одоо наймаа муудсан ч хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр төлдөггүй,  болохоор олсон орлогоо өөртөө зарцуулахад болоод л байдаг юм.

-Таныг ажил хийхэд гэр бүлийнхэн тань дургүйцэж байна уу?

-Хүүхдүүд маань “Та ядарна, гэртээ суу” гэж хэлдэг ч миний насны хүмүүс гэртээ удаан байхаар уйтгартай, биеэ чагнаад, өвдөх нь их болдог. Түүний оронд олон түмэнтэйгээ ярилцаад, инээж хөхрөөд, бараагаа зарсан нь хамаагүй дээр байдаг. Олонтойгоо бужигнах сайхан шүү дээ. Хүүхдүүддээ ч хэлдэг юм, “Ээжийгээ урт наслуулъя гэвэл битгий хорь, мөнгөндөө биш олны дунд аз жаргалтай байдаг болохоор ажлаа хийх дуртай” гэдэг. Хүмүүс ажлаа тараад “Өмд авах гээд хэдэн өдөр амждаггүй, ашгүй та байж байна” гэж хэлсээр ирдэг нь сайхан санагддаг. Зарим нь бараагаа хураасан байхад ирнэ. 

Хүүхдүүд маань “Та ядарна, гэртээ суу” гэж хэлдэг ч миний насны хүмүүс гэртээ удаан байхаар уйтгартай, биеэ чагнаад, өвдөх нь нь их болдог. 

-Та бараагаа хаанаас, яаж авдаг вэ?

-Дүү нар минь бас зах дээр ажилладаг болохоор бараагаа авахаар явахдаа надад өмд авч ирж өгдөг.

-Амьдрал ямар байна?

-Олныхоо дэмэнд сайхан л амьдарч байна. Байгаадаа сэтгэл хангалуун байх шиг жаргал үгүй. Хэдэн жилийн өмнө “Эмээ сайн уу” гээд явж байсан хүүхэд одоо гэр бүлтэй болчихсон “Сайн уу, та зогсож л байгаа юм уу” гэж ирээд өмд авдаг. Хүмүүсээс авах мэдрэмж аз жаргалтай болгодог. Тийм учраас ажлаа хийх дуртай.

Хүнээс авах мэдрэмж аз жаргалтай болгодог учраас ажлаа хийх дуртай.

-Та залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Өрхийн тэргүүн, аав ээж болох хүмүүс хөдөлмөрлөх л хэрэгтэй. Хөдөлмөрлөж л байвал сайхан амьдарна. Олсон мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Архинаас л хол яваарай гэж захимаар байна.

-Ярилцсанд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна