Түүх зөн совинтой гэж үг бий. Өнөө жилийн үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105 жилийн түүхт ой морь жилд тохиож буй. Морь, морьдоо 60 жилд ганц тохиох гал морь жил бөгөөд бусад дөрвөн махбодиос онцолж авч үзэхийн учир нь монгол хүн гал махбодтой холбоотой байдагт гэх ажээ. Морь жилд өөрчлөлт, шинэчлэлт болдог, болохдоо их хурдтай өрнөдөг гэж эх сурвалжид тэмдэглэсэн байна.
Тэгвэл энэхүү морь жил, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үр дүнд нэгэн содон зүй тогтол байгааг уншигчдадаа сонирхуулж байна.
Наадам ба билгийн тоолол
Бид Үндэсний их баяр наадмаа долдугаар сарын 11, 12-нд тэмдэглэсээр заншсан ч өмнө нь билгийн тооллоо баримтлан тэмдэглэдэг байсныг тvvх гэрчилнэ.
Д.Сvхбаатарын удирдсан цэргvvд 1921 оны зургадугаар сард Алтанбулагийг чөлөөлж, долдугаар сарын 11-ний өдөр Алтанбулаг хотноо хувьсгалын ялалтыг тэмдэглэн бага хэмжээний наадам хийж ёсолжээ. Гэхдээ дараа, дараагийн наадмуудыг өөр, өөр өдрүүдэд хийж байсан нь тухайн vед монголчууд билгийн тооллоо баримталдаг байсантай холбоотой юм.
1922 оны 7-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хурлаас улсын баяр ёслолын дvрэм хэмжээ нийлэмжтэй болсон тул ёсоор болгон баталж, "... бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11-р оны зуны сvvл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хvрээг эзэлж, мөнхvv сарын шинийн 6-ны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж, ...ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зvй нь улсын баяр ёслолыг жил бvрийн зуны сvvл сарын шинийн 6-ны өдөр явуулбаас зохино" хэмээн тогтсон нь үүний нотолгоо.
Энэ дvрмийн дагуу 1922 оны 18-р хурлын шийдвэр болон жанжин Сvхбаатарын 30-р тушаалыг vндэслэн ардын хувьсгалын нэг жилийн ойн баяр наадмыг олноо өргөгдсөний 12-р оны зуны адаг сарын шинийн 6-нд явуулсан бол 1923-1930 онд Ардын хувьсгалын ойн баярын индрийн хурал, жагсаалыг жил бvрийн долдугаар сарын 11-нд хийж, хэд хоногийн дараа баяр наадмын ажиллагааг "Цэргийн наадам" нэртэйгээр тусад нь хийж байжээ.
1923 оны цэргийн наадмыг долдугаар сарын 23-нд, 1926 оны наадмыг долдугаар сарын 26-нд 1927 оны наадмыг долдугаар сарын 18-нд, 1929 оны наадмыг наймдутаар сарын 5-нд, 1930 оны наадмыг наймдутаар сарын 4-нд тус тус хийжээ. Улсын наадмыг билгийн тооллоор үечилж бодох үндслэл нь ийм.
Дархан аваргын буулттай морь жилийн наадмууд
Тахиа жилийн шинийн 6-ны өдөр (1921 оны долдугаар сарын 11) Алтанбулагийн ойролцоох Салдууз овоог тахисан анхны наадмаас хойш морь жилийн наадам найман удаа тохиосон бөгөөд энэ жил ес дэх нь юм.
Мөнгол бөхийн түүхэнд ардын хувьсгалын эхний 20 жилийг “Арслангуудын эрин үе” гэж нэрлэдэг. Энэ 20 жилийн хугацаанд Архангай амгийн Цахир сумын харкяат, “Буур” хэмээх Нацагийн Жамьян аваргаас бусдаар дандаа өөр, өөр бөхчүүд түрүүлж, “Улсын арслан” цол хүртэцгээсэн байдаг. Энэ үед хоёронтаа морь жилийн наадам тохиосон байх бөгөөд 1930 оны наадамд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Санжмятавын Шагж, 1942 оны наадамд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, “Хужаа” хэмээх 1942 Өлзийтийн Чүлтэмсүрэн нар түрүүлсэн байна. Энэ хоёроос С.Шагжийг МҮБХ хожим “Монгол Улсын аварга цолтой бөх” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэ энгүй их хүчтэн:
Арслангуудын эрин үеэс хойш харин дандаа дархан аваргууд түрүүлсэн байна. Нохой жилийн наадам “Дархан аваргын буулттай” гэж онцлохын учир энэ. Түрүүлсэн дархан аваргуудыг харахад, дархан аварга Б.Түвдэндорж 1954 онд сүүлийн буюу долоо дахь түрүүгээ, 1966 онд /Улаанбаатарыг автуулсан их үерийн жил !!!/ Ж.Мөнхбат улсын аварга цолтой дөрөв дэхь, 1978 онд Д.Цэрэнтогтох улсын заан цолтой анхны, 1990 онд Б.Бат-Эрдэнэ улсын аварга цолтой гурав дахь, 2002 онд Г.Өсөхбаяр улсын заан цолтой анхны, 2024 онд Н.Батсуурь улсын харцага цолтой анхны удаа тус, тус түрүүлж байсан байна.
Тодруулбал, “Арслангуудын эрин үе”-ээс хойш морь жилийн наадамд дархан аварга цолтой бөх сүүлийн удаа түрүүлдэг, эс бөгөөс тухайн жилд түрүүлсэн бөх хожим нь дархан аварга болдог зүй тогтлоор явсан байна.
Энэ жилийн наадам түрүү авах хэмжээний дархан аварга гэвэл Н.Батсуурь л байна. Тэгэхээр, энэ жил дархан аваргад том боломж байж мэдэх юм. Бусад бөхчүүдийн тухайд, хэн нь ч түрүү магнай болсон бай хожим дархан аварга, түүхэнд бичигдэж үлдэх том бөх болох нь гарцаагүй ажээ. Учир нь, 1954 оноос тогтсон түүхийн энэ зөн совин одоогоор алдагдаагүй байна. Магадгүй, бидний тооцооолж байгаагаас хавьгүй эртний домогт аваргуудын сүнс сүлд нь морь жилд буун ирж, залгамж халаагаа шүшиглэчихээд буцдаг ч юм бил үү хэн мэдлээ.
МОРЬ ЖИЛИЙН НААДМЫН ТҮРҮҮ БӨХЧҮҮД
1930 Санжмятавын Шагж Завхан, Тосонцэнгэл
1942 Өлзийтийн Чүлтэмсүрэн Хөвсгөл, Цагаан-Үүр.
1954 Бадамдоригийн .Түвдэндорж Булган, Хангал
1966 Жигжидийн Мөнхбат Төв, Эрдэнэсант
1978 Дашдоржийн Цэрэнтогтох Өвөрхангай, Нарийнтээл
1990 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Хэнтий, Өмнөдэлгэр
2002 Гэлэгжамцын Өсөхбаяр Архангай, Батцэнгэл
2014 Намсрайжав Батсуурь Увс, Ховд
2026 ?
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.55
Тийм шүү.манай хужи арсланд уг нь аварга цол өгсөн юм гэсэн.
Хариулах202.126.90.55
Манай
Хариулах