​З.Төмөртөмөө: Драмын театрын нэр бүхий хүмүүс хувийн компанитай хуйвалдаж, нийтийн эзэмшлийн талбайг буудлын зогсоол болгох гээд байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 59 минутын өмнө

З.Төмөртөмөө нийтийн эзэмшлийн талбай болон зогсоол байгуулах байршлын мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдөр нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол байгуулах байршлийн жагсаалтыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлж байна. Мөн драмын театрын МУГЖ тэргүүтэй нэр бүхий этгээдүүд хотын удирдлагууд руу ээлж дараалан, удаа дараа шахалт үзүүлж байна. Олон нийтэд хууль бус шийдвэр гаргасан мэтээр төөргөдүүлж, лед самбартай холбоотой асуудлаар намайг холбоотой мэт мэдээлэл тарааж байгаа учраас би энэ мэдээллийг түгээж өгөөч гэж хүссэн юм.

Драмын театрын МУГЖ Г.Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс удаа дараалан лайв хийж байна. Би энд хоёр зарчим ярих гэж ирсэн.

Нэгдүгээрт төр олонхоороо шийдвэр гаргаж байгаа юм. Шийдвэр гаргаад ямар нэг зүйлийг зөвшөөрсөн бол нэг гараараа зөвшөөрч байгаа мэт боловч нөгөө гараараа буцаагаад авч болохгүй. Энэ дунд бизнес эрхлэгчид таш их  хохирч байгаа. Үүнийг Монголын төр ойлгодог байх хэрэгтэй.

Хэн нэгэн хэл амтай хүн юм уу, эсвэл олны танил хүн гарч ирээд олон нийтэд хандаж, хотын захиргаа руу дайрахаар нь шийдвэрээ буцаадаг жулдрай төр байж болохгүй. Энэ бол бидний хамгийн эхэнд эрхэмлэх зүйл. Би үүнийг газар дээр ч хэлдэг, барилга дээр ч хэлдэг. Аж ахуйн нэгжүүддээ бид ингэж хандах юм бол хэн бидэнд итгэх юм бэ? Хэн бидний шийдвэрийг шийдвэр гэж тооцох юм.

Хоёр хүн эсвэл ямар ч хамааралгүй хүн гарч ирээд залуучуудыг цэвэр хохироочихлоо. Энэ лед самбарыг босгосон залуучууд зээл аваад, орчин үеийн зүйл хийчихсэн байна. Ийм лед Монгол улсад байхгүй.

Энэ ледээ драмын театраас нилээн зайтай барьчихсан. Нийтийн эзэмшлийн талбайд хотын захиргаа шийдвэрээ гаргачихаад байхад эдгээр хүмүүс “манай талбай, драмын театрын үүдэнд ийм зүйл байж болохгүй” гэж дураараа аашилсаар байгаад цуцлуулчихсан. Удахгүй зөөгдөх байх, их харамсалтай байна. Тэр залуучуудын нөхөн төлбөрийг драмын театраасаа нэхээсэй гэж хүсэж байгаа.

Шийдвэр гаргаж цуцалсан хүмүүс, ийм жижиг байж болохгүй гэж хэлмээр байгаа юм. Үүнийг би НИТХ дээр ярих болно.

Хоёрдугаарт гэвэл энэ хүмүүс яагаад ледтэй холбоотой маргаан дэгдээв? Энэ уг нь жижигхэн асуудал. Саяхан Юнитэл группийн том объект урд нь тавигдчихсан байхад юу ч ярихгүй л байсан. Мөнгөө авчихсан л байгаа.

Тийм байтал яагаад энэ лед тавьсан залуучуудын ледийг нь ч асаахгүй хохироож байгаа юм бэ. Зуны улирал ингээд дуусаж байна.

Гол зорилго нь энд их багтаамжийн зогсоол барих гэж байгаа юм. Бид 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр иргэдийн хурлын тогтоол гаргасан юм. Энэ дотор гэнэт орж ирсэн энэ байршил байдаг юм. Драмын театрын зүүн урд тал гэж байгаа биз. Тогтоол батлагдчихсан, тогтоолын хэргэжилт явж байна. Одоо сонгон шалгаруулалт явагдана. Сонгон шалгаруулалт явагдаж байж энэ өндөр барилга драмын театрын урд талын зогсоолыг өөрийн болгох гэж байна. Үүний талаар би маш ноцтой мэдээлэл авсан учраас эртхэн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зарлаж байна.

Энэ газарт хоёроос гурван давхар, их багтаамжийн зогсоол хийхээр бол тэр нь ард иргэдэд үйлчилдэг зогсоол байх ёстой. Нэг компанийн хувийн эзэмшил болгох биш энд хүмүүс машинаа тавиад жүжгээ үзээд, хоолонд ороод энэ хавиараа үйлчлүүлж, алхдаг зүйл байх ёстой.

Хэн нэгэн иргэн энд тавих боломжгүй болох гээд байна. Энэ өндөр барилга энд баригдах зогсоолыг эзэмших гээд байгаа юм. Үүний лоббиг нь МУГЖ, АЖ тэргүүтэй, олны танил хүмүүс хийхгээд байгаа шүү гэдгийг олон нийтэд хэлж байна. Хэрвээ энэ зогсоол удахгүй байгуулагдаад, энэ баригдаж байгаа буудал, эсвэл оффисын зогсоол болох юм бол ард иргэд үүнийг нь зөвшөөрч болохгүй.

Би өөрөө нийслэлийн иргэдийн хурал дээр дуу хоолойгоо хүргэж үүний эсрэг байр суурьтай байна гэдгээ илэрхийлж байна. Зогсоол бариулах нь миний сая дурдсан хүмүүст хэрэгтэй учраас л энэ лед самбарыг явуулах гээд байгаа юм. Тэрнээс энэнд дуртай, дургүйдээ биш.

Ухаантай хүмүүс байсан бол энэ ледний хүнтэйгээ тохиролцоод эртхэнээс реклам, сурталчилгаагаа явуулж болох байсан. Хотын өнгө үзэмжтэй ч холбоотой юм байгаа шүү дээ. Тэгэж ажиллаж болох байсан ч энэ хүмүүст тийм сонирхол байхгүй учраас энэ хүмүүс бол батлагаатай.

Саяхан нотолгоогоор, зургаар гэрчлэгдэж байгаа юм. Дотроос нь ч мэдээлэл өгсөн. Драмын театрын засвар үйлчилгээг “Эко констракшн” хийж өгсөн байгаа юм. Үүнийг оршил гэж бодож байна. Дараагийн удаа яах гэж, ямар зорилгоор хйиж өгөх юм. Мэдээж энэ талбайг л ашиглах гэж байгаа. Гэхдээ энэ бол драмын театрын талбай биш гэдгийг даанч ойлгохгүй л яваад байна. Энэ газар бол Улаанбаатар хотын нийт иргэдийн, нийтийн эзэмшлийн талбай юм шүү.

Үүний сонгон шалгаруулалт явагдана. Улаанбаатар хөгжлийн корпорацын дэргэд бид охин компани байгуулсан. Тэр компаниар сонгон шалгаруулалт явагдана. Би төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь учраас өндөр мэдээлэлтэйгээр үүнийг хянан ажиллах болно. Энэ хүмүүсийн далд санаа нь ийм учиртай юм шүү гэдгийг иргэдэд хэлмээр байна. Тун удахгүй тодорхой болно. Бүх зүйл ойлгомжтой, Монгол улсад нууц гэж байхгүй.  


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна