Иргэд: Авсан цалингийнхаа талаас илүү хувийг зөвхөн хоол хүнс авахад зарцуулж байна

Б.Цэндээбуд
3 цаг 51 минутын өмнө

 Үндэсний статисткийн хорооноос 2026 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний хагас жилийн үзүүлэлтэд танилцуулснаар өргөн хэрэглээний бараа энэ зургаа дугаар сарын байдлаар өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 12 хувьд хүрсэн.

ҮСХ-ноос инфиляцын түвшин 12 хувьд хүрэхэд:

Хүнсний бараа ундаа ус 24.8 хувь, согтууруулах ундаа, тамхины үнэ 12.0 хувь, хувцас бөс бараа гуталны үнэ 7 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлш 5.3 хувь, гэр ахуйн бараа, тавилга 8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 7.2 хувь, зочид буудал нийтийн дотуур байрны үйлчилгээ 15.2, боловсролын үйлчилгээ 12.8 хувь, бусад бараа үйлчилгээ 9.1 хувиар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн гэх мэдээллийг хүргэсэн.

Харин хэдхэн хоногийн өмнө Засгийн газар зуун хоногийн ажилаа тайлагнах үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Наадмын дараа махны үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн удаатай.  Энэ талаар бид Банязүрх зах худалдааны төвөөс иргэдийн байр суурийг тодрууллаа.

Үүдээр ороход лангуу болгон дээр төрөл бүрийн хүнс, ахуйн бараа олноор өрөөстэй байх боловч хүмүүсийн хөл хөдөлгөөн ил хуль байлаа. Худалдаачид бараагаа зарахын тулд өнгөр ч явсан хүн бүрээс юу авахыг нь асууж, харин иргэд тойрч явсаар гайгүй үнэтэй газраас цөөн хэдэн зүйлс худалдаж авах нь ажиглагдана.   

Иргэдийн худалдан авалт жилээс жилд буурч, хүмүүс огт их хэмжээгээр худалдан авалт хийхээ больсон талаар худалдаачид хэлж байлаа.

  Махны худалдагч бүсгүй:

 “Одоогоор лангуун дээр ястай үхэрийн мах 30 мянга, цул нь 38 мянга, хонины ястай мах 28 мянгаар худалдаалж байна.  Наадмын дараагаас нэг хоёр хоног өссөн одоо бага зэрэг буурч байна. Өмнө жил бараг 1000 төгрөгний доошоо үнэтэй байсан.

Иргэдийн хувьд ихээр худалдан авна гэж байхгүй. Хэрэгцээ нь болохоор ихдээ 5 10 килограммаар авдаг. Сайн муу махны ялгаа гэж байгаа. Сайн мах нь мэдээж үнэтэй зарагддаг. Харин иргэдийн хувьд хямд мах л чухал болчихсон юм шиг байна лээ. Өмнөх жилүүдийг бодоход мэдээж тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ том худалдааны төвүүд болох зогсоол сайтай емарт гэх мэт газруудаар сүүлийн жилүүдэд ихээр үйлчлүүлэх сонирхолтой болчихсон санагддаг” гэв.

  Ахуйн бараа худалдаалдаг иргэн А:

“Монголд дундаж түвшний иргэдийн тоо буурчихсан санагддаг. Яагаад гэвэл иргэдийн худалдан авалтын сонголтоос харагддаг. Үнэтэй ахуйн араа авдаг хүмүүс улам л багасаад аль болох хямд  мянган төгрөгний барааны саван, гарын саван гэх мэт зүйлсийг илүү худалдаж аваад байдаг болсон. Хаа сайгүй л тийм байгаа.  Арван жилийн өмнө гэхэд л хичээл орох дөххөөр оволздог байлаа. Хоёр, гурван хүн суулгаж байгаад ажиллахгүй бол ачааллаа дийлдгүй байсан. Одоо бол тийм биш.

Барааны өсөлт байнга л явагдаж байдаг. Зургаан сарын сүүлээс бензиний хомсдол үүссэн гэх мэт шалтгаанаар ихэнх газарууд л үнээ нэмсэн. Хамгийн их ичихгүйгээр үнээ нэмдэг газар бол "Таван богд" компань.

Би өөрийнхөө хэмжээнд, МУ-д амьдарч байгаа хүний үүднээс татваараа байнга төлдөг хүн. Зөв бодолтой байх тусам хохино гэж байгаа юм шиг л ханддагдаа манай дээр суугаа хүмүүс” хэмээн нэлээд цухалдангуй хэллээ.


Харин иргэдийн зүгээс махны үнэ буураагүй, харин ч нэмэгдсэн байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэтгэврийн насны иргэн С:

“Аль болох хямдхан газрыг олж үйлчлүүлдэг. Махны үнэ буусан зүйл огт ажиглагдаагүй. Авдаг хэдэн тэтгэвэрийнхаа мөнгөний 700 мянган төгрөгийг хорин килогграм үхрийн мах авахад зарцуулсан. Бусад жижиг ч гэлтгүй бараанууд нэмэгдсэн байна лээ” гэв.   

Гадаадад суралцаж байгаад ирсэн Т.Ариунжаргал:

“Гэртээ хүнс цуглуулаад нэг тор хүнсний ногоо 38 мянган төгрөг, бусад хэрэглээний бүтээгдэхүүн нийлээд 90 орчим мянган төгрөг болсон.

Би Герман улсад 4 жил суралцаж байгаад ирсэн. Дөрвөн жилийн өмнөх үетэй харьцуулахад эрс ялгаатай болчихсон байна лээ. Махны үнэ гэхэд л нэг хонь 450 мянган төгрөг болчихсон. Цалингийн хэмжээ бага мөртлөө Германы өргөн хэрэглээний барааны үнэтэй нэлээд ойролцоо зарагдаж байгаа харагдсан.

Манай өрхийн орлого сардаа гурван сая хавьцаа байдаг. Бараг тал мөнгийг мах, хүнсэндээ зарцуулдаг” талаараа ярилаа.

Инфиляцын үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч, цалингийн хэмжээ нэмэгдэхгүй байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлсээр байгааг дээрх жишээнүүдээс харж болно. Иргэд авсан цалингийнхаа талаас илүү хувийг зөвхөн хоол хүнс авахдаа л зарцуулсаар байгаагаа илэрхийлсэн юм. Харин  Засгийн газар иргэдийн цалинг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, үнийн өсөлтийг барих үүрэгтэй.  Тэдний индэрийн ардаас хэлсэн үгс бодит байдал дээр хэрэгждэг байх ёстой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна