Амьжиргааны судалгааг 283001 өрхөд хийжээ

2017/04/06
Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлд “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2017 оны 01 дүгээр удиралд багтаан гүйцэтгэх”-ээр  заасны дагуу улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох ажлыг 2017 оны гуравдугаар сарын 31-ний өглөөний 09.00 цагт эхлүүлсэн.

Улсын хэмжээнд нийтдээ мэдээлэл цуглуулах ажилд тусгайлсан сургалтаар бэлтгэгдсэн 2800 гаруй судлаач, тоологчийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тамга, гарын үсгээр баталгаажуулсан үнэмлэхтэйгээр өрхөд зочлуулах зохион байгуулалтыг хийж байна. Улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах ажил бүх аймаг, дүүргүүдэд эхэлж мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 06-ны  өглөөний 09.00 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 49.1  хувьд  буюу 283,001 өрхөд хүрч ажилласан байна.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажилд дэмжлэг үзүүлэх, уг ажлыг чанартай зохион байгуулах үндсэн шаардлагын дагуу аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газруудад Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хэсгүүд байгуулагдан уг ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хэмжээнд 7900 гэрээт ажилтан болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцон ажиллаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт 600.000  өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд тоологч өглөөний 08.30-аас орой 22.00 цаг хүртэл өрхөөр зочлох бөгөөд энэ өдрүүдэд гэртээ ярилцлага өгөх боломжтой, насанд хүрсэн гишүүнийг байлгаж, мэдээлэл цуглуулалтад хамрагдана. Бэлтгэгдсэн тоологч, судлаач өрхөд зочлох үед тухайн өрхөд аж төрж байгаа үндсэн гишүүдийн албан ёсны баримт  бичигт үндэслэн бүртгэж тухайн өрхийн насанд хүрсэн гишүүн ярилцлага өгсөн маягтад гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлоход ашиглах үнэн бодит мэдээллийг цуглуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Өрх, иргэний хувьд судалгаанд хамрагдах боломжтой эсэхээ сум, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандан өрхийн жагсаалтаас шалгуулж, хэрвээ тухайн өрх судалгаанд хамруулахаар бэлтгэсэн өрхийн жагсаалтад ороогүй байх нөхцөлд хүсэлтээ гарган судалгаанд хамрагдах боломж нь нээлттэй. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс мэдээлэл цуглуулах хугацаа энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 18.00 цагт дуусах юм байна.

Эх сурвалж: ХНХЯам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна