"Н.Алтанхуягийг "намнах" төлөвлөгөө II"

Х.Батсайхан
2 цаг 3 минутын өмнө

-Ерөнхийлөгчийн сонгууль дахиад “60 чавганцын уралдаан” болох уу-

Монгол Улс Ерөнхийлөгчөө төрийн тэргүүн, улс үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж Үндсэн хуульдаа заасан. Энэ утгаараа хамгийн нэр хүндтэй, ард түмний хүндэтгэлийг хүлээж, сор нь болсон улстөрч, зүтгэлтнүүд өрсөлдөж, олонхын дэмжлэг авсан нь ялалт байгуулах учиртай.

Гэтэл энэ чухал сонгууль дахиад “60 чавганцын уралдаан болох нь уу” гэсэн болгоомжлол төрөх боллоо.

 “Дахин” гэхийн учир нь, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Парламентад суудалтай намуудаас МАН-ын У.Хүрэлсүхийг эс тооцвол жинхэнэ лидер өрсөлдөөгүй. Ардчилсан намаас нэр дэвшиж ялах хамгийн өндөр магадлалтай Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр, Н.Алтанхуяг хуулийн байгууллагад шалгагдсаны улмаас нэр дэвшиж чадаагүй. Улмаар Дээд шүүхээс “Хүчин төгөлдөр тамгатай” гэж шийдсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өрсөлдсөн. Сонгууль хүч тэнцвэргүй өрсөлдөөн буюу “60 чавганцын уралдаан” болж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялсан байдаг.

Тэгвэл зургаан жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ түүх давтагдах нь уу гэсэн мэдрэмж төрөх боллоо. Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад нэр дэвшихээ зарласан хоёр ч хүн хуулийн байгууллагын хаалга татлаа. Хоёр хүн л амбийцаа зарласан, хоёулаа улирсан баларсан үг яриа, үйлдлээрээ хууль шүүхийн хаалга татсан гэхээр, үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан сортоотой хүмүүсийг хэргээр “агнаж” байна уу гэж хардаж болохуйц үйл явц өрнөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх амбийцаа илэрхийлсэн С.Ганбаатар гишүүнийг хуулийн байгууллага хараандаа авч, олон жилийн өмнөх үйл ажиллагааг нь шалгасан. Дараа нь Х.Тэмүүжин дээр адил зүйл болсон. Х.Тэмүүжин гишүүн АН-ын даргын сонгуулийн үеэр "Ерөнхийлөгчийн сонгууль захиалгатайгаар явагдсан шүү дээ. Энэ эрсдэл давтагдах вий гэсэн болгоомжлол байгаа" гэж хэлсэн байдаг.

Дараагийнх нь философич С.Молор-Эрдэнийг ИЗНН-аас нэр дэвшихээ зарлангуут нь жилийн өмнө олон нийтэд нээлттэй цацагдсан ярилцлагынх нь агуулгыг сөхөж, 12 хүртэлх жилийн ялтай зүйл ангиар эрүү үүсгэлээ. Улмаар 30 хоног хорих шийдвэр гаргаж, хорьж байгаад олон нийтэд хандан захидал бичсэнийх нь дараа л сулласан. 

Сүүлийнх нь, Н.Алтанхуяг. Жилийн өмнө Ардчилсан намын гишүүн Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж зарласны дараа нэр бүхий дөрвөн прокурор эсэргүүцэл бичин гурван шатны шүүхээр буруугүй нь тогтоогдсон хэргийг нь сэргээсэн. 

Тодруулбал,  Н.Алтанхуягийн цагаадсан шийдвэрийг прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар давж заалдах шатны шүүх Н.Алтанхуягийн цагаадсан шийдвэрийг хүчингүй болгоод байсан юм. Н.Алтанхуягтай хамт хэрэгт холбогдсон хүмүүс Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч "Гомдол үндэслэлгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хэлэлцэхгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. 

Ингэснээр хэргийг нь Анхан шатны шүүхээс шалгаж эхлэхээр болж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх дээр нь том нээнтэг үүсэж байна. Тодруулбал, Анхан, давах, хяналтын шатны шүүхээр хэрэг нь хэлэлцэгдэж дуустал тодорхой хугацаа авах бөгөөд өмнөх жишгээр тооцвол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ясан ч амжихгүй. Гэвч, нам доторх сунгаандаа ялж гэмээ нь маш хурдан шийдвэр нь гарч, нэр дэвших эрхгүй болох ч магадлал бий.   

Н.Алтанхуяг бол нэр хүндтэй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж гэмээ нь ялах магадлал өнлөртэй улстөрч, судалгааны дүнгүүд үүнийг харуулж байгаа. Гэвч, Улсын Дээд шүүх гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн нь эцсийн дүндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх нөлөөтэй болж магадгүй байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна