УИХ-ын нэгдсэн чуулган 73 гишүүний ирцтэйгээр Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж түр завсарлаад байна. Чуулганы хуралдаан үдээс хойш 15 цагт үргэлжилэн хуралдана.
Үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “ Энэ удаагийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг би зөвхөн нам хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол үндэстний оршин тогтнохтой холбоотой асуудал болж тавигдаж байна гэж харж байна. Ер нь энэ парламент дотор, ордон дотор намууд Монголыг удирдаж байна гэж би одоо бодохоо больсон. Намуудыг бүлэглэлүүд удирддаг болсон. Олон банктай бүлэглэл, Эрдэнэтийг дээрэмдэж авсан бүлэглэл, Хөтөл Багануурыг дээрэмдэж авсан бүлэглэл, санхүүгийн мөлжлөг хийдэг бүлэглэл биднийг удирддаг болоод удаж байгаа.
Одоо нам ийм шийдвэр гаргасан, манай бүлэг ийм шийдвэр гаргасан гэж үнэн худлаа ярихаа больё. Би бол бүлэглэлийн гишүүн биш. Би бүлгийн гишүүн. Тийм учраас бүлгээ төлөөлж үгээ хэлж байгаа юм. АН-ын гишүүн бол шударга ёсны талд зогсох ёстой. АН-ын гишүүн бол ард түмнийхээ талд зогсох ёстой. АН-ын гишүүн бол бүлэглэлийн эсрэг МАНАН-гийн эсрэг зогсох ёстой гэж би боддог. Ийм учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ хийнэ гэдэг үг надад их таалагдаж байгаа юм. Монголын төрийн идээ бээрийг шахна гэж та зоригтой хэлж чадаад байгаа юм. Энэ надад их таалагдаж байгаа. Энэ утгаар чинь би танай Засгийн газрыг дэмжих талдаа байгаа гэдгээ хэлье.
Ер нь энэ шуналын туламнуудын байгуулсан шударга бусын хонгилыг нураах цаг бол үнэхээр болсон. МАНАНЖСАН, МАФИЦСАН улстөрийн тогтолцоог устгах цаг болсон. Эдийн засгийн утгаараа бол монополжсон, мөлжлөгийн санхүүгийн тогтолцоог устгах цаг болсон. Энийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хийж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Ард түмэн шударга ёс, хуульт ёсыг л хүсч байнаа. Хулгайч нараас Монголын төрийг чөлөөлж өгөөч гэж хүсч байна. Би АН-ын , сөрөг хүчний хувьд таны Засгийн газрыг түлхэн унагамаар байна. Намын сонирхлоор нь түлхэн унагамаар байна. Гэхдээ таны эхлүүлсэн шударга ёсыг бол дэмжинэ гэдгээ шуудхан хэлье. Хууль хяналтын байгууллагуудыг хулгайч,луйварчин,мафын гараас чөлөөлж өгөөчээ гэж би таниас хүсмээр байна. Үнэхээр шүүх ажиллахаа больсон. Прокурор ажиллахаа болилоо. АТГ ажлаа хийж чадахаа болилоо. Зөвхөн улстөрийн захиалга биелүүлдэг боллоо. Энийг өөрчлөхийн тулд монголчууд босч байгаа юма. Гурван сая МОНГОЛ таныг дэмжиж байгаа гэдэгт би итгэлтэй байна. 30 гэр бүл таны эсрэг байгаа гэдгийг би бас мэдэж байна. Өнөөдөр 3 сая Монгол ялах нуу 3 гэр бүл ялах уу гэдгийг харъя. Бүлэг ялах уу? Бүлэглэлийнхэн ялах уу гэдгийг харъя гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна