Б.Жаргалан: Ардчилсан намын шийдвэр хэвээрээ байгаа

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан намын бүлгийн шийдвэрийг зөрчиж, УИХ-ын чуулганы танхимд орж, ирцэнд орсон гэх таван гишүүн намын дүрмийг зөрчсөн гэсэн үг үү?

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс тодорхой шийдвэр гарсан. Үүгээрээ бүлэгт тодорхой чиглэлүүдийг өгсөн. 

Үүнд 

Нэгдүгээрт, итгэл үзүүлэх эсэх асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал өөрөө оруулж ирэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт, Хууль зүйн сайд С.Амарсайхан хэрэг төвөгт холбогдсон учраас огцруул гэсэн тодорхой зүйл заалт бүхий шаардлагыг улс төрийн зөвлөлөөс гаргаж, үүний дагуу Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногоос эхлээд энэхүү шаардлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

Намын нэгдсэн шийдвэрийг зөрчиж байгаа гишүүдэд тодорхой хариуцлагыг тухай бүрт нь хүлээлгээд явна байх. Даргын дэргэдэх зөвлөлд өнөөдрийн чуулганы тов, дараалалд өөрчлөлт оруулсан байна.

Зөвхөн Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдааны тов дараалалд оруулсан. Энэ асуудалтай холбоотой бүлэг яаралтайгаар хуралдах нөхцөл байдал үүсч болзошгүй байна.

-Г.Тэмүүлэн сайдыг танилцуулах хуралд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцоно гэсэн үг үү?

-Бид хуралдаад тодорхой шийдвэрүүдийг хамтын байдлаар гаргах ёстой гэж харж байна. Яагаад гэвэл сая хэлсэнчлэн хоёр тодрхой шаардлагыг тавьсан байгаа. 

Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг 10 их наядаар тэлсэн төсөв болон, төсвийн тодотгол гэх асуудлуудтай холбоотойгоор урьдчилаад өөрөө итгэл үзүүлэх үгүйгээ оруулж ир гэсэн шаардлагыг тавьсан. 

Шаардлага хэвээрээ байгаа. Энэ чиглэлд Ардчилсан нам шаардлагаа шахаж ажиллана. Хууль зүйн сайдын асуудлыг шийдэгдсэн гэж бодож байна.

-Тухайн таван гишүүнд хариуцлага тооцно гэсэн үг үү?

-Ардчилсан намын дүрэмд тодорхой хариуцлагын заалтууд байгаа. Хяналтын ерөнхий хороо хариуцлага хүлээлгэх гол субъект байгаа. Тухайн намын дүрмийн хүрээн дэх асуудлуудаар шийдэж явна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна